Уншиж байна ...

НАТО-д элсэх шийдвэр гаргасных нь дараа Финланд улс руу нийлүүлдэг цахилгаан эрчим хүчээ ОХУ таслахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Финланд улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар улс орноо НАТО-д гишүүнээр элсүүлэхийг дэмжих шийдвэрээ зарласан билээ.

Үүний хариуд ОХУ-ын тал тус улсад нийлүүлдэг цахилгаан эрчим хүчээ Бямба гарагаас эхлэн таслахаар болжээ.

“Бид цахилгаан эрчим хүчний импортоо тавдугаар сарын 14-нөөс эхлэн зогсоохоор боллоо” гэж Оросын төрийн өмчит эрчим хүчний Интер РАО компанийн төлөөлөгч Баасан гарагт мэдээлсэн байна.

Тавдугаар сарын эрчим хүчний төлбөрөө Финландын тал шилжүүлээгүйтэй холбоотой ийм арга хэмжээ авах болсноо тайлбарлажээ.

“Манай хамтын ажиллагааны 20 гаруй жилийн хугацаанд анх удаа ийм зүйл тохиолдож байна. Нөхцөл байдал удахгүй сайжирна гэдэгт найдаж байна” гэж Интер РАО компанийн салбар РАО Нордик мэдэгджээ.

Харин Финландын тал Оросын эрчим хүчгүйгээр ажиллах боломжтойгоо мэдэгдсэн байна.

“Бид үүнд бэлтгэлтэй байсан тул хүндрэл гарахгүй. Швед, Норвеги улсуудаас импортлох эрчим хүчээ нэмэгдүүлэх замаар нөхөх боломжтой” гэж Финландын эрчим хүчний түгээлтийн Fingrid компаниас мэдээлжээ.

Тус байгууллагын мэдээлснээр Финландын нийт эрчим хүчний хэрэглээний 10 хүрэхгүй хувийг ОХУ-аас импортолдог байсан гэнэ.

ОХУ-ын зүгээс Украинд эзлэн түрэмгийлэх дайн явуулсантай холбоотойгоор төвийг сахих гадаад бодлого тууштай баримталж ирсэн Финланд улс одоо НАТО-гийн цэргийн эвсэлд гишүүнээр элсэх болоод байгаа юм. Хэрвээ ингэвэл ОХУ-ын НАТО-той залгадаг хилийн урт хоёр гаруй дахин нэмэгдэх болоод байна.

 

Эх сурвалж: AFP