Уншиж байна ...

Б.Оюунгэрэл: Гэр бүлийн харилцааг 23 жилийн өмнөх хуулиар зохицуулж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 5 сарын 13
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан “Гэр бүл-Хамтын үүрэг” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Энэ үеэр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцов.

"Хүүхдээ хамгаалъя гэвэл гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Гэр бүлээ хамгаалахын тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай"

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Гэр бүлийн тухай хууль"-ийг 1999 онд баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн харилцааг 23 жилийн өмнөх хуулиар зохицуулж байна. Нийт таван парламент дамжиж энэ хуулийн төслийг өргөн барьсан ч батлагдаагүй. Гэтэл 23 жилийн хугацаанд нийгэм, соёл, эдийн засаг, хүмүүсийн харилцаа зэрэг олон зүйл өөрчлөгдсөн. Тиймээс ч Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ярих нь зүйтэй" гэв. 

Мөн тэрбээр "Би 2019 онд 21 аймгийг хоёр ч удаа тойрч, 70 мянга гаруй хүний санал бодлыг сонсож байсан. Коронавирусээс хойш 15 мянга орчим эмэгтэйчүүдтэй уулзсан. Тэдний зүгээс гэр бүл салалт, хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн тэтгэмжийн асуудлыг ярьж байна.

Хүүхдээ хамгаалъя гэвэл бид гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Гэр бүлээ хамгаалахын тулд хууль эрх зүйн орчныг сайжруулж, асуудал шийдлээ тодорхойлох хэрэгтэй. 

Монгол Улсад жилд 20,000 орчим залуу хос гэр бүлээ батлуулж байна. Гэтэл эсрэгээр 4,000-5,000 орчим хос гэрлэлтээ цуцлуулдаг талаарх тоон мэдээлэл бий.

Магадгүй албан бус тоогоор гэрлэлтээ цуцлуулж байгаа үзүүлэлт өндөр гарахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр албан ёсны гэр бүлтэй мөртлөө албан бус гэр бүлийн харилцаа үүсгэх үзэгдэл нийгэмд маш их байна" хэмээн хэллээ.