Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сансраас буцаж ирсэн пуужинг нисдэг тэрэгнээс шүүрэх туршилт боллоо

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тойрог замд хиймэл дагуулыг хямд өртгөөр байрлуулах чиглэлд ажилладаг Rocket Lab компани “There and Back Again” нэртэй туршилтаа хэдхэн цагийн өмнө гүйцэтгэжээ.

Энэ нь сансраас дэлхийд буцан ирж байгаа пуужинг нисдэг тэргээр шүүрч, аюулгүй газардуулах анхны туршилт юм.

Өөрөөр хэлбэл хиймэл дагуул хөөргөх бүртээ шинэ пуужин ашиглалгүй, нэг пуужингаа олон дахин ашиглах зорилготой.

Rocket Lab компани өмнө нь сансраас буцаж ирж буй биш, харин нисдэг тэрэгнээс унагасан пуужинг шүүрэх туршилтыг амжилттай гүйцэтгэж байсан юм.

Rocket Lab компанийн Electron пуужин тойрог замд хүрснийхээ дараа дэлхийн агаар мандал руу буцдаг. Ингээд газарт нэлээд ойртсоныхоо дараа шүхэр дэлгэж, уналтын хурдаа удаашруулдаг юм.

Энэ үед агаарт хүлээж байсан нисдэг тэрэг пуужинг тусгай дэгээгээр шүүрдэг байна.

Саяын туршилтаар пуужинг нисдэг тэрэг шүүрч чадсан ч удалгүй далайд унагажээ. Нисдэг тэрэгний ачаалалд төсөөлж байгаагүй нөлөө үзүүлсэн тул пуужинг далайд унагахаас өөр аргагүй болсноо нисгэгчид нь тайлбарласан байна.

Гэсэн хэдий ч энэ удаагийн туршилтыг ахиц дэвшил гаргасан гэж Rocket Lab компани дүгнэжээ.

“Энэ бол маш өндөр нарийвчлалтай ажиллагаа. Хэд хэдэн нөхцөл төгс бүрдсэн тохиолдолд л амжилттай шүүрэх боломжтой” гэж Rocket Lab компанийн гүйцэтгэх захирал Питер Бэк ярьж байна.

Тус компани өмнө нь хорь гаруй удаа пуужин хөөргөхдөө нийт 146 хиймэл дагуулыг тойрог замд амжилттай хүргэсэн юм.

Хоёр жилийн өмнө Rocket Lab компанийн гүйцэтгэсэн нисдэг тэрэгнээс унагасан пуужинг шүүрэх туршилтын дүрс бичлэг:

 

Эх сурвалж: CNN