Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Яг түүн шиг"-ийн тайзны АРД

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өдөр бүрийн завгүй амьдрал, стресс, санаа зовнилоо түр ч болов мартаж гэр бүл, найз нөхдөөрөө хөгжилдөх боломжийг олгодог "Яг түүн шиг" шоу нэвтрүүлэг хоёр долоо хоногийн өмнөөс үзэгчдийн хүртээл болж эхэлсэн.

Тэгвэл энэхүү шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрэхийн өмнө ямар үйл явцыг туулж, тайзны ард ямар дүр зурагтайгаар өрнөдгийг сурвалжлахаар шоуны бэлтгэл хийгдэж буй халуун цэгийг зорилоо.

Яг л төсөөлж байснаар нэвтрүүлгийн арын албаны ажилчид дааж авсан ажлаа дор бүрнээ хичээнгүйлэн хийж, үзүүлбэрт оролцох жүжигчид, дуучид хувийн бэлтгэлээ хийж, оролцогчдын хувьд зарим нь маск, нүүр будалтаа хийлгэж, зарим нэг нь хувцсаа сольж, харин зарим нэг нь авсан дүрдээ орчихсон буланд зогсон бэлтгэлээ базааж байсан дүр зураг угтсан юм. 

Энэ үеэр үзэгчдэд баяр хөөрийг мэдрүүлэх энэхүү ажилд голлох үүрэг гүйцэтгэж буй “Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ж.Сувдаатай цөөн хором ярилцлаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий продюсер Ж.Сувдаатай цөөн хором ярилцлаа.

- Өдрийн мэнд хүргэе. Хоёр жил өнжсөн дэлхийн хэмжээний шоу маань дахин үзэгчдэд хүрч эхлээд байна. Олон шинэчлэлтийг хийсэн гэж сонссон. Ийнхүү дахин хийж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

- Биднийг зорин ирсэнд баярлалаа. "Боловсрол" телевиз "Banijay" медиа группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг тав дахь жилдээ үзэгчдэд хүргэж байна. Тав дахь жил гэдэг утгаар бидэнд маш том хариуцлага мэдрүүлсэн ажил болж байна. Дундаа хоёр жил завсарлачихсан болохоор үзэгчдийн хүлээлт ч маш өндөр байсан. Үзэгчдийн хүлээлтийг нь давах хэмжээний уран бүтээл хийх нь уран бүтээлчдийн хувьд их хэцүү байдаг. Хамгийн талархмаар зүйл нь цахим ертөнц гэх толь байна шүү дээ. Эхний дугаар гарсан шөнө би бүр догдлоод бараг л унтаагүй. Хүмүүсийн сэтгэгдлийг байн байн орж уншаад, уур амьсгал үнэхээр сайхан байгааг мэдэрч, эерэг энерги авсан.

Тиймээс бид чадах хэмжээгээрээ бүх зүйлээ зориулан, жижиг деталь бүрийг сайн хийхээр ажиллаж байна. Энэ жил бид тайзаа шинэчилснийг та сая анзаарсан байх. Гэрэл болон техник төхөөрөмжөө ч сайжруулсан. Түүнээс гадна агуулгаа сайжруулахаар шинэ элементүүдийг шингээж өгсөн бөгөөд арван дугаар бүгд адилгүй байна. Үзэгчид маань тэр өөрчлөлтийг дугаар бүрээс мэдрээд явах байх.

- Энэ жилийн оролцогчдын онцлогийг юу гэж харж байна вэ? 

- Энэ удаад оролцогчдоо сонгохдоо шинэлэг шийдлээр хийхийг зорьсон. Өмнө нь багаараа ярилцаад сонгодог байсан бол энэ удаа оролцогч оролцогчоо дуудах хэлбэрийг сонгосон. Оролцогчид маань их сонирхолтой хүмүүс гэдгийг үзэгчид бас харж байгаа байх.

- Бэлтгэл ажлуудтай танилцаад явахдаа бүгд нэг зорилготой байгаагаа мэдэрчихсэн ажиллаж байгаа нь сайхан санагдлаа. Шоуны арын албанд хэчнээн хүн ажиллаж байна вэ?

