Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Google анхны ухаалаг бугуйн цагаа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Технологийн аварга компани Google өчигдөр зохион байгуулсан хөгжүүлэгчдийн чуулганыхаа үеэр анх удаа ухаалаг бугуйн цаг зохион бүтээснээ танилцуулжээ.

Google Pixel Watch нэртэй уг бүтээгдэхүүн өөрийн Wear үйлдлийн системтэй, Fitbit эрүүл мэндийн системтэй байх гэнэ.

Fitbit компанийг Google 2019 онд $2.1 тэрбумаар худалдан авч, өөртөө нэгтгэж байсан юм.

Зөвхөн Андроид гар утастай холбогдох, 4G хувилбартай шинэ бугуйн цагийг ирэх намар худалдаанд гаргахаар болжээ. Гэхдээ ямар үнээр худалдаалагдах талаар Google мэдээлэл өгөөгүй байна.

Ямартай ч Pixel Watch-ийг премиум буюу тансаг ангиллын бүтээгдэхүүн болохыг мэдээлжээ.

Хэдийгээр Wear үйлдлийн системийг ашигласан ухаалаг бугуйн цагнуудыг гуравдагч компаниуд зах зээлд олон янзаар гаргасан боловч Google өөрөө гаргаагүй байсан юм.

Энэ зах зээлд одоо Apple, Samsung компаниуд тэргүүлж, өрсөлдөөн ширүүн байгаа.

Google-ийн экосистемийг Fitbit-ийн боломжуудтай нэгтгэсэн нь Pixel Watch-ийг давтагдашгүй болгож байгааг тус компанийн төхөөрөмж, үйлчилгээ хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Рик Остерлох онцолжээ.

Өчигдөр Google компани бас хоёр загварын Pixel ухаалаг гар утас (Pixel 6a, Pixel 7), шинэ таблет, сайжруулсан чихэвч (Pixel Buds Pro) зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм.

Гар утаснууд нь ирэх долдугаар сард худалдаанд гарах бол Pixel таблет нь 2023 онд гарах гэнэ. Pixel Buds Pro утасгүй чихэвч 11 цаг ажиллах батарейтай болжээ.

 

Эх сурвалж: BBC