Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрт илрүүлгээр 18-30 насны залууст зүрхний хэм алдалт, цөсний чулуу, ходоодны хавдрын урьдал үе оношлогдож байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрт илрүүлэг, оношилгооны ажил эхэлсэнтэй холбогдуулж ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэл өглөө.

"ХӨСҮТ-д 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь шинээр өвчин илэрсэн"

Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажил улс даяар эхэлсэн. Түүнээс хойш ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийт 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь тухайн хүнд өмнө нь оношлогдож байгаагүй өвчнийг илрүүлсэн.

Дээрх өвчлөлд харьцангуй залуусын дунд буюу 18-30 хүртэлх насны залууст зүрхний хэм алдалт, бөөр шээсний замын өвчин болоод цөсний чулуу, ходоодны шарх болон ходоодны хавдрын урьдал үеүд оношлогдож байна. Мөн бамбайн зангилаанууд шинээр оношлогдож байгаа юм.

Эрт илрүүлэг нь урьд нь өөрөө мэдээгүй байсан өвчлөлөө эрт үе шатанд нь илрүүлж дараагийн шатны тусламжаа түргэн шуурхай аваад явах ач холбогдолтойг дээрх жишээнээс харж болно.

116 хүнээс 26 хүнд нь урьд нь шинж тэмдэг илрээгүй буюу өөрөө мэдээгүй өвчнийг оношилсон гэдэг бага биш тоон үзүүлэлт.

Тиймээс иргэд маань эрт илрүүлэх үзлэгтээ аль болох идэвхтэй хамрагдахыг хүсье. Ялангуяа залуучууд өөрийгөө залуу хүн гэж тоохгүй явалгүйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдах хэрэгтэй" гэв.

"Эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийг албан газар нь ажлаас нь чөлөөлж байгаа"

Түүнчлэн "ХӨСҮТ нь БЗД-ийн 10, 11 дүгээр хорооны 30 мянган иргэд эрт илрүүлэг шинжилгээ хийх гэрээтэй ажиллаж байна.

Манай эрүүл мэндийг дэмжих төв өдөрт 60 хүнд эрт илрүүлэг оношилгоо хийх хүчин чадалтай.

Өнөөдрийн байдлаар өдөрт 25-30 иргэн уг төвөөр үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд 46-60 насныхан түлхүү хамрагдаж байгаа бол 18-30 насныхан эрт илрүүлэгт хамрагдах нь бага байгаа юм.

Албан ёсоор эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийг албан газар нь ажлаас нь чөлөөлж байгаа тул тус боломжийг ашиглаад эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой" хэмээн асуултад хариуллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/nccdgov/videos/494417529102224