- Үсчин, нүүр будалт, хувцас, дизайнер, сэтгүүлч, найруулагч, зураглаач, гэрэл, дуу, засал чимэглэл гээд олон секторт нийт 200 гаруй хүн ажиллаж байна. Энэ хүмүүс нийлээд “Яг түүн шиг” шоуг бүтээж, үзэгчдэд толилуулдаг. 200 гаруй хүн нэг системд орж ажиллана гэдэг амаргүй. “Чанартай, сайн уран бүтээл хийж үзэгчдэд үзүүлэх юм сан” гэх сэтгэл биднийг нэгтгэж байгаа.  

- Дэлхийн хэмжээний шоуг зохион байгуулна гэдэг өөрөө маш их судалгаа, зардал гардаг ажил. Та бүхний хувьд илүү сайжруулах тал дээр энэ жил хэр ажилласан бэ?

- Бид гадаадаас формат авч хийх шаардлагатай гэж боддог. Анх “50 саяын уналт” шоуг аваад хийж байхад формат гэж юу байдгийг мэдрүүлж байлаа. Ийм шоунуудын эрхийг аваад, хийх тусам бид маш их зүйлийг сурч, сайжирч байдаг. Албан ёсны эрхийг дагалдуулан бүх чиглэл, нарийн заавруудыг өгдөг. "Яг түүн шиг" шоу нэвтрүүлэг дээр гэхэд заавал найман оролцогчтой байна, энэ хугацаанд монтаж эвлүүлэг хийгдэнэ, ийм хоногт бэлдэнэ, тайзаа барина гэх мэтээр бүгд цаанаас заасан тодорхой дүрмийн дагуу хийгддэг. Улсынхаа онцлогт тохируулаад форматаа алдахгүйгээр жил бүр сайжруулж яваа. 

- Энэ жилийн хувьд супер шагнал хэвээрээ юу?

- Тийм ээ. 20 сая төгрөгийн мөнгөн шагнал хэвээрээ байгаа.

"Бидний гол үзүүлэх гэж байгаа зүйл бол шоу, айл бүрийг баяр хөөртэй байлгахыг хүсэж байна"
зураг
 
Edutainment TV

Түүнчлэн шоу нэвтрүүлгийн гол дүрүүд болох оролцогчдоос анх шоу нэвтрүүлгийн санал ирэхэд үед хэрхэн хүлээн авч, оролцохоор болсон тухай сэтгэгдлийг нь сонслоо. 

“Никитон” хамтлагийн дуучин Ч.Мишээл: Их гэнэтийн байдлаар орохоор болсон. Өөжгий ахад санал ирэхэд өөрөө орох боломжгүй болохоор хамтлагийнхаа охидоос санал болгоё гээд намайг санал болгосон. (Инээв) Миний хувьд "Яг түүн шиг"-ийг үзэх их дуртай байсан. Гэхдээ хэзээ ч өөрийгөө орно гэж төсөөлж байгаагүй. Ийм гайхалтай боломж олдсонд тухайн үедээ итгэж чадахгүй байсан. Оролцож байгаадаа маш их баяртай байгаа. Өөрийгөө азтайд тооцож байна. 

ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга: Ажлаа хийж байх үед санал ирсэн. Дөрөвдүгээр сард хоёр тоглолттой бөгөөд гол дүр нь би байсан юм. Хоёр жүжигтэй байгаа болохоор оролцож амжих болов уу гэхэд ямар нэгэн аргаар оролцвол сайн байна гэсэн. Би гэхдээ дотроо "ер нь яагаад болохгүй гэж, нэг өөрчлөлт ч болох юм билүү, үзээд алдъя" гэж бодоод ажил их байсан ч зохицуулаад орохоор шийдсэн. Өөр өөр хүний дүрд хувираад, өөр хүмүүсийн ертөнцөөр аялна гэдэг их сонирхолтой шүү дээ. 

