Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхнасан: Отрын нөөц нутгийг шинээр бий болгосноор үр шимийг нь малчин л хүртдэг

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны/ХХААХҮЯ/ бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхнасантай бэлчээр, отрын нөөц нутгийн талаар ярилцаж, цөөн асуултад хариулт авлаа.

-Мал аж ахуйн үйлдвэрлэлд бэлчээр, түүний ашиглалт, менежмент, отор нүүдэл чухал байдаг юм байна. Төрөөс, салбар яамнаас отрын нөөц нутаг байгуулах чиглэлээр ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ?

-Мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс, суурь нь бэлчээр байдаг. Монгол Улсын нийт газар нутгийн 73 орчим хувийг бэлчээр дангаараа эзэлж байна. Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас баримталж байгаа гол бодлогуудын нэг нь бэлчээрийг зүй зохистой ашиглах, ачааллыг бууруулах, нөхөн сэргээх юм. Үүнээс гадна улсын болон орон нутгийн чанартай отрын бүс нутгуудыг байгуулах, тэдгээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, тохижилт үйлчилгээ хийх ажлыг зарим бодлогын баримт бичгүүдэд тусгасан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутаг”-ийг бий болгох зорилтыг дэвшүүлсэн.

Улсын хэмжээнд тусгай хэрэгцээний буюу аймаг дундын 9 отрын бүс нутаг байдаг. Нийт 738 мянган га талбайг “улсын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг” болгосон. Энэ бүс нутагт жил бүр нэг сая орчим толгой малыг өвөлжүүлж, хаваржуулдаг.

Тусгай хэрэгцээний отрын нутгуудыг байгуулснаар өвлийг өнтэй, хаврыг эрсдэл багатай давах, бэлчээрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, отор нүүдэл хийж байгаа малчдын ая тухыг хангах зэрэг олон давуу талтай. Тийм учраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээ зэрэг бичиг баримтаар дамжуулан “тусгай хэрэгцээний отрын нөөц нутаг” байгуулахыг уриалан ажиллаж байна.

-Тухайлбал, нэг аймаг хэдий хэмжээний газар нутгийг отрын нөөц нутаг болгох зөвлөмж өгч байгаа вэ?

-2010 онд УИХ-ын тогтоолоор батлагдан хэрэгжиж эхлээд 2021 онд дууссан “Монгол мал” үндэсний хөтөлбөрт “Монгол Улсын нийт бэлчээрийн 10 хувийг отрын нөөц нутаг болгох” зорилт дэвшүүлж, хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрт тусгасны дагуу аймгууд бэлчээрийн талбайнхаа 10-аас доошгүй хувийг отрын нөөц болгох зорилготой ажиллаж байна. Гэхдээ хэрэгжилт аймаг бүрд харилцан адилгүй байгаа юм.

Хэдийгээр “Монгол мал” хөтөлбөр дууссан ч гэсэн энэ ажлыг олон улсын байгууллага, орон нутаг, төрийн захиргааны төв байгууллагын харилцан ашигтай, хамтын ажиллагаанд тулгуурлаж илүү үр дүнтэй, өргөн хүрээтэйгээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 -Отрын нөөц нутгийг шинээр бий болгоход ямар хүчин зүйлсийг харгалзан үздэг вэ?

-“Орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутаг”-ийг дотор нь хоёр янзаар томьёолдог. Эхнийх нь зөвхөн тухайн сум дотроо ашиглах зориулалттай “сумын отрын бүс нутаг”. Тухайн сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал бие дааж шийдвэрлэх боломжтой. Удаах нь хоёр буюу түүнээс дээш сумдын газар нутгийг хамарсан, тэдгээр газар нутаг нь орж байгаа сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтарч шийдвэр гаргадаг, ашиглалт хамгаалалтыг нь хамтарч хариуцдаг “сум дундын отрын бүс нутаг”. Үндсэндээ орон нутгийн тусгай хэрэгцээний бэлчээрээ хоёр хуваачхаж байна гэсэн үг.

“Орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутаг”-ийг бий болгоход олон хүчин зүйлийг харгалзан үздэг. Нэгдүгээрт тухайн орон нутагт отрын нөөц бүс байгуулах хэрэгцээ шаардлага бий юу, хоёрдугаарт отрын бүс нутгийг аль улиралд ашиглах, гуравт отрын бүс нутгийг байгуулснаар нутгийн малчдад ямар нөлөө үзүүлэх вэ, дөрөвт малчид отрын нөөц нутаг байгуулах чиглэлээр хүсэл зорилго, идэвх  санаачилгатай байна уу гэдгийг харгалздаг. Өвөлжөө, хаваржаа олноор барьсан газар нутгийг отрын нөөц болгон тогтоож болохгүй.

Тухайн малчныхаа бэлчээр ашиглах эрхийн асуудлыг хөндөнө. Зуслан, намаржаанд ашиглаж байгаа бэлчээрийг шууд отрын нөөц нутаг болгоод хуваачхаж болохгүй. Тиймээс отрын нөөц нутгийг ихэнхдээ өвөл хаврын улиралд ашиглаж байгаа учраас энэ улирлуудад ашиглахад тохиромжтой газрыг сонгож байгаа. Ихэнхдээ алслагдсан эсвэл усны хүрэлцээ хангамж муу, дутагдалтай, цасны усаар ундаалдаг газруудад орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутаг байгуулаад явж байна.

 -Отрын нөөц нутгийг ашиглахтай холбоотой ямар асуудал тулгамдаж байна. Үүнийг ямар байдлаар зохицуулдаг вэ?

-Бэлчээрийн ашиглалт, хамгаалалт Газрын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд бэлчээрийн газар ашиглалт, 53 дугаар зүйлд хадлангийн газар ашиглалттай холбоотой зохицуулалт л байгаа. Өгөгдсөн энэ эрх зүйн зохицуулалтын хүрээнд, бэлчээр ашиглаж байсан уламжлалд тулгуурлан “зун, намар, хавар, өвлийн бэлчээр”, “отрын нөөц нутаг” гэсэн зохицуулалттайгаар хуваарилж ашиглах эрх, үүрэг нь тухайн сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байдаг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ямар учраас бэлчээр рүү ордог вэ гэхээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар манай сайдын эрхлэх асуудлын хүрээнд “бэлчээрийн ашиглалт хамгаалалт” гэдэг үг байдаг. Ийм учраас төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн захиргааны байгууллага хамтарч бэлчээр ашиглалтын асуудлыг зохицуулж байна гэсэн үг.

Бид салбарыг нэгдсэн удирдлагаар хангах үүргийнхээ хүрээнд “орон нутгийн тусгай хэрэгцээний бэлчээр”-ийг ашиглах, хамгаалах журмын үлгэрчилсэн загварыг олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран боловсруулж хэлэлцүүлээд, түүнийгээ отрын нөөц нутаг байгуулсан сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд зөвлөмж байдлаар хүргүүлсэн. Үүнийг сумдын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал батлаад орон нутагтаа мөрдүүлэхийг л бид хүсэж байгаа. Энэ чиглэлээр арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байна.

 -Орон нутагт отрын нөөц нутгийг шинээр байгуулж, ашиглахад малчдын оролцоо, ойлголт чухал. Малчид юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Отрын нөөц нутгийг шинээр бий болгосноор үр шимийг нь хэн хүртэх вэ гэдэг асуудал байгаа. Тухайн сумын Засаг даргын тамгын газар эсвэл ажилчид үр шимийг хүртэхгүй. Отрын нөөц нутаг бол ерөөсөө л малчны ая тухтай өвөлжиж, хаваржих, мал сүргээ онд мэнд оруулахад л зориулагддаг. Тиймээс үр шимийг нь малчин л хүртдэг онцлогтой зүйл.

Тэгэхээр улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа худаг, уст цэгийн барилга байгууламжийг бид нэн тэргүүнд шинээр байгуулагдсан орон нутгийн тусгай хэрэгцээний газрууд руугаа чиглүүлдэг.

Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг ч мөн адил. Мэдээж нийтээр ашиглаж байгаа бэлчээрт хөрөнгө оруулалт хийнэ л дээ. Гэхдээ хөрөнгө оруулалтыг шинээр байгуулагдсан тусгай хэрэгцээний газрууд руу түлхүү чиглүүлж байж бид тухайн нутагт байгаа эсвэл нэг сум алгасаад нөгөө суманд очиж өвөлжиж, хаваржиж байгаа малчдын ая тухтай байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна нийгмийн чанартай нэг чухал зүйл байна.

Отрын бүс нутгийг баталгаажуулснаар тэр бүс нутагт аль сумаас, хэдэн тооны малтай, хэн гэдэг малчин ирж өвөлжиж, хаваржиж байгаа тухай мэдээлэл албан ёсоор бүрдэнэ. Ингэснээр отроор өвөлжиж, хаваржиж байгаа малчин өрхөд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болно. Тэгэхээр бид отрын нөөц нутаг байгуулж байгаагийн дам буюу шууд бус ач холбогдол нь отроор явж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд чиглэгдэж байгаа гэж ойлгож болно.