Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: МИК-д тавих хяналтаа сайжруулж, Монголбанк ипотекийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлого баримталж ирсэн. Өнөөдрийг хүртэл нийт 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг Монголбанк арилжааны банкуудаар дамжуулж өгсөн.

Ипотекийн зээлийн хүү 8% байхад Монголбанк арилжааны банкуудад 4%-ийн хүүтэй зээл олгодог байсан. Монголын Ипотекийн Корпорац Орон Сууцны Санхүүжилтийн Компани (МИК ОССК) ХХК дийлэнх хувийг арилжааны банкууд эзэлдэг, төрийн мэдлийн хувь бараг байхгүй.

Ипотекийн зээл өнөөдөр 6%-ийн хүүтэй болсон хэдий ч МИК зээлийн шимтгэл гэж 1.6 орчим хувийг авдаг. Санхүүжилтийн эх үүсвэр нь Монголбанкнаас 1%-ийн хүүтэй гардаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас гарсан санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулаад МИК гэрээ хийж иргэдэд өгсний төлөө хэдэн хувийн хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй. 6%-аас 1.6%-ийг нь МИК шимтгэл байдлаар авч байна гэсэн үг. 100% хувийн ААН зах зээлийн зарчмаар санхүүжилтээ босгоод иргэдэд ипотекийн зээл олгодог байсан бол өөр хэрэг.

Цаашид Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) МИК-д тавьдаг хяналтаа сайжруулж, Монголбанк Ипотекийн зээлийн журамдаа өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авч иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах хэрэгтэй" гэлээ. 

Яагаад энэ асуудлыг одоо ярьж байна вэ, өмнө ярихгүй яасан юм бэ гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр "Би хотын дарга байхдаа энэ асуудлыг хөндөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ бол олон жил дарагдсан. Өмнө нь ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 90 хувийг Монголбанк гаргадаг байсан бол одоо арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээсээ 40 хувийг гаргаж байна.

МИК-ыг татан буулгах, эсвэл төрд шилжүүлэх тухай яриагүй. Зохион байгуулалт, бүтцээ эргэж хар. Хяналтаа сайжруул гэж хэлж байгаа юм. Хүүг 0.5%-аар ч болтугай бууруулах ёстой. Ипотекийн зээлийн хүүг зургаан хувиас бууруулах боломжтой. Саяхан би хэлсэн. ХХБ-д оролцохгүй салбар, ороогүй үйл ажиллагаа гэж алга. МИК-ын дийлэнх буюу 50-аас дээш хувийг ХХБ, Улаанбаатар хотын банк эзэмшиж байна" гэв.

МИК Групп компани нь, Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийг зорилготой. МИК Холдинг ХК, түүний охин компани Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК (MИK OCCK ХХК) мөн тэдгээрийн охин компани болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор үүсгэн байгуулсан 28 Тусгай зориулалтын компаниудаас (ТЗК) бүрдэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Мэдээллийг Mpa.mn шууд дамжуулан хүргэв