“Gangbay” хамтлагийн дуучин С.Баянмөнх: Оролцож байгаа бүх хүн л ардаа ажил, амьдралтай завгүй хүмүүс байдаг. Надад санал ирэх үед олон ажил давхацсан байлаа. Энэ их ажлын дундуур санал орж ирэхэд бусад ажлаа яаж зохицуулах уу гээд их эргэлзсэн. Тэгээд Болдоо продюсер болон Цоомоо ахтай ярьж, зөвшилцөөд энэ шоуг маш том боломж гэж харсан юм. Тоглолт, клип зэрэг их ажлуудыг маань ард даагаад, зохицуулж яваа найз нөхөд болон бусад хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Би энэ шоундаа сэтэлзүйн болон биеийн бүрэн бэлэн байдалд оршиж сонгосон гайхалтай дүрүүддээ хувирахаар хичээж байгаа. Мэргэжлийн жүжигчнээр төгссөн болохоор мэргэжлээ давуу тал болгох гээд хичээж явна.

“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг: Өмнөх дугааруудыг үзэж байхдаа түүний оронд байсан бол гээд янз бүрийн дүрүүд дээр бодож үздэг байв. Тэгээд урилга ирэхээр нь бодож байсан бодлоо тайзан дээр нэг биелэл болгоод үзье гээд шууд зөвшөөрсөн. Урилга өгөх үед бол өөртөө их итгэлтэй байсан. Тайзан дээр гараад эхнээсээ дүрүүдээ барьж аваад ажиллаад үзсэн чинь тэр итгэл дундарч байна. Өөртөө хэтэрхий итгэлтэй байжээ. (Инээв) Манай долоо тал талын чадвартай мундаг хүмүүс байна лээ. Бид өрсөлдөөд байгаа юм шиг боловч үзэгчдэдээ хамгийн гоё шоу үзүүлэх нэг зорилгын төлөө явж байгаа. Тиймээс долоон оролцогчтойгоо нийлээд үлдсэн дугаарууддаа чадах бүхнээ дайчилна. Хэн ялагч болох нь чухал биш багаараа үзэгчдэд юу чадахаа харуулж, дугаар болгон дээр шинэ үзүүлбэрээр үзэгчдийн нүдийг баясгах нь чухал гэж бодож байна. 

Дуучин Б.Чойжилсүрэн: Өмнө нь намайг оролцох уу гээд урьж байсан. Тухайн үед нь би Европ руу тоглолтоор явах гээд цаг зав муутай, амжихгүй байсан болохоор татгалзаж байсан. Тэр үед дотроо оролцвол гоё л юм гэж бодоод өнгөрч байлаа. Нөгөө талаараа энэ шоуны олон дүрд хувирдаг, жүжиглэх зэрэг зүйл нь миний хувь хүний олон зан чанартай тэрсэлдэж байсан. Гэхдээ энэ удаа санал ирэхэд өөртөө нэг  өөрчлөлт хийе гэж бодсон. Сая бас карентин гээд бараг л юм хийгээгүй гэртээ уйтгартай амьдарлаа. Тэгээд жоохон хөгжилдье гэж бодоод, оролцохоор шийдсэн. Ер нь бодож байсанчлан хэцүү юм байна. Би хувьдаа хүн дуурайхаас илүү өөрийгөө бүтээх хамгийн хэцүү гэж боддог. Гэхдээ хүн дуурайна гэдэг мэдээж хэцүү зүйл. Оноогдсон дүрүүдээ аль болох дөхүүлж гаргахад болон яаж хөгжилдөж болох вэ гээд хичээх болно. Бидний гол үзүүлэх гэж байгаа зүйл бол шоу. Хүмүүс намайг харж инээгээд эсвэл шоолоод "Хөөх Чойжоо бас ингэдэг байсан юм уу" гэх бодол төрүүлэхийг хүсэж байна. Үзэгчид маань ч сайн хөгжилдөөсэй гэж бодож байна.

