Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буяндэлгэр: Ямар утас хэрэглэж байгаагаас хамаарч сурагчдын нэгэндээ хандах хандлага өөр байна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг зогсоох нөхцөл, боломж" эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. 

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулиас санаачлан явуулж буй уг хуралд ерөнхий боловсролын сургуулиудын сэтгэл зүйч, багш, энэ чиглэлийн судлаачид болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцон, судалгааныхаа үр дүн, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг хэрхэн зогсоох тухай өөрсдийн хувилбаруудыг танилцуулав.

Эдгээрээс Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш Б.Буяндэлгэрийн илтгэлийг онцолъё. Тэрбээр хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт хэр байгааг судалжээ.

зураг
 

Багш Б.Буяндэлгэр "Судалгаанд англи болон хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн хэвшлийн хоёр сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулсан. 

Судалгааны үр дүнгээс харахад 

  • царай төрх, өндөр нам, биеийн жингээр шоолох 30-53 хувь
  • цахим орчин дахь дээрэлхэлт 20 хувь
  • бие биедээ нэр хоч өгөх 44 хувь
  • бусдын сул талыг даган дуурайх 57 хувь
  • эд зүйлсээ үеийнхэндээ алдах 56 хувь
  • бие махбодын аль нэг хэсэгт гэмтэл авах нь 45 хувьтай байлаа" гэсэн юм. 

Судалгааны явцад сурагчид нэгнээ өмссөн хувцас, хэрэглэж буй гар утсаар нь ялгаварлах нь түгээмэл байжээ. Энэ тухайд тэрбээр "Ямар утас хэрэглэж байгаагаас хамаарч нэгэндээ хандах хандлага өөр байна. Үүний цаана тухайн суралцагчийн гэр бүл, амьдралын түвшин нөхцөл ил харагдаж байх талтай. Утасны загвар хөөцөлдөх нь байтугай утас хэрэглэдэггүй хүүхэд ч бий. Үүнээс улбаалан хүүхдүүд гар утсыг эхэндээ гоё сайхан хэрэглээ гэж хардаг байсан бол одоо үзэн яддаг болж байна" хэмээв.

Түүнчлэн цахим орчинд нэгнээ ангийн, найз нөхдийн группээс хасах, блоклох гэх мэтээр нэгнээ ялгаварлах нь ихэсжээ. 

Иймд Б.Буяндэлгэр багш сургуулийн орчинд Сэтгэл зүйн алба нэгжийг байгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тодруулбал, "Дан ганц сэтгэл зүйч байгаад нийгмийн ажилтан, анги удирдсан багш, эцэг, эхчүүдэд сургалт явуулаад дорвитой үр дүн гарахгүй. Харин цогц байдлаар бага, дунд, ахлах ангийнханд зориулагдсан сэтгэл зүйч нар хөтөлбөрийнхөө дагуу нийгмийн ажилтан, багш, асран хамгаалагч нартай хамтран ажиллах нь зөв. Цаашлаад төрийн болон төрийн бус байгууллага, хүүхдийн эрхийн байгууллагуудтай хамтарч ажилласны үр дүнд таслан зогсоох боломжтой гэж үзэж байна" гэв.

Х.Бадамгэрэл: Гоо зүйн нөлөөллийн сургалтаар үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох боломжтой

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэгвэл Эрдмийн их сургуулийн докторант, топ модель Х.Бадамгэрэл гоо зүйн сургалтаар дамжуулан үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох боломжтой хэмээсэн юм. 

Топ модель Х.Бадамгэрэл "Би 10 жилийн өмнө Андра хэмээх гоо зүйн сургалтын байгууллагаа нээсэн. Энэ хугацаанд 7,200 гаруй хүүхдийг сургалаа. Манайд суралцахаар ирж буй хүүхдүүдийг ангилж үзвэл,

  • Дээрэлхэгч
  • ажиглагч
  • хохирогч бүлгийн хүүхдүүд байдаг. 

Дээрэлхэгч хүүхдүүд өөртөө итгэлтэй байдаг ч гэр бүлийн орчиндоо асуудалтай байх нь элбэг. Гэр бүлээс мэдэрч буй таагүй зүйлээ даван туулахын тулд бусдаас хариу авах, доромжлох зэрэг үйлдэл хийж байна. 

Харин хохирогч хүүхдүүдийн сэтгэл зүйд хамгийн их нөлөөлж, дарамтад оруулж, цаашлаад амиа хорлолтод хүргэдэг зүйлс нь 

  • Эцэг, эхийн үл хайхралт
  • Үе тэнгийнхний дарамт дээрэлхэлт
  • Ядуурал.

Засварын мөнгө, номны мөнгө зэргээ өгч чадаагүйгээс болж багш нар ангийнхных нь өмнө хүүхдийг нэр цохох нь тун буруу юм.

Дээрхээс болж хохирч буй эсвэл дээрэлхэгч хүүхдүүдийн сэтгэл зүйг гоо зүйн сургалтаар дамжуулж төлөвшүүлэх, дээрэлхэлтийг таслан зогсоох боломжтой. Энэ бол үе шаттай явагдах нөлөөллийн зарчимд суурилна. 

Хүүхэд бүр дахин давтагдашгүй, онцгой гэдгийг ойлгуулж өгснөөр өөртөө итгэдэг. Харин өөрийгөө зөвөөр хөгжүүлж буй хүүхэд бусдыгаа дээрэлхэх, гоочлох завгүй болно" гэлээ.