Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дайны айдас нь арилаагүй Окинава арлын оршин суугчид Японы бүрэлдэхүүнд орсныхоо 50 жилийн ойг тэмдэглэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида, Окинава арлын захирагч Дэнни Тамаки нар

Окинава бүлэг арлын оршин суугчид Япон улсын бүрэлдэхүүнд шилжсэнийхээ 50 жилийн ойг Ням гарагт тэмдэглэн өнгөрүүлжээ.

Японы үндсэн арлуудаас баруун өмнө зүгт оршдог Окинава нь Токиогоос илүү Тайвань аралд ойрхон оршдог.

Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлд Америк, Японы зэвсэгт хүчин энд ширүүн тулаан явуулсны улмаас арлын хүн амын гуравны нэг нь амь үрэгдэж байжээ.

Дараа нь Окинавагийн арлууд АНУ-ын засаг захиргааны дор бараг 30 жил оршсон юм. 1972 оны тавдугаар сарын 15-нд АНУ арлуудыг Японд шилжүүлэн өгч байжээ.

Өнөөдөр Япон дахь АНУ-ын цэргийн баазуудын ихэнх хэсэг Окинавад байрладаг. Сүүлийн жилүүдэд Хятад улсын хүчин чадал нэмэгдэж, бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэл өсөж байгаа. Тиймээс Окинавачуудын хувьд шинэ дайны хөлд нэрвэгдэх вий гэсэн айдас нэмэгдсээр байна. Ялангуяа Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа энэ айдас улам нэмэгдсэн юм.

Арлын оршин суугчид АНУ-ын цэргийн баазуудыг нүүлгэхийг олон жилийн турш шаардаж байгаа. Гуравдугаар сард NHK сувгаас явуулсан судалгаагаар Окинавачуудын 56 хувь нь АНУ-ын цэргийн баазууд байрлахыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Харин Японы бусад хэсгийн оршин суугчдын хувьд ийм эсэргүүцэл харьцангуй бага байгаа.

Үндэсний аюулгүй байдлаа бататгахын тулд Японы засгийн газар батлан хамгаалах зардлаа жилээс жилд өсгөж байна. Засгийн газрын төлөвлөгөөний хүрээнд Окинавад пуужингийн систем байрлуулах төлөвтэй байгаа.

Окинавагийн захирагч Дэнни Тамаки арлууд дээрх АНУ-ын цэргийн баазуудын тоог цөөрүүлэх, зарим хэсгийг Гуам арал руу нүүлгэх зорилготой ажиллаж байгаа ч ахиц дэвшил удаан байна.

Окинава арлууд Японы бүрэлдэхүүнд шилжсэний 50 жилийн ойн арга хэмжээнд тус улсын ерөнхий сайд Фүмио Кишида биеэр оролцож, эзэн хаан Нарухито видео мэндчилгээ хүргэжээ.

 

Эх сурвалж: CNN