Дуучин С.Зоригт: Анх санал тавихад их эргэлзсэн сэтгэл төрсөн. Энэ шоу нь өөрөө их хэцүү. Дээрээс нь салбарын маань долоон хүн байгаа болохоор миний хувьд маш том хариуцлага гэж бодогдсон. Өрсөлдөнө гэхээс илүү хамт хөгжилдөх гэж орсон шоу. Их гоё байна. Энэ бол яалт ч үгүй ард түмний шоу гэдэг нь Ням гарагийн орой үнэхээр мэдрэгддэг шүү.Оролцоод явахад хэцүү зүйл их байна. Нүүр будалтын ард гэхэд 20 гаруй, хувцсан дээр 10 орчим хүн гээд олон хүн ажиллаж байгаа болохоор би ард хүмүүс байгаа гээд суугаад байх биш өөрийнхөө төлөө гүйх ёстойг ойлгож байгаа. Эцсийн зорилгодоо бол би хөгжилтэй байхыг л хүсэж байна. Энэ бол дуучны тэмцээн биш. Зүгээр шоу тэмцээн гэдэг утгаараа арван дүрээрээ үзэгчдэд сэтгэгдэл үлдээж, айл бүрийг баяр хөөртэй байлгахыг бусдынхаа адил хүсэж байгаа. 

Жүжигчин Х.Баярмаа: Шоуны саналыг хүлээж аваад, оролцох болсондоо баяртай байсан. Төсөөлснөөс хүнд шоу байна. Зурагтаар харахад амархан ч юм шиг санагддаг ч өөрөө дотор нь ороод бүх юмаа хийгээд, оролцоод явахад хэцүү шоу байна. Жүжигчнийхээ хувьд ур чадварын томоохон шалгалтад орж байгаа юм шиг санагдаж байна. Төдийгөөс өдийг хүртэл юу сурсан юу чаддаг тэр бүх юмыг тэвчээртэй нь хамт шалгадаг юм байна.

МУГЖ, поп дива С.Наран: Саналыг их эргэлзэж хүлээж авсан. Миний хувьд энэ шоуг залуучуудын шоу гэж ойлгосон. Надад дахиад “Яг түүн шиг” нэвтрүүлэгт оролцох боломж бага. Миний амьдралд тохиож байгаа өөрийгөө үзүүлэх ганц боломж бол энэ нэвтрүүлэг. Харин энэ шоунд орсноор “Наран нэг иймэрхүү характертай юм байна. Нарангийн дотор ийм олон хүн байсан юм байна” гэдгийг олж харах боломж гэж бодож байгаа.

Аливаа шоу уралдаан тэмцээнд оролцогчдоос хүнд, бэлтгэгдсэн сэтгэлтэйгээр хардаг шүүгчидгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Тэдний төлөөлөл болох үндсэн шүүгч M.Бархүүгийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр "Дэлхийн хэмжээнд нийт 50 гаруй оронд зохиогдож байгаа "Яг түүн шиг" шоу бол үзэхэд хэзээ ч уйдахгүй гайхалтай шоу. 2016 онд Боловсрол телевиз шоуг оруулж ирээд анх гарсан цагаасаа эхлээд season болгон нь үзэгчдийн сонирхлыг татаж, Монголын телевизийн номер нэг шоу болж чадсан. Ийм нэр хүндтэй шоуны, тав дахь удаагийнхад үндсэн шүүгчийн нэг болох санал тавьж, боломж олгосон нь нэр төрийн хэрэг байлаа. Энд суугаад шүүж үзээгүй л бол зөв шүүсэн буруу шүүсэн гээд хоёр талд гарчихдаг. Шүүх зарчим нь өөрөө их хэцүү. Гэхдээ энэ нь шоуг амттай болгодог гэж боддог. Найман оролцогчийг дараалалд оруулж байр эзлүүлэх нь шоунд оролцож байх үед их хүнд санагддаг байсан бол одоо шүүгчийн суудалд суух үед илүү хэцүү болгодог. Миний хувьд өмнө нь хоёр удаа оролцож, 20 дүр дээр ажиллаж юу нь хэцүү, юу нь амттай, юуг нь амархан хийж болдгийг мэдэрч байсан болохоор өөрийн туршлага дээрээ үндэслээд тайзны тавилт, нүүр хувиргалт, дуу хоолой, дотоод сэтгэл гэсэн дөрвөн зүйлийг гол хүчин зүйлээ болгож харж байгаа хэмээн сэтгэгдлүүдээ хуваалцсан юм.

Ийнхүү "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийг зохион байгуулагч, шүүгч, оролцогчдын сэтгэлээр хором аяллаа.

Одоо харин шоуны ард өрнөдөг агшныг ФОТО сурвалжилгаар хүргэж байна


(Гэрэл зургийг MPA.mn)

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг