Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Банкны Хидео Савадагийн эзэмшиж байсан хувьцааг Seiko компани худалдаж авсныг Монголбанк бүртгэжээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Савада холдингс" компани “ХААН банк” ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарахад нь Монголбанк зөвшөөрөл өгсөн өгөөгүй гэх асуудал нэлээд хугацаанд яригдсан бөгөөд Монголбанканд энэ талаар захидал ирээгүй талаар төв банкнаас мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл тус банкны хувьцааг зарах талаарх эцсийн зөвшөөрлийг олгосон талаар эх сурвалж мэдээлэв.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр "ХААН Банкны нийт хувьцааны 60% нь гаднын хүнд, 40 хувь нь Монголын талд байсан. Одоо 55%, 45% (44.7 хувь) гэдэг харьцаатай болж өөрчлөгдөж байгаа юм билээ.  

 "Савада холдингс" ХК-ийн эзэмшдэг хувьцааны 4.7 хувийг ХААН Банк ажилчдадаа өгсөн. Тэр зөвшөөрөл нь гарчихсан. 

Японы санхүүгийн зохицуулах байгууллагын хяналт дор "Савада холдингс" компани үйл ажиллагаа явуулж, Токиогийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн, нээлттэй, ил тод тайлагнах зохицуулалттай тул арилжаа, хэлцэл, бүртгэл гээд бүхий л мэдээлэл нээлттэй байдаг. Эдгээр компаниудыг хэн нэгэн монгол хүн, компани, эсвэл аль нэг Монголын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч худалдан авч, эзэмшил нь солигдсон гэх мэдээлэл, бүртгэл байхгүйг шалгаж үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн монгол хүн тэр хувьцааг авъя гэвэл "Хидео Савада нааш ир, чи надад хувьцаагаа өг" гээд Монголд бүртгүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Токиогийн хөрөнгийн бирж дээр очиж, мөнгөө тавиад "Савада ходингс" компанийн хувьцааг авч байж л дамжиж орж ирэхээс биш шууд ирээд ХААН Банкны хувьцаа эзэмшигч болохгүй.

Анх 2003 онд Хидео Савада гэдэг хүн ХААН Банкийг хувьчилж авахдаа Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Савада ходдингс" компаниараа 46%-ийг нь эзэмшсэн юм билээ. 2003 оноос хойш бага багаар зарж явсаар байгаад 2019 онд 26%-ийн хувьцаа эзэмшдэг болсон байсан.

2018 онд манай Банкны тухай хуульд өөрчлөлт орсон. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтын дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны бүтцэд өөрчлөлт ороход Монголбанканд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авах ёстой. 

Энэ удаа Seiko компани, Сони электрониксийн хувьцаа эзэмшигч байсан хөрөнгө оруулагчийн гээд бүх мэдээлэл Монголбанканд ирсэн.

Хөрөнгийн гарал үүсэл, хөрөнгө оруулагчдын мэдээлэл, бизнесийн үйл ажиллагаа, мөнгөний эх үүсвэр нь эрүүгийн болон мөнгө угаах, татвараас зайлсхийх, терроризмыг санхүүжүүлэх эсхүл ижил төстэй санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн. Монголбанк энэ бүх мэдээллийг аваад "Ирүүлсэн материалыг чинь хүлээж авлаа нэмж асуух зүйл алга. Үүнээс хойш нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоод эхлэх үед буюу бүртгэж эхлэх үед бид нэмэлт шалгалт явуулна" гэсэн.

Үүнийг урьдчилсан зөвшөөрөл мөн биш хэмээн ярьж байгаа байх. 

Хамгийн сүүлийн бүртгэл хийгдсэн. ХААН Банкнаас манай хувьцааны бүртгэлийг шинэчилж өгөөч гэсэн хүсэлт гурван удаа ирсэн. Хүсэлтэд нь ажилчдын хувьцааг бүртгэж өгөөч, "Seiko" компанийн эзэмшигч бирж дээр хувьцаагаа худалдаад авчихсан тул үүнийг бүртгэж өгөөч гэсэн байсан. Японоос ирсэн бүх бичиг баримт ойлгомжтой, үүнд нь монгол хүн байгаагүй учраас бүртгэлээ хийсэн" гэв. 

Өөрөөр хэлбэл, ХААН банкны Япон хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцаагаа Японы өөр нэгэн эзэмшигчид шилжүүлсэн байна. 

Товч түүх сөхвөл. 2022 оны нэгдүгээр сарын байдлаар “ХААН Банк” ХХК-ийн нийт хувьцааны

  • 45.5%-ийг Япон улсын хуулийн этгээд Савада холдингс компани
  • 14.5%-ийг Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед
  • Үлдсэн 40%-ийг Таван богд трейд ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшиж байв.

Япон улсын иргэн Хидео Савада нь Токио болон Сингапурын хөрөнгө биржид бүртгэлтэй хоёр компаниараа дамжуулан нийтдээ ХААН Банкны 60%-ийг (Хамгийн том хөрөнгө оруулагч) эзэмшдэг. 

Токиогийн хөрөнгийн биржид 1958 оноос хойш бүртгэлтэй нээлттэй компани болох "Савада холдингс"-ийн дор Орос, Киргиз, Монгол, Японд үйл ажиллагаа явуулдаг олон банк болоод банк бус санхүүгийн байгууллагууд бий, тэдний нэг нь ХААН Банк юм.