Уншиж байна ...

Монгол яруу найргийн түүврүүд франц хэлнээ хэвлэгдэн гарлаа

Б.Дэлгэр, iKon.mn
Өчигдөр 11 цаг 06 минут
iKon.MN
зураг
 
Эх сурвалж: Нүүдэлчин Зам холбоо

Франц-Монголын Routes Nomades буюу Нүүдэлчин Зам холбооны зохицуулагч, Парисын ИНАЛКО их сургуулийн багш Шагдарсүрэнгийн Номиндарь Азийн утга зохиолын анхны шагналт, Азийн тэргүүн яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн 36 шүлгийг франц хэлнээ буулгаж, Фоль Авуан хэвлэлийн газартай хамтран "Намар морио услахуй" хэмээх түүвэр болгон хэвлүүлжээ. 

Д.Урианхай найрагчийн шүлгийг монгол бичгийн Дашцэдэн фонтоор шивж, франц орчуулгатай нь гаргасан хос хэлээрх энэ номд найрагчийн 1960 онд бичсэн анхны шүлгээс эхлээд саяхны шүлгүүдийг дээжлэн багтааж, үнэт нандин цаасан дээр үсгийн өрөлтийг хийж, хуудас наах, оёх ажлыг гар аргаар бүтээсэн байна. Уг номын хуудсыг уншигч өөрөө зүсэж унших зориулалтаар хуудасны дээд талыг нугалмал хэлбэрээр гаргажээ. Францад ховор, нандин номууд ийм хэв маягаар гарч, номд дурлагсад тусгай дэлгүүрээс худалдан авч, номоо нээж, хуудсыг нь машид хүндэтгэн зүсэж, бичвэрийг гүн агуулгад хүрэх ийм практик түгээмэл аж.
зураг
 
Эх сурвалж: Нүүдэлчин Зам холбоо
зураг
 
Эх сурвалж: Нүүдэлчин Зам холбоо
зураг
 
Эх сурвалж: Нүүдэлчин Зам холбоо
зураг
 
Эх сурвалж: Нүүдэлчин Зам холбоо

Үүний зэрэгцээ, алдарт яруу найрагч Лувсандоржийн Өлзийтөгсийн "Хумхийн тоосны нас", Данзангийн Нямсүрэн, Гүржавын Нямдорж нарын "Хоёр наран" болон XVIII зууны сүүлээс XX зууны сүүлийг хамарсан 15 шүлгийн түүвэр болох "Монгол найргийн бяцхан мандал" нэрт гурван бүтээлийг уншигчдын хүртээл болгохоор гаргаж байна.

Монгол яруу найргийн дээжсээс франц хэлээр хэвлүүлэх энэ үйлсээ орчуулагч 2017 оноос эхлүүлж, Францын Брөтань мужийн Онжэл Ванниегийн нэрэмжит Соёл урлагийн төвтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 онд зохион байгуулсан рэзидэнсийн хүрээнд орчуулгаа хийхийн сацуу, монгол соёл, яруу найргийн талаар бага болон дунд сургуулийн сурагчдад цуврал таниулга хийжээ. Түүнчлэн үүний хүрээнд Францын Рэннэ хотод ажиллаж амьдардаг зураач Дашдоржийн Баттулга сурагч хүүхдүүдэд монгол зургийн сургалт хийж, цуврал үзэсгэлэн гаргасан байна.

Бүтээлүүдийн дээжсийг олон нийтэд таниулах үйл ажиллагаа 2022 оны тавдугаар сарын 12-нд эхэлж, орчуулагч Монголын яруу найргийн талаар уулзалт ярилцлага хийж эхэлжээ. Энэхүү цуврал арга хэмжээ нь тав, зургаадугаар сард үргэлжлэх аж. Бүтээлүүд энэ намраас албан ёсоор худалдаанд гарах юм байна. 

зураг
 
Эх сурвалж: Нүүдэлчин Зам холбоо

Монгол яруу найргийг францад таниулах ажлыг зохион байгуулагчийн тухайд

Францын анхны "Яруу найргийн тосгон" Сан Брис Он Когл-д байх Онжэл Ванниегийн нэрэмжит Соёл урлагийн төв нь өргөн олны яруу найргийн мэдрэмж, гоо зүйн боловсролыг дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд яруу найргийн бүтээл эрхлэн нийтлэхийн сацуу олон нийт, сурагч багачуудад чиглэсэн уулзалт, үзэсгэлэн, сургалт зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж, 2 жил тутамд гадаад дотоодын яруу найрагчдыг урьж, уран бүтээлийн рэзидэнс зохион байгуулдаг. Энэ хүрээнд Ш.Номиндарийг урьсан нь яруу найргийн орчуулагч урьсан анхны тохиолдол болжээ.

Эхэндээ зөвхөн Д.Урианхайн шүлгийн түүврийг францаар хэвлэн гаргах зорилготой байсан энэ төсөл үйл ажиллагааны явцад улам өргөжиж, яруу найргийн бусад бүтээлийг нэмэн гаргахаар болсон аж.

Ийнхүү, Д.Урианхайн "Намар морио услахуй" түүврээс гадна Л.Өлзийтөгсийн "Хумхийн тоосны нас", Д. Нямсүрэн, Г. Нямдорж нарын "Хоёр наран" болон XVIII зууны сүүлээс XX зууны сүүлийг хамарсан 15 яруу найрагчийн түүвэр шүлэг бүхий "Монгол найргийн бяцхан мандал" нэрт гурван бүтээл үнэт нандин цаас бүхий livre d’artiste буюу урлагийн ном хэлбэрээр, люкс хэвлэлтэй хязгаарлагдмал тоогоор гарч байна. Эдгээр гурван бүтээлийг зураач Д.Баттулгын бийрийн зураасан зургийн шигшмэл бүтээлүүд чимэн гарч буйгаараа онцлогтой.

Түүнчлэн, франц хэлтэн ертөнцөд Монгол яруу найргийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ гурван түүврийг нийлүүлэн “Монгол яруу найраг" нэрээр давхар гаргаж буй аж.

"Намар морио услахуй" түүврийг Фоль Авуан хэвлэлийн газар, "Хумхийн тоосны нас", "Хоёр наран", "Монгол найргийн бяцхан мандал" түүврийг Лэз Атөлиэ дө Миэннээ хэвлэлийн газрууд тус тус эрхлэн гаргажээ. Монгол яруу найргийн дээжис 85 шүлэг ийнхүү урлагийн ном хэлбэрээр гарч, франц хэлтнүүдэд хүрч буй нь үнэ цэнтэй хэрэг юм.

Хэвлэн нийтлэгчийн тухайд

Фоль Авуан

Яруу найрагч, урлагийн үсэг өрөгч Ив Приэгийн байгуулсан Фоль Авуан хэвлэлийн газар нь 1980 оноос хойш шүлэг найргийн бүтээлийг урлагийн ном хэлбэрээр, цөөн тоогоор гаргаж ирсэн, бие даасан хэвлэн нийтлэгч юм. Ном хэвлэх ажлыг гар аргаар, үнэт цаасан дээр хийдэг.

Тус газар нь яруу найргийн хэвлэлийн хэд хэдэн цуглуулгатайн дотор гадаадын яруу найргаас эрхлэн түгээдэг "Газар орон" хэмээх цувралдаа Итали, Испани, Орос, Польш, Румын, Кэшуа, Япон гээд олон орны яруу найргийн дээжсээс хэвлэн гаргасан агаад Монголын яруу найраг энэ цуглуулгын 13 дахь хэл болж байгаа аж. Франц хэлтэн орнуудад, зөвхөн яруу найргаар дагнасан, номд дурлагсдын тусгай номын дэлгүүрүүдээр борлогддог.

Лэз Атөлиэ дө Миэннээ

Францын хамгийн сүүлчийн үсэг өрөгчдийн нэг, Филипп Миэннээгийн үүсгэн байгуулсан энэ хэвлэлийн газар нь зөвхөн урлагийн ном, зураг бүтээлийг литографи, торгон хэвлэл, модон бар болон линогравюрийн аргаар цөөн тоогоор, дүрслэх урлагийн нандин цаасан дээр хэвлэж, гар аргаар бүтээж ирсэн, бие даасан хэвлэлийн газар юм. Францын дүрслэх урлагийн болон орчин үеийн урлагийн зураач, уран бүтээлчид төдийгүй, зохиолч, яруу найрагчидтай хамтран ажиллаж иржээ.

Орчуулагчийн тухайд

Рэннэ 2 Их сургуульд Соёлын өвийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан Ш.Номиндарь нь соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн. Тэрбээр 2008 оноос хойш уг салбарт ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Байгаль Соёлын Өвийг Хамгаалах Сан, Соёлын Биет бус Өвийн Францын Үндэсний Төв, БНСУ дахь ЮНЕСКО-ийн II категорийн байгууллага болох Ази-Номхон Далайн Бүсийн Соёлын Биет бус Өвийг Хамгаалах Олон Улсын Мэдээлэл, Сүлжээний Төв зэрэг соёлын инженерчлэлийн байгууллагуудад ажиллаж байсан. Соёлын биет бус өвийн ЮНЕСКО-ийн жагсаалтуудад тууль, бий биелгээ, хөөмий, наадам зэрэг Монголын өвийн зүйлсийг нэр дэвшүүлэх баримт бичгүүдийг боловсруулахад оролцож байсан туршлагатай. Соёлын биет бус өвийг хамгаалах талаар англи, монгол, франц хэлээр хэд хэдэн илтгэл тавьж, нийтлүүлсэн. Монгол хөөмийгөөр мэргэшсэн угсаатны хөгжим судлаач Др. Жоанни Кюртэгийн хамт Нүүдэлчин Зам холбоогоороо дамжуулж, Монгол хөөмий хийгээд уламжлалт хөгжим, соёлыг Баруунд таниулан сурталчлах зорилгоор Монгол уран бүтээлчдийн цомог бүтээж, аялан тоглолт зохион байгуулж, соёлын зуучлалын бусад олон талт үйл ажиллагаа явуулж иржээ.

Парисын Дорно Дахины Хэл Иргэншлийн Хүрээлэн Их сургуульд Монгол бичиг, монгол хэл заадаг тэрбээр Монголын яруу найргийг Франц хэлтэн орнуудад таниулах үйлсэд хувь нэмрээ оруулахаар сэтгэл шулуудан ажиллаж байна.