• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

А.Оргодол: Говийн бүсэд өрнөж байгаа салбарынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсандаа баяртай байдаг

ikon.mn
2022 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

УБТЗ-ын Замын IV ангийн дарга Ахтайн Оргодолтой ярилцлаа. Ажлын хамт олныхоо тухай ярихдаа нүүр дүүрэн бахархал тодруулж, аавынх нь тухай дурсахад аньсага чийгтүүлэх энэ эрхэм өнгөрсөн онд ажил үйлсээрээ мэргэжил нэгтнүүдээ хошуучилж, УБТЗ-ын “Мэргэжлийн аварга”-аар шалгарсан билээ.

Тэрбээр 1993 онд тухайн үеийн Төмөр замын техникумийг Замын техникч мэргэжлээр төгсөж, Замын VI ангид замчнаар томилогдож, төмөр замчны замналаа эхэлсэн түүхтэй.

- Юуны өмнө 2021 оны "Шилдэг дарга" болсонд баяр хүргэе. Шагналаа авах мөчид танд ямар сэтгэгдэл төрж байв?

- Ганцхан миний шагнал бус Замын IV ангийн бригадын дарга, мастер, инженер техникийн ажилтан, засварын газрынхан, замчид гээд манай нийт хамт олны нөр их ажлын үр дүн шүү дээ. Товчхондоо, Замын захиргаанаас цаашид илүү хичээгээрэй гэж үнэлсэн үнэлэмж, их итгэл гэж ойлгож байгаа. Энэ ташрамд, Замын аж ахуйн албаны нийт хамт олондоо халуун талархал илэрхийлье. УБТЗ-ын аж ахуйн нэгжийн удирдлагуудын ажлыг дүгнэж байгаа учраас энэ шагналыг хүртсэндээ үнэхээр баяртай байгаа. Дээр нь манай ангийн инженер эдийн засагч мөн "Мэргэжлийн аварга" болсон. Энэ бол манай замчдын нөр их хөдөлмөрийн үр дүн.

- Ажил мэргэжлийнхээ талаар дурсахад хамгийн тод санагддаг дурсамж юу бол?

- Би таван хүүхэдтэй айлын ууган хүү. Намайг наймдугаар ангиа төгсдөг жил аав маань бурхан болсон. Аав минь тун хүнд өвчтэй. Ээжтэйгээ ээлжилж аавыгаа сахина. Тэр үед аав минь "Миний хүү сургуулиа төгсөөд ажил мэргэжлийн захтай золгож, ээждээ тус нэмэр болоорой" гэж захидаг байлаа. Энэ захиас намайг төмөр замчин болоход нөлөөлсөн байх. Дунд сургуулиа төгссөн тэр жил Төмөр замын техникум, Багшийн техникум гэсэн хоёр хуваарь ирсэн юм. Би "Хэрэв төмөр замын техникум ирэхгүй бол ТМС-т орсон ч хамаагүй, ажил хийнэ" гэж бодож байсан л даа. Наймдугаар сарын 15-нд сургуульдаа бүртгүүлээд 17-нд Ингэттолгойн сангийн аж ахуйд намрын ажилд дайчлагдаж билээ. Миний амьдралын гараа ингэж л эхэлсэн юм. Сургуулиа төгсөөд Улаантолгой зөрлөгт замчнаар очсон тэр мөч миний амьдралын хамгийн дурсгалтай, сэтгэлээс гардаггүй агшин. Тэр үед хэсгийн хэмжээнд дөрөвдүгээр зэргийн нэг л замчин ажилладаг байсан. Тэгэхэд О.Батхүү бид хоёр дөрөвдүгээр зэргийн ахлах замчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулж байлаа. Хамт олонтойгоо дасