Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

"15 жил зорьж бий болгосон орон сууцны санхүүжилтийн тогтолцоог нураачихвал хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр үргэлжлэх боломжгүй болно"

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Ипотекийн Корпорацаас цаг үеийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Монголын Ипотекийн Корпорац /МИК/-ын хувь эзэмшлийн тухайд Төрийн өмчит компаниуд 17.3%-ийг /Монгол Улсын Хөгжлийн Банк, Төрийн банк/, 82% -ийг хувийн хэвшлийн компаниуд /Зургаан арилжааны банк болон бусад аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Үүнээс гадна 190 иргэн тус компанийн хувьцааг эзэмшдэг. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"МИК ОССК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга "Монголын Ипотекийн Корпорацыг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон 10 арилжааны банкнууд хамтран бодлогоор үүсгэн байгуулсан. Өнөөдөр 10 банкнаас тав нь үлдсэн байгаа нь банк санхүүгийн байгууллагын эрсдэлийг харуулж байна. Компанийн хувьцааг хүссэн цагтаа авч, зарах боломж хүн бүрд нээлттэй. Учир нь 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн Хувьцаат компани болсон. Түүнчлэн Худалдаа Хөгжлийн банк тус компанийн 10 хувийн хувьцаа эзэмшдэг мэдээлэл ч нээлттэй байдаг.

МИК үүссэн цагаасаа хойш Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр гаднын олон байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд үйл ажиллагаандаа олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлж ирсэн. Санхүү тайлангаа олон улсын аудитын компаниар гаргуулдаг. Мөн бусад олон улсын холбоонд элссэн. 

Иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох процессод МИК огт оролцдоггүй ба банк бие даасан шийдвэр гаргадаг. Тийм учраас зээл олгох явцад МИК иргэдээс ямар нэгэн хүү, шимтгэл, хураамж авдаггүй. Зээлийн нөхцөл буюу хүүгийн хувь хэмжээ, хугацаа, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, шалгуур үзүүлэлтийг эрх бүхий байгууллага тогтоодог бөгөөд МИК-ын оролцоо огт байхгүй.

МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас худалдан авдаг бөгөөд үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Ингэснээр энэхүү хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл өрх өөрийн орон сууцтай болоод байна. 

Өнөөдрийг хүртэл гарч байгаа зээл нь ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлбөрөөр Монголбанк дахин арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд зээл олгож байна.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог бөгөөд, эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк, иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Банкны салбарын хэмжээнд 5.5 их наяд төгрөгийн ипотекийн зээл гарсан бөгөөд үүнээс 80%нь хөнгөлөлттэй зээл, 20% нь банкны өөрийн эх үүсвэрээс гарсан зах зээлийн нөхцөлтэй ипотекийн зээл байна.

Ипотекийн зээл иргэдэд очиход тогтоож байгаа 6%, 8% гэх хэмжээнд МИК огт оролцдоггүй" гэлээ. 

"Асуудлын мөн чанарыг ойлгохгүйгээр иргэдэд мэдээлсэн ташаа ойлголтоос болоод 15 жил зорьж бий болгосон орон сууц санхүүжилтийн тогтолцоог нураачих вий"

Үргэлжлүүлэн тэрбээр "Нээлттэй хувьцаат компанийн хувьд Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилдог. Компанийн зүгээс ТУЗ-д хэнийг оруулах вэ гэдэгт шийдвэр гаргах боломжгүй.

Улс төрийн албан тушаалтан мэдэгдэл гаргаснаар МИК-ын үйл ажиллагаа доголдож байгаа зүйл байхгүй. Гэхдээ бид гаднын хөрөнгө оруулагч нартай харьцдаг байгууллагын хувьд эдгээр хүмүүстээ мэдээлэл өгөх ёстой. МИК 2021 онд олон улсын зах зээлд гаргасан бондын үнэ унаж байгаа. Мэдэгдэл гарсан өдөр МХБ-дээр тус компанийн хувьцаа 13 хувиар унасан.

Асуудлын мөн чанарыг сайн ойлгож байж, иргэдэд мэдээлэл өгөхгүй бол буруу, ташаа ойлголтоос болоод 15 жил зорьж бий болгосон орон сууц санхүүжилтийн тогтолцоог нураачих вий дээ. Энэ тогтолцоо байхгүй бол орон сууцны хөтөлбөр үргэлжлэх боломжгүй болно" гэлээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"МИК ОССК" ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, эдийн засагч Ч.Хашчулуун "Үе үеийн Засгийн газар иргэдэд аль болох бага хүүтэй орон сууцны зээл олгохыг хичээж ирсэн. Анх 20 гаруй хувьтай зээлийн хүүг буулгаад 2013 оноос хойш 8%-аар явсан.

Юмны үнэ их өсөж байна. 6%, 8% нь хасах талдаа болчихсон байгаа. МИК бол зээлүүдийг багцлаад хөрөнгө оруулагч нарт санал болгоод дахин мөнгө татаж орон сууцны ипотекийн зээлийг дэмждэг байгууллага. Хэрэв МИК шиг байгууллага байхгүй бол хүмүүс орон сууц авах нь багасна. Орон сууцны зээлийн хүү зах зээлийн хувиар бодвол 20% руу орно” гэв.