Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд ЕТГ-ын дарга Я.Содбаатар оролцжээ

А.Намуун, iKon.mn
2022 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Солонгос Улсын/БНСУ/ шинээр сонгогдсон ерөнхийлөгч Юн Сүк Ёл өнөөдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орж буй талаар мэдээлсэн. Энэ оны гуравдугаар сард болж өнгөрсөн БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний консерватив намаас прокурор асан Юн Сүк Ёл ялалт байгуулаад байсан юм. 

Түүний тангараг өргөх ёслолд манай улсаас Ерөнхийлөгчийн Тамгын Газрын/ЕТГ/ дарга Я.Содбаатар оролцсон байна. "Өөр албаны хүмүүс яваагүйг" эх сурвалж хэлэв.

Тэрбээр 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд бараалхах юм байна.

зураг
 

Тангараг өргөх ёслолд Сингапурын Ерөнхийлөгч Халима Яакоб, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Фостин Арченж Таудэра, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисийн нөхөр Даг Эмхофф, Индонезийн Ерөнхийлөгч асан Мегавати Сукарнопутри, Канадын Сенатын спикер Жорж Ж.Фюрей, Узбекистаны Сенатын тэргүүн дэд дарга Садык Сафаев, Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса зэрэг гадаадын 300 гаруй элч, төлөөлөгч урилгаар оролцжээ.

Үүнээс өмнө 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы эзэн хааныг сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцож байсан билээ.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс жуулчлахаар ирэх солонгос иргэдийг 90 хоног визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан бол БНСУ-ын Засгийн газар тав буюу түүнээс дээш тоотой бүлэг монгол жуулчдад 30 хүртэл хоног визгүй зорчих эрх олгохоор болсныг зарлаад байгаа юм.