Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезын ерөнхийлөгч хөрөнгө оруулалт татах зорилгоор Илон Масктай уулзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын Техас мужид тэрбумтан Илон Масктай уулзжээ.

Видодо улс орондоо шинэ хөрөнгө оруулалт татах асуудлаар Масктай ярилцсан тухай Индонезын албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Индонез улсын засгийн газар өөрийн улсын никелийн нөөц дээр тулгуурлан цахилгаан автомашины батарейн үйлдвэр байгуулах асуудлаар Тесла компанийн гүйцэтгэх захиралтай хэд хэдэн уулзалт зохион байгуулаад байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Тесла компанийн төлөөлөгчид Индонез улсад зочилсон юм. Ерөнхийлөгч Жоко Видодо саяхан Вашингтон хотод АСЕАН-ы гишүүн орнуудын уулзалтад оролцсон ба буцах замдаа ийнхүү Техаст саатжээ.

Тэрбээр энэ оны арваннэгдүгээр сард Илон Маскийг эх орондоо зочлохыг урьсан байна.

Арваннэгдүгээр сард Индонез улс Бали аралд Их 20-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм.

“Индонез улсад маш их боломж байгаа тул олон салбарт хамтран ажиллах ирээдүйтэй” гэж Маск хэлсэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Индонез бол дэлхийн хамгийн том никелийн нөөцтэй улс юм.

Цахилгаан автомашины батарейн дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч Өмнөд Солонгосын LG Energy Solution Ltd компанийн тэргүүлсэн консорциум өнгөрсөн сард $9 тэрбумыг Индонезын зах зээлд оруулах шийдвэрээ зарлаж байв. LG-ийн гол өрсөлдөгч, дэлхийн номер нэг үйлдвэрлэгч болох Хятадын Contemporary Amperex Technology мөн $9 тэрбумын хөрөнгийг Индонезын зах зээлд оруулахаар болсон юм. Тус компани Теслагийн батарейг нийлүүлдэг.

Жоко Видодо бас SpaceX компанийн сансрын буудлыг Индонезын нутагт байгуулах саналыг тавьж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters