• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Менежмент Форум ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батзориг: Монголын бизнес эрхлэгчид хонины номхон морь шиг байж болохгүй

ikon.mn
2022 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

- Менежмент Форум ТББ-с 1000 бизнес эрхлэгчдийг нэгэн дор цуглуулсан “Next Leaders” арга хэмжээ 4-р сарын 27-нд амжилттай болж өндөрлөлөө. Зохион байгуулагчийн зүгээс та бүхэн яагаад уг форумын хэрэгцээ шаардлага байна гэж үзсэн бэ?

Бизнес эрхлэгчдийг нэгэн дор цуглуулсан шалтгаан ойлгомжтой. Өнөөдөр манай улсад хямрал, үнийн өсөлт, ханшийн уналт, хил гаалийн гацаа зэрэг олон асуудалтай тулгараад удлаа. Төр засгийн зүгээс бодлогын хөтөлбөрүүд зарласан ч үр дүн багатай байна. Тодорхой бус орчин ихтэй, төрийн бодлого ойлгомжгүй ийм нөхцөлд Монголын ААН-үүд туйлдлаа. Тиймээс тус арга хэмжээ нь яг л цаг үеэ олсон болохыг уригдсан зочид дуу нэгтэй хэлж байсан.

Бизнес эрхлэгчид хувь хувьдаа дов довоо болгоод гүйдэг. Бизнест тулгарч буй асуудлуудаа ихэвчлэн өөрсдөө шийдвэрлэдэг. Зөв, буруу эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс 1000 бизнес эрхлэгч нэг дор, нэг өдөр цуглаад мэдлэг, туршлага, ур чадвараа хуваалцах боломжийг олгохыг л бид зорьсон. Энэхүү форум дээр тэд бие биеэсээ урам зориг олж авсан, бизнесээ томруулах итгэл төрсөн, мэдлэг, туршлага, ур чадвараа чадахаараа хуваалцсан.

Монголд болдог ихэнх форум дээр концепц, онол ярьдаг. Харамсалтай нь, сонсогчид бизнес дээрээ хэрэгжүүлэхэд боломжгүй байдаг. Харин “Next Leaders” форум дээр бизнесийн 20 жилийн туршлагатай CEO нар амжилттай болсон кейс, туршлагаа хуваалцдаг. Тэрийг нь сонссон бизнес эрхлэгчид гараад шууд хэрэгжүүлэх боломжтой.

- Дотоодын компаниуд хоорондоо өрсөлддөг. Гэвч тэд нэгдэж туршлагаа хуваалцана гэхээр бизнесийн нууцаасаа ярилцана гэсэн үг үү? Өрсөлдөгч нартаа өөрийн нууцаа хуваалцахыг хүсэж байна гэж үү?

Нэгдүгээрт, Манай улс 13 тэрбум ам.долларын эдийн засагтай. Сүүлийн 7 жил энэ тоо бараг хөдөлсөнгүй. Ийм жижиг зах зээлд дотроо өрсөлдөөд байвал бид биеэ л хэмлэнэ. Монгол компаниуд холыг харж, хоёрыг бодож, олон улсад хүчээ үзэх ёстой. Бидний өрсөлдөгч хилийн цаана байгаа шүү. Тиймээс мэдлэг, туршлага, ур чадвараа дотроо хуваалцах нь чухал байна.

Хоёрдугаарт, Монголчууд бидэнд улс орны хэмжээнд ч, ААН-үүдийн хэмжээнд ч эв нэгдэл чухал байна. Манайд хамгийн их ажил хийдэг хэрнээ ямар ч нэр хүнд байхгүй сегмент бол баялаг бүтээгчид юм. Тэд улс төрчид, иргэдээр байнга шахуу л балбуулдаг. Монголын бизнес эрхлэгчид хонины номхон морь шиг байж болохгүй. Бизнес эрхлэгч нар л бизнес дээр юу болоод байгааг мэднэ. Түүнээс биш бизнес хийж үзээгүй хүн тэр дээр хууль, дүрэм, журам гаргаад сууж байж боломгүй. Тэр дүрэм, журамд нь бизнес эрхлэгчдийн дуу хоолой хамгийн чухал. Энэ арга хэмжээнд тэрхүү дуу хоолойг нэгтгэхийг хүссэн.

зураг
 

- Бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нэгтгэсэн маш олон байгууллага байдаг шүү дээ. Тэд бүгд л иймэрхүү зүйлс ярьж гарч ирдэг. Менежментийн Форум ТББ нь юугаараа ялгаатай гэж?

Таны хэлдэг зөв. Бизнес эрхлэгчдийг нэгтгэх маш олон сайн дурын байгууллагууд байдаг ч ихэнхдээ л улс төржсөн, арилжааны шинжтэй болоод явчихдаг нь харамсалтай. Түүнчлэн гишүүд нь бизнес амьдралдаа хийж үзээгүй хүмүүс байдаг. Тэгэхээр яаж бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж чадах билээ. Миний хэлэх гээд байгаа санаа нь бид нэг ТББ-уудтай өрсөлдөх гээд байгаа юм биш, төрийн бодлогын эсрэг компаниудыг уриалаад л явах гээд байгаа юм биш. Бид бүгд Монголчууд шүү дээ. Монгол улс хөгжих ёстой. Хөгжихийн тулд Монголын компаниуд томрох хэрэгтэй. Тиймээс төрийн зүгээс гарч буй хууль, дүрэм, журам дээр компаниуд өөрсдийн санаа бодлыг тусгаж, хамтран ажиллах нь чухал байна. Түүнээс гадна компаниуд хоорондоо хамтрал үүсгэж, бизнесийн харилцаагаа тэлэх хэрэгцээ шаардлага их байна. Форумд ирсэн бизнес эрхлэгчид нэг дор цугласан нь бидэнд итгэл найдвар байгаа, бидэнд нийгэмдээ гэрэл гэгээ болох хүч байгаа гэдгийг ойлгосон.

- Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Баярлалаа.