Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбоо ОХУ-ын газрын тосны импортод хориг тавихаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх зургаа дахь ээлжийн багц хориг арга хэмжээг парламентдаа танилцуулжээ.

Үүнд газрын тосны импортын бүрэн хориг багтсан байна.

Бас Украины Буча тосгон, Мариуполь хотод дайны гэмт хэрэг үйлдсэн Оросын армийн өндөр албан тушаалтнуудыг хоригт нэмэхээр болжээ.

Мөн Оросын хамгийн том банк Сбербанкыг олон улсын гүйлгээний SWIFT системээс салгах, Оросын төрийн өмчит гурван том телевизийн сувгийг Европын Холбооны орнуудад кабель, хиймэл дагуул, интернэтээр дамжуулахыг хориглох шийдвэр багтсан байна.

Газрын тосны хоригийг хэрэгжүүлэхдээ эхлээд зургаан сарын дотор импортыг нь хориглож, 2022 онд багтаан газрын тосны бусад бүтээгдэхүүний импортыг хориглохоор болжээ.

Европын Холбооны гишүүн 27 улсаас Унгар, Словак улсууд газрын тосны хоригийг эсэргүүцсэн юм. Эдгээр улсуудын онцгой нөхцөл байдлыг харгалзан үзээд энэ удаа хоригийн гадна үлдээж магадгүй байна.

Бусад гишүүн улсууд нь зургаан сарын дотор бусад эх үүсвэрээс газрын тос авахаар зохицуулах ёстой ажээ.

“Орост үзүүлэх дарамт шахалтаа дээд хэмжээнд нь хүргэхийн хажуугаар бид өөртөө болон холбоотнууддаа ирэх хохирлыг хамгийн бага байлгахад анхаарах ёстой. Бид энэ дайнд Украиныг ялуулахыг хүсэж байна” гэж Ляйен хэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC