Уншиж байна ...

Украины дайнд нэр хүнд нь унасан Оросын зэвсэг техникийн эрэлт Зүүн Өмнөд Азийн зах зээлд буурах төлөвтэйг мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сингапурын стратеги судалгааны ISEAS-Yusof Ishak хүрээлэнгээс саяхан гаргасан тайланд Оросын зэвсэг техникийн эрэлт Зүүн Өмнөд Азийн зах зээлд унаж буй тухай мэдээлжээ.

Оросын зэр зэвсгийн найдваргүй байдал Украины дайны талбарт ил болсон нь үүнд голлон нөлөөлсөн байна.

ОХУ нь сүүлийн 20 орчим жилийн турш Зүүн Өмнөд Азийн орнуудын хамгийн том зэвсэг нийлүүлэгч байсан юм. Гэвч 2014 оноос хойш Оросын зэвсгийн импорт энэ бүс нутагт буурсан нь Крымийг өөртөө нэгтгэсний дараа өрнөдийн орнуудын тавьсан эдийн засгийн хориг, цар тахлын нөлөөтэй холбоотой юм байна.

Харин Украины дайн энэ уналтыг улам эрчимжүүлжээ.

Украины дайн Оросын зэвсэг техникийн эрэлт хэрэгцээг Зүүн Өмнөд Азид цаашид улам бууруулах төлөвтэй байгааг ISEAS-Yusof Ishak хүрээлэнгийн ахлах судлаач Ян Стори мэдээлсэн байна.

“Тулааны талбар дахь Оросын зэвсэгт хүчний муу гүйцэтгэл тус улсын зэвсэг техникийн нэр хүндэд ноцтой нөлөөлж байна” гэж Стори ярьжээ.

Тухайлбал дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Оросын хамгийн орчин үеийн байлдааны нисэх онгоц Су-35-ыг Украины тал пуужингаар харваж унагасан юм.

Вьетнам улс уг онгоцыг худалдаж авахаар төлөвлөж байсан бол одоо шийдвэр гаргахдаа эргэлзэж эхэлснийг Стори ярьжээ. Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Хар тэнгисийн флотын гол хөлөг онгоц Москва пуужингийн цохилтод өртөж, живсэн нь бас Зүүн Өмнөд Азийн орнуудын худалдан авагчдыг эргэлзэхэд хүргэсэн байна.

Вьетнам, Лаос улсуудын худалдаж авсан танкууд, Индонезын зэвсэгт хүчний ашигладаг явган цэргийн хуягт тэрэгнүүд, Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн оронд өргөнөөр ашигладаг цэргийн болон тээврийн нисдэг тэрэгнүүд Украины дайны талбарт устгагдаад байгаа.

Оросын зэвсэг техникт итгэх итгэл сулрахад үйлдвэрлэлийн чанар стандарт бус, авлига голлон нөлөөлж буйг судлаачид бас онцолж байна.

“Оросын батлан хамгаалах салбарт нүүрлэсэн гүн гүнзгий авлига, хээл хахуулийн улмаас зэвсэг техникийн шинэчлэл, сайжруулалтад зориулагдах ёстой мөнгө буруу замаар үрэгдэж байгаа нь үүнд голлон нөлөөлж байна” гэж Стори тайлбарлажээ.

Оросын зэвсэг техник хямд атлаа найдвартай гэгддэг. Бас Оросын тал төлбөрт нь бараа, түүхий эд авдаг нь Зүүн Өмнөд Азийн орнуудад таатай нөхцөл болдог байжээ.

Гэхдээ Украины дайнд үзүүлж буй гүйцэтгэл энэ нэр хүндийг унагах нь тодорхой болсныг Вашингтонд төвтэй National War College хүрээлэнгийн судлаач Захари Абуза ярьж байна.

ОХУ нь АНУ-ын дараа дэлхийн хоёр дахь том зэвсгийн экспортлогчид тооцогддог.

2000-аас 2021 оны хооронд тус улс Зүүн Өмнөд Азийн орнуудын хамгийн том зэвсэг экспортлогч байжээ. Энэ хугацаанд ОХУ-ын тус бүс нутгийн орнуудад нийлүүлсэн зэвсгийн хэмжээ $10.87 тэрбумд хүрсэн бол АНУ-ынх $8.4 тэрбум, Францынх $4.3 тэрбум, Германых $2.94 тэрбум, Хятадынх $2.9 тэрбум болсон байна.

Зүүн Өмнөд Азийн орнуудаас Вьетнам, Мьянмар, Малайз, Индонез улсууд Оросын хамгийн том худалдан авагчид юм. Эдгээр орнуудын зэвсэгт хүчин Оросын зэвсэг техникээр бүрэн тоноглогдсон байдаг.

Украины дайн, олон улсын эдийн засгийн хоригийн улмаас Оросын тал дээрх улс орнуудад сэлбэг, эд анги нийлүүлэх боломжгүй болсон байна. Украины дайнд ихээхэн хохирол амсаж буй ОХУ-д өөрт нь хүртэл сэлбэг хүрэлцэхгүй байгаа. Бас Өрнөдийн орнуудаас худалдан авдаг өндөр технологийн сэлбэг, эд ангиуд эдийн засгийн хоригийн улмаас тасалдсан нь Оросын зэвсгийн үйлдвэрлэлд том цохилт болсон байна.

Дээрх хүчин зүйлүүдийн улмаас олон жил Оросын зэр зэвсгийн найдвартай худалдан авагч байсан Зүүн Өмнөд Азийн орнууд сонголтоо өөрчлөх шаардлагатай тулгараад байгаа ажээ.

Харин Оросын эзгүйрсэн орон зайг нөхөх боломжтой улсуудын нэгийг Умард Солонгос гэж судлаачид үзэж байна.

Учир нь тус улс Зөвлөлтийн үеийн зэвсэг, техникийг одоо болтол үйлдвэрлэсээр байгаа юм.

Хэдийгээр зах зээлийн эрэлтийг бүрэн хангах чадал муутай ч тодорхой хэсгийг нь Умард Солонгос эзлэх боломжтой гэнэ.

“Би ингэж ярихаас жийрхэж байгаа ч Умард Солонгос энэ зах зээлд нэвтрэх гэж оролдох магадлалтай. Учир нь тус улс одоо болтол Зөвлөлтийн үеийн зэвсгийг үйлдвэрлэдэг. Гэхдээ үүнд нэг том саад байгаа нь НҮБ-аас оноосон худалдааны хориг юм. Тэд эхлээд үүнийгээ шийдэх хэрэгтэй болно” гэж Захари Абуза ярьжээ.

Тухайлбал Мьянмарын цэргийн дэглэмд Умард Солонгосын эрх баригчид зэвсэг нийлүүлж эхэлсэн гэх мэдээлэл байгааг тэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post