Уншиж байна ...

Украины арми энэ оны эцсээр бүх газар нутгаа чөлөөлж дуусах гэнэ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Украины цэргийн тагнуулын газрын дарга, хошууч генерал Кирило Буданов зэвсэгт хүчин нь энэ оны сүүлээр ялалт байгуулж, Крым, Донбасс зэрэг алдагдсан газар нутгаа бүрэн чөлөөлж дуусна гэдэгт итгэлтэй байгаагаа ярьжээ.

“Дайны эргэлтийн үе наймдугаар сарын дундуур тохиох байх. Оны сүүлээр байлдааны ихэнх ажиллагаа дууссан байх болно” гэж Sky News сувагт өгсөн ярилцлагадаа Буданов ярьсан байна.

Тэрбээр Европ тив айж болгоомжилсоор ирсэн Оросын хүчирхэг армийн талаарх “домог” худал болохыг ярилцлагадаа онцолжээ.

“Төсөөлж байсан шиг тийм ч хүчтэй биш. Зэвсэглэсэн хүн сүрэг төдий юм” гэж тэр Оросын армийг тодорхойлсон байна.

Буданов өмнө нь ОХУ-ын зүгээс Украинд халдан довтлох хугацааг урьдчилан хэлсэн нь сүүлд батлагдаж байжээ.

Энэ долоо хоногт Украины дорнод хэсэгт болсон гурван өдрийн ширүүн тулааны дараа Оросын арми томоохон хохирол хүлээснийг эх сурвалжууд мэдээлж байгаа.

Северский Донец голыг хөвөгч гүүрээр гаталж байсан Оросын их хэмжээний зэвсэгт техникийг Украины арми устгасныг Их Британийн тагнуулын алба баталсан юм.

Мөн Украины хоёр дахь том хот Харьковын орчмоос Оросын цэрэг ухарсан тухай мэдээ өнөөдөр ирж байна.

Украинчууд Харьковоос зүүн зүгт 40 км хүртэл газар нутагт хяналтаа тогтоож чадсан гэнэ. Харьков нь Украины зүүн хойд бүсэд, Оросын хилээс 50 км зайд оршдог хот юм.

Дайны эхний өдрөөс бөмбөгдүүлж эхэлсэн Харьков аажмаар тайван амьдралд шилжиж, орон гэрээсээ дүрвэсэн иргэд буцан ирж буйг тус хотын захирагч Игорь Терехов өнөөдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Sky News, BBC