• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...

Ц.Хуяг: Гадаадаас хөрөнгө татахын тулд Засгийн газар үнэт цаасныхаа хүүгийн өгөөжийн муруйг тогтоох хэрэгтэй

Т.Энхбат, Өнөөдөр сонин
2022 оны 5 сарын 12
ӨНӨӨДӨР
Зураг зураг

“Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” өөрийгөө зохицуулах байгууллагын гүйцэтгэх захирал Ц.Хуягтай ярилцлаа.

-Танай холбоо Монгол Улсад биржийн бус зах зээлийг үүсгэн хөгжүүлж байна. Бондын арилжаа биржийн бус зах зээлээр голдуу явах болсон. Тиймээс танайх бондыг зах зээлийг тодорхойлж байна гэж хэлж болно. Эдийн засгийн амаргүй нөхцөлд бондын зах зээл ямаршуухан байна вэ?

-Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг өнгөрсөн оны есдүгээр сарын 7-нд нээсэн. Хагас жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар биржийн бус зах зээлд зөвхөн өрийн хэрэгсэл буюу бондууд л гаргалаа. Нийт 754 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэж, тэдгээрийн 467 тэрбумынх нь анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсон. Нийт 34 аж ахуйн нэгж бонд гаргасан. Одоогоор бонд гаргахаар 3-4 компани материалаа ирүүлээд байна. Аж ахуйн нэгжүүд оны эхэнд санхүүгийн тайлангаа эцэслэн гаргадаг. Тиймээс энэ оны нэгдүгээр улиралд аж ахуйн нэгжүүдийн бонд арилжих идэвх харьцангуй сул байлаа. Өмнөх оных нь санхүүгийн тайлан нь бонд гаргах гол үзүүлэлт болдог л доо. Тиймээс хоёрдугаар улирлаас эхлээд бонд гаргах аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэнэ гэж төсөөлж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагууд, барилгын компаниуд биржийн бус зах зээлд бонд гаргаж, хөрөнгө татан төвлөрүүлж байна.

Цаашлаад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид биржийн бус зах зээлд өрийн хэрэгсэл гаргах боломжтой. Ялангуяа мөнгөн урсгал сайтай компани биржийн бус зах зээлийг ашиглаж богино хугацаанд мөнгө татах боломж нь бүрдэж байгааг мэдэх ёстой.

Манай холбоо өнгөрсөн сард “IPO Mongolia” чуулга уулзалт зохион байгуулсан. Ингэхдээ МҮХАҮТ-аас шалгаруулдаг топ-100 аж ахуйн нэгжийн төлөөллийг урьж, биржийн бус зах зээл болон IPO-ны талаар ойлголт өглөө. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд нэлээд мэдээлэлтэй болсон болов уу. Энэ оноос олон салбарын компани биржийн бус зах зээлд бонд гаргах байх. Биржийн бус зах зээл нь олон нийтэд нээлттэй биш, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан зах зээл байдаг. Эдийн засгийн амаргүй нөхцөлд биржийн бус зах зээлд гаргасан бондын эргэн төлөлтийг хойшлуулах эрсдэл үүсгэхийг үгүйсгэхгүй. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид маань үүнийг тооцож хөрөнгө оруулсан.

-Жил хүрэхгүй хугацаанд 34 аж ахуйн нэгж бонд гаргажээ. Өмнө нь богино хугацаанд ийм олон бонд гаргасан тохиолдол байхгүй. Тэгэхээр биржийн бус зах зээлийг үүсгэн байгуулсан нь цаг үеэ олсон ажил байжээ гэж дүгнэж болохоор байна.

-Өмнө нь андеррайтерын компаниуд хаалттай хүрээнд өрийн хэрэгсэл буюу бонд гаргадаг байсан. Тэр нь ямар ч бүртгэлгүй байлаа. Санхүүгийн зохицуулах хорооноос хаалттай хүрээнд бонд арилжсан ч биржийн бус зах зээлээр дамжуулж, бүртгэлжүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, манай дээр гарч буй бонд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлж, олон улсын үнэт цаасны дугаар авдаг. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагч үнэт цаасны дугаарыг нь хийгээд үнэт цаас мөн, эсэхийг нь шалгачих боломжтой. Сүүлийн үед койн гаргаад хаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй байна. Тэгвэл гадаадын хаанаас ч үнэт цаасны кодыг нь хийгээд харахад ямар компани хэдэн ширхэг үнэт цаас гаргасан бэ гэдгийг харах боломжтой. Биржийн бус зах зээл үүсгэн байгуулснаар үнэт цаасны бүртгэл үүсгэж буйгаараа давуу талтай. Богино хугацаанд олон бонд гаргахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж харж байна. Нэгдүгээрт, үнэт цаасыг бүртгэх, эсэх шийдвэрийг 5-15 хоногт гаргаж байгаа. Богино хугацаанд шийдвэр гаргаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, бүрдүүлэх материал хялбар, зардал хямд. Монголын хөрөнгийн биржээр дамжуулж бонд гаргавал зургаан сараас жилийн хугацаа зарцуулах магадлалтай. Биржийн бус зах зээлд хүсэлтээ өгөөд сарын дараа хөрөнгө татчих боломжтой юм.

-Түрүүнд 754 тэрбум төгрөгийн бонд бүртгүүлээд 467 тэрбумынх нь анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсон гэсэн. Бусдынх нь анхдагч зах зээлийн арилжаа амжилтгүй болсон гэсэн үг үү?

-34 аж ахуйн нэгж нийт гурван сараас гурван жилийн хугацаатай 100 орчим өрийн хэрэгсэл бүртгүүлсэн. Дээрх бондууд нь олон транчаас бүрддэг ба андеррайтер болон аж ахуйн нэгж төлөвлөгөөндөө тохируулан арилждаг. Санхүүжилт шаардлагатай болсон тохиолдолд бондоо арилжих юм. Тэгэхээр анхдагч зах зээлийн арилжаа нь амжилтгүй болсон гэж ойлгож болохгүй.

-Манай улсын зах зээлд бондын хүү ямар байна вэ?

-Төвбанк мөнгөний бодлогын хүүгээ өсгөхөөс өмнө бондын хүү 13-14 хувьтай байсан. Бодлогын хүүг есөн хувь хүргэж нэмэгдүүлснээр аж ахуйн нэгжүүд 15-16 хувийн хүүтэй бонд гаргаад эхэллээ. Санхүүгийн салбарт хүү хэрхэн тогтох нь Засгийн газрын урт болон богино хугацаат үнэт цааснуудын хүү ямар байгаагаас ихээхэн хамаардаг. Гадаадын хөрөнгө оруулагч Засгийн газрын бондын хүүгийн өгөөжийн муруйг хамгийн түрүүнд сонирхдог. Монголд Засгийн газрын бондын хүүгийн өгөөжийн муруй байдаггүй. Учир нь Засгийн газар 2017 оноос хойш бонд гаргаагүй. Энэ оны улсын төсвийн тухай хуульд дотоодын зах зээлд бонд гаргаж, төсвийн алдагдлыг нөхөхөөр тусгасан. Сүүлийн хагас жилд Засгийн газар дотоодын зах зээлд бонд гаргана гэж төсөөлж байна.

Засгийн газар бонд тогтмол гаргаж байх ёстой. Өмнө нь Засгийн газар төсвийн алдагдлыг л нөхөх зорилгоор бонд гаргаж байсан. Тэгвэл бусад орны Засгийн газар үнэт цаасныхаа хүүгийн өгөөжийн муруйг тодорхойлохын тулд богино, дунд, урт хугацаат өрийн хэрэгсэл гаргадаг.

Үүнтэй холбогдуулаад нэгэн жишээ ярья. “Говь” компани жилийн есөн хувийн хүүтэй бонд гаргасан. Ийм бага хүүтэй бондоо 100 хувь борлуулж чадсан юм. Учир нь “Говь” бондынхоо хөрвөх чадварыг хангаж өгсөн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч эргүүлээд зарахад “Говь” буцаан авах үүрэг хүлээсэн. Хөрөнгө оруулагчид хүү нь их байх нь биш, хөрвөх чадвартай байх нь ашигтай гэж харсан хэрэг. Тэгэхээр Засгийн газар ч хөрвөх чадвартай бонд гаргаж, зах зээлийг дэмжих хэрэгтэй. Нөгөөтээгүүр, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” арилжааны шимтгэл огт авахгүй байгаа нь ийм боломж бүрдүүлсэн гэж ойлгож болно. Өмнөх яриа руугаа шилжихэд Засгийн газрын бонд эрсдэлгүй үнэт цаас байдаг. Хөрөнгө оруулагчид эрсдэлгүй үнэт цаас сонирхдог. Засгийн газар үнэт цаас, тэр тусмаа хөрвөх чадвартай бонд гаргавал хөрөнгийн зах зээлийн цусны эргэлт хурдасна. Хүмүүст 1-3 сарын хугацаанд мөнгөө эрсдэлгүй зүйлд байршуулаад өгөөж хүртэх сонирхол бий. Цар тахлын үед банкны харилцах болон хугацаагүй хадгаламжид хүү тооцохыг хуулиар хориглосон. Иймээс аж ахуйн нэгжүүд ч харилцах дансанд байгаа бэлэн мөнгөөрөө 1-6 сарын хугацаатай үнэт цаас худалдан авч өгөөж хүртэхийг эрэлхийлэх болсон. Эл хүслийг нь биржийн бус зах зээл хангах бүрэн боломжтой.

-Засгийн газрын бондын хүүгийн өгөөжийн муруй байхгүй гэлээ. Тэгэхээр манай зах зээлд гарч буй бондын хүү баримжаа муутай байгаа гэж ойлгож болох уу?

-Бид Төвбанкны бодлогын хүүгээр Засгийн газрын бондын хүүгийн өгөөжийн муруйг орлуулж харж байна. Засгийн газар бонд гаргахгүй байгаа учраас Төвбанкны үнэт цаасыг худалдаж авах мөнгөний хэмжээ ихэссэн. Засгийн газар бонд гаргавал Төвбанкны үнэт цаасыг худалдаж авах мөнгөний хэмжээ буурна.

-Үнэт цаасны хөрвөх чадварыг бүрдүүлнэ гэдэг ойлголт маш чухал. Монголын хөрөнгийн зах зээл хөрвөх чадваргүй байдаг нь хөгжлийг нь гацаадаг л даа.

-“100 мянган төгрөгөөр хувьцаа худалдаад авчихсан. Гэтэл буцаагаад заръя гэхээр худалдаж авах хүн байхгүй байна” гэж гомдол мэдүүлэх нэгэнтэй таарч байсан. Засгийн газар төрийн зарим сангийнхаа үнэт цаас худалдаж авах эрхийг нээж, боломж бүрдүүлбэл хөрөнгийн зах зээл амь орно. Энэ бол ойрын үед авах чухал арга хэмжээ гэж хардаг.

-Биржийн бус зах зээлд бонд гаргаж, урт хугацаанд хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэх боломж ямаршуухан байна вэ?

-Дөнгөж хөгжиж эхэлж буй гэдэг утгаараа урт хугацаанд хөрөнгө оруулах мэргэжлийн хөрөнгө оруулагч бий болоогүй байна. Хөрөнгө оруулж байгаа нь ч, бонд гаргаж буй нь ч богино хугацаагаар хардаг. Засгийн газар нэг, тав, арван жилийн хугацаатай бонд гаргаад хүүгийн өгөөжийн муруйг нь харуулчихвал гадаадын хөрөнгө оруулалтын сангууд манай зах зээлийг сонирхож, урт хугацаанд хөрөнгө оруулах боломжтой. Засгийн газар бонд гаргаснаар төсвийн алдагдлыг нөхнө гэдэг нь нэг талын ойлголт. Нөгөө тал нь Засгийн газрын бондын хүүгийн өгөөжийн муруйг тогтоосноор хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Банкууд IPO хийнэ, төрийн өмчит зарим компанийн хувьцааны 34 хувийг хөрөнгийн зах зээлд арилжина, хувийн хэвшлийнхэн ч компаниа олон нийтийнх болгохоор зэхэж байгаа. Тэгэхээр нийлүүлэлт тал нь нэмэгдэх нь. Одоо эрэлт буюу хөрөнгө оруулагчаа яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг бодох ёстой. Мэдээжийн хэрэг дотоодод хувьцаа худалдаж авах сонирхолтой хүн олон болсон. Тэдгээрээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг хөрөнгийн зах зээл рүү татах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газрын бондын хүүгийн өгөөжийн муруйг л харж байж хөрөнгө оруулах, эсэхээ шийднэ. Засгийн газар дотооддоо богино, дунд, урт хугацаат өрийн хэрэгсэл гаргаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах стратеги хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнээс гадна Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй уялдуулан эрсдэлгүй үнэт цаасныхаа хүүгийн өгөөжийн муруйг тогтоох нь хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд ихээхэн тустай юм.

Зураг