Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тунгалаг: Махны экспорт зогссон тухай албан ёсны мэдээлэл байхгүй. Өвчтэй малын махыг хүнсэнд хэрэглэдэггүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Урд хөршид малын мах экспортлох ажил зогссон тухай мэдээлэл гараад буй. Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Д.Тунгалаг мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Малын халдварт өвчин гараад махны экспорт зогссон тухай Засгийн газар болон хөрш орнуудын байгууллагуудын албан ёсны асуудал яригдаагүй.

Хонины цэцэг өвчний гаралт Дорнод аймгийн Хөлөнбуйр, Гурванзагал, Хэнтий аймгийн Хэрлэн, Галшир, Батноров, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд бүртгэгдсэн. Одоогийн байдлаар эдгээр сумдад хорио цээрийн арга хэмжээ авч, голомтын сэжигтэй бүсийг тогтоогоод вакцинжуулалт хийж байгаа.

Малын өвчний мэдээллийг Мал Эмнэлгийн Ерөнхий Газар/МЭЕГ/ хүлээсэн үүргийнхээ дагуу дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. 

Махны экспорт зогссон тухай албан ёсны мэдээлэл байхгүй, өвчний нөхцөл байдлын хувьд ийм байна. Малын шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар болон малын өвчинтэй тэмцэх чиглэлийг малчид болон мал бүхий иргэдэд, орон нутаг руу явуулсан.

Монгол хүн өвчтэй малын мах иднэ гэсэн ойлголт байхгүй. Учир нь өвчтэй малын махыг хүнсэнд хэрэглэдэггүй. Олон улсад ч хүнсэнд хэрэглэхийг хориглодог. 

Үхрийн арьс товруутах, хонины цэцэг өвчин малын ашиг шимийг бууруулдаг, түүхий эдийг нь ашиглах боломжгүй. Мал эмнэлгийн байгууллага малыг эрүүл гэж баталгаажуулдаг. Хэрэв энэ байгууллагад хандаагүй, малаа өвчилснийг мэдээгүй явж буй бол малчин болон мал бүхий иргэд үүргээ биелүүлээгүй бол зөрчлийн гэмт хэрэг хэрэг гэж үздэг" хэмээн тайлбарлалаа.

МЭЕГ-аас мэдээлснээр үхрийн арьс товруутах өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин. Энэхүү өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нэлээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй өвчин.

Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг байна.

Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүснэ.

Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтыг өвчний гол дамжуулагч ялаа шумуулын нислэгийн идэвхжилт ихсэхээс өмнө эрсдэл бүхий Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын нийт 1.1 сая үхэр сүргийг хамруулахаар төлөвлөж, дархлаажуулалтыг 2022 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс 20 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.

Дархлаажуулалтад Аймгийн засаг даргын тамгийн газар, онцгой комисс, мал эмнэлгийн газар, сумын засаг даргын тамгийн газар, мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, малчид, мал бүхий иргэд хамтран гүйцэтгэж байгаа аж.