Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Японы судлаачид давсны хэрэглээг бууруулах зорилготой цахим савх зохион бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Японы судлаачид давсны хэрэглээг бууруулах зорилгоор цахим савх зохион бүтээснээ танилцуулжээ.

Савхыг Мэйжи Их сургуулийн профессор Хомэй Мияашита, шингэн хүнс үйлдвэрлэгч Кирин Холдингс компани хамтран бүтээсэн байна.

Хүний бугуйд зүүсэн мини компьютер нь савхтай холбогдож, цахилгаан гүйдлээр зохиомол шорвог амтыг гаргадаг ажээ.

Өөрөөр хэлбэл ийм савхаар хоол идэхэд илүү давсархаг амт мэдрэгдэх юм.

“Үр дүнд нь хоолны давс 1.5 дахин нэмэгдсэн мэт мэдрэмж төрүүлнэ” гэж Мияашита профессор тайлбарлаж байна.

Япон үндэсний хоолонд давс ихээр хэрэглэдэг. Насанд хүрсэн дундаж япон хүн өдөрт 10 грамм давс хүнсэндээ хэрэглэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их юм.

Давсыг хэтрүүлэн хэрэглэвэл цусны даралтыг өсгөж, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг.

“Өвчин эмгэгээс салахын тулд бид давсны хэрэглээгээ багасгах ёстой. Хэрвээ уламжлалт аргаар давсыг багасгавал бид дуртай хоол хүнснээсээ татгалзах, амт муутай хоол зооглох хэрэгтэй болно” гэж Кирин компанийн судлаач Ай Сато ярьжээ.

Мияашита профессор, Кирин компанийн хамтарсан баг савхныхаа туршилтын загварыг улам сайжруулаад ирэх онд зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: Reuters