Уншиж байна ...

Энэтхэгт үргэлжилж буй агаарын хэт халалтын улмаас шувууд тэнгэрээс газарт олноороо унах болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгт үргэлжилж буй агаарын хэт халалтын улмаас усны дутагдалд орж, тамирдсан шувууд тэнгэрээс газарт олноороо унах болжээ.

Тухайлбал тус улсын баруун бүсийн Гужарат мужид сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн 43 хэмээс буухгүй байгаа бөгөөд өдөр бүр олон тооны шувууд газарт унадаг болсон байна.

Сүүлийн сар хүрэхгүй хугацаанд Ахмедабад хотын малын эмнэлэг ингэж унасан олон мянган шувууг эмчилжээ.

“Энэ жилийн хувьд онцгой хүнд байна. Тусламж үзүүлэх шаардлагатай шувууны тоо өмнөх жилээсээ 10 хувиар өслөө” хэмээн сүүлийн арав гаруй жил энэ чиглэлд ажиллаж буй эмч Манож Бхавсар ярьж байна.

Эмч нар унасан шувуудын аманд тариураар ус шахаж, хүч чадлыг нь сэлбэх амин дэм уулгадаг гэнэ.

Шувуудаас гадна муур зэрэг амьтад бас шингэн алдсаны улмаас эмнэлэгт ирэх болжээ.

Гуравдугаар сараас хойш Энэтхэг, Пакистаны нутагт асар хүчтэй агаарын халалт үргэлжилж байна. Дэлхийн Цаг уурын Байгууллага өнгөрсөн гуравдугаар сарыг Энэтхэгийн түүхэнд хамгийн халуун гуравдугаар сар болсныг тогтоосон юм.

Энэ сард Энэтхэг-Пакистаны хилийн бүс нутагт агаарын температур Цельсийн 50 хэм хүрэх урьдчилсан таамаг гарчээ.

Ган гачгийн улмаас ургац алдах нь тодорхой болсон тул Энэтхэгийн засгийн газар саяхан үр тарианы экспортыг хориглосон байна.

Гуравдугаар сараас хойш агаарын хэт халалтын улмаас тус улсад 25 хүн амиа алджээ.

 

Эх сурвалж: Reuters