Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчны хамгийн өндөр нэг медальд урамшуулал олговол ₮636 саяыг хэмнэнэ"

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов.

Тус байнгын хорооны дарга Г.Дамдинням: Өнгөрсөн оны аравдугаар сарын үед олимп, тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдад насан туршид нь олгодог урамшууллын талаар нийгэмд ид яригдаж байсан. Дүрэм, журамд нь өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх ямар боломж байгааг судлах чиглэлийг байнгын хорооноос тогтоол гарган холбогдох байгууллагад өгсөн. Үүний хэрэгжилт ямар байна вэ.

Олимп, тив, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчин гэмт хэрэг үйлдэж, ёс бус үйлдэл гаргаж, юу ч хийхгүй байсан ч дээрх төрлийн урамшууллыг авдаг байх зохицуулалт үйлчилж байгаа. Энэ урамшуулалд зориулж энэ оны төсөвт 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ дээр ямар өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна вэ.

Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Шаравжамц: Энэ урамшууллын зардлыг яаж хэмнэх боломжтойг бид нэлээд судалсан. Зарим тамирчин гурван медалийн урамшуулал авч байна. Эдгээр тамирчдад олимпын наадмын хамгийн том медаль, дэлхийн аваргын хамгийн том медальд урамшуулал олгоно гэдэг байдлаар тооцвол 384 сая төгрөг хэмнэгдэхээр байна.

Эсвэл хамгийн өндөр зөвхөн нэг медальд нь урамшуулал олговол 636 сая төгрөгийн хэмнэлт гарахаар байгаа.

Бид агентлагийнхаа чадлынхаа хэмжээнд л ийм судалгаа хийлээ. Тамирчдад урамшуулал олгох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шийддэг учраас өөр байдлаар судалгаа хийгээгүй.

Одоогийн байдлаар 67 тамирчин сар бүр урамшуулал авдаг. Үүнд:

  • Дэлхийн аваргын хос медальтан 19,
  • Олимпын хос медальтан 2,
  • Олимп, дэлхийн хос медальтан 16 байна.

Ерөнхийдөө Монгол Улсын 118 медальд мөнгөн урамшуулал олгодог.

Эрүүгийн болон ёс зүйн хариуцлага хүлээсэн тамирчинд урамшуулал олгохгүй гэдэг заалт оруулах нь зөв гэж үзэж байгаа.  

Байнгын хорооны дарга Г.Дамдинням: Ц.Шаравжамц дарга аа, танай агентлаг журмын төсөл боловсруулаад Ерөнхийлөгч, Засгийн газраас саналыг нь авч, байнгын хороонд танилцуулах үүрэгтэй.

Бусад улс орнуудад тамирчдад насан туршид нь урамшуулал олгодог зохицуулалт байхгүй. Цаашид өндөр амжилт гаргасан дөрвөн жилд нь өгөөд тэтгэвэрт гарсных нь дараа үргэлжлүүлээд олгодог болох ч юм уу саналаа боловсруулаад танилцуул.