Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Пүрэвдорж: ДДЭШ-ийн хэрэглэгчид мод тарьж ургуулаад урамшуулал авна

ikon.mn
2022 оны 5 сарын 16
Сурталчилгаа

Мод тарихаас илүүтэй арчилж, ургуулах нь чухал байдаг. Мод ургуулах нь байгаль орчин болоод бидний ирээдүйд асар их ач холбогдолтой. Энэ л ач холбогдлыг хүмүүст ойлгуулах үүднээс өөрсдийн хувь нэмрээ оруулахаар ДДЭШ компани нэгэн уриалга аяныг эхлүүлсэн байна. Хашаандаа мод тарьж ургуулсан хэрэглэгчдээ урамшуулах “Тарья, Ургуулъя, Урамшуулъя” уриалга аяныг бид онцолж компанийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

ДДЭШ компанийн Бизнес хөгжил, борлуулалт хариуцсан дэд захирал Ц. Пүрэвдорж.

- Мод тарихаас илүү ургуулах нь илүү чухал болоод байна. Таны хувьд энэ тал дээр бодлоо хуваалцаач?

Модны ач тусыг би хэлсэн хэлээгүй хүмүүс маш сайн мэднэ. Намайг бага байхад хамт олон, байраараа гээд мод тарьдаг байсан. Нийгэм солигдоод мод тарьдаг уламжлал жаахан тасалдсан. Бүр ой модоо тайрч, зарж борлуулж Тужийн нарс устах шахсан харамсалтай жилүүд ч байсан. Харин сүүлийн жилүүдэд эх дэлхийгээ хайрлах, мод тарьж ургуулах санал санаачилга эргэн сэргэж айл өрх, албан байгууллагууд хамт олноороо ажил хэрэг болгож нэгнээ дэмжиж оролцдог болж цар хүрээ нь улам тэлж байгаад баяртай байна.

- Яагаад “Тарья, Ургуулъя, Урамшуулъя” аяныг эхлүүлэх болсон бэ?

ДДЭШ-ийн үйлчилгээ зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй монгол орны өнцөг булан бүрд 21 аймаг, 330 сум сууринд хүрдэг. ДДЭШ-н хэрэглэгчдийн нэг онцлог нь дийлэнх хувь нь хашаа, зуслан болон өөрийн гэрийнхээ ойр орчимд газартай, мод тарьж ургуулах боломжтой. Тиймээс хэрэглэгчдээ “мод тарьж ургуулаач ээ бид урамшуулъя” гэсэн уриалгыг эхлүүлж байгаа юмаа. Хүн зүгээр модтой газар очиж амьдрах биш хашаа байшингаа тойруулж, хүрз, жоотуугаа барьж өөрсдөө модоо тариад гоё модон дунд ДДЭШ-ээ үзээд амьдардаг байгаасай гэж гэсэн гоё мөрөөдөл ч бидэнд бий. Энэ ч утгаараа Аяныхаа лого дизайнд ч бид энэхүү агуулгаа шингээхийг хичээж урласан.

зураг
 

Миний хувьд мод тарих ажилд нэлээн идэвхтэй оролцож найз нөхөд, хамт олон, хөршүүдээ уриалж зохион байгуулсаар ирсэн. Эндээс нэг зүйлийг ойлгосон нь модыг эхний 1-2 жил нь сайн арчилж чадвал цаашдаа өөрөө байгальдаа дасаад ургачихдаг. Үгүй бол хатаж, хагдраад үхдэг. 2010 оны үед найзуудтайгаа зөвлөөд ер нь эзэнтэй арчилгаатай, усалгаа бага шаардах газар тарьж байя гээд найзуудынхаа зусланд жил бүр ээлжилж тарьсан. Маш сайн үр дүнтэй, мод тариулсан айл маань ч хариуцлагатай арчлаад ургасан зургаа явуулаад их зүгээр юм байна лээ. Мөн ажлын болон Монголын Ланд Круйзер клубын хамт олонтойгоо хавар намарт Минж үржүүлгийн газар болон Туул голын ай сав газарт жил бүр, сүүлдээ жилдээ 2 удаа тарьдаг болсон. Бараг 90%-тай ургаад байгаа болохоор аль болох олон хүнийг уриалж ирээдүйгээ гэрэлтүүлж, ногоон байгаасай гэж бодож явсаар энэ аяныг эхлүүлж байна.

- Аяны онцлог юу вэ? Хүн бүр оролцох боломжтой юм байна, тийм үү?

Хавар болохоор маш олон хүмүүс мод тарьж байгаа зургаа оруулдаг гэхдээ эргэж тойрч, усалж арчлахгүй бол тэдгээр модыг зүгээр борцлоод байна гэж би хувьдаа боддог. Харин гэрийнхээ хажууд таривал байнга арчилж, ургуулах боломжтой. Ингэснээрээ шороо тоос багасна, утааны эсрэг хүчил төрөгч ялгаруулна гээд ач холбогдол ихтэй. Ийм учраас бид айлуудыг хажуудаа мод тариад, арчилж ургуулаач ээ л гэж байгаа юм. Мөн мэргэжлийн туршлагатай хүмүүстэй хамтарч хэрхэн мод тарьж, ургуулах заавар зөвлөгөөг бэлтгэж ДДЭШ-ийн кино сан болон ДДЭШ-ээр гардаг Орон нутгийн болон бусад телевизийн сувгууд, интернэт сошиал орчны сувгуудаараа ч мөн адил хүргэхээр зорьж байгаа юм.

зураг
 

Мөн гэр бүлээрээ мод тарьж хүүхдүүддээ сайхан дурсамж үлдээх нь бидний өгч буй урамшууллаас ч илүү үнэ цэнийг тухайн гэр бүлд үлдээнэ. Миний хувьд санаанаас гардаггүй нэг зүйл намайг сургуульд ороогүй байхад өвөө маань дөчин мянгатад жижигхэн улиас тариад бид нар хувинтай ус зөөж усалдаг байлаа. Харин намайг тэндээс нүүхэд надаас өндөр болсон байсан. Саяхан хуучин байрныхаа хажуугаар алхаж явахад 4 давхар байшин шиг өндөр болсон байна лээ. Тэр модтой цуг миний хүүхэд нас, өвөө эмээ хоёрын маань тухай дурсамж цуг ургаж байдаг шиг санагдсан.

зураг
 

- Мод тарьж ургуулсан хэрэглэгч бүрдээ урамшуулах өгөх үү? Ямар урамшуулал өгөх вэ?

Хэрэглэгч бүрдээ өгнө. Бид “Тарья, Ургуулъя, Урамшуулъя” нэртэй фэйсбүүк групп нээж байгаа. Тэнд хэрэглэгчид маань нэгдээд мэдээ мэдээлэл авч, туршлага солилцох мөн мод тарьсан зургаа авч оруулаад, намар ургасан зургийг нь явуулахад л болно. Бид мод нь ургасан зургаа явуулсан айл бүрийг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ урамшуулна. Ташрамд хэлэхэд бидэнтэй холбоотой ажилладаг болон танил уран бүтээлч найзууд маань уг арга хөтөлбөрийг сонсоод дэмжиж оролцохоо илэрхийлж өөрийн кино, тоглолт зэргийг урамшуулалд өгөх санаачилга гаргаж байна. Иймд бид нар урамшуулах дүрмээ дахиж хөгжүүлэхээр ярилцаж байна. Мэдээж урамшууллын төрөл хэмжээ нэмэгдэнэ гэхээс багасахгүй. Гэхдээ хэрэглэгч айл өрхүүд маань бэлэг урамшуулалд гэхээс илүү өөрийн амьдрах орчныг ногоон болгож, гэр бүлдээ үнэ цэнтэй дурсамж үлдээж байна гэдэг үүднээс илүү ач холбогдол өгч оролцох байх гэдэгт итгэж байна.

зураг
 

- Баярлалаа, сайхан уриалга эхлүүлж байгаа юм байна. “Тарья, Ургуулъя, Урамшуулъя” аянд хэрэглэгчдээ, хүмүүсийг уриалаад ярилцлагаа өндөрлөе.

Бид энэ аянаа нэг жил зарлаад зогсоохгүй цаашдаа үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Учир нь мод тарьж, ургуулах ажил нь урт хугацааны туршид тууштай байснаар үр дүнгээ өгдөг ажил. Ирэх жилүүдэд илүү үр дүнтэй, олон ногоон модтой хашаатай, модны зурагтай эргээд уулзана гэж бодож байна. Мөн бидний энэ санаачилгыг олон хүнд түгээж байгаа та бүхэнд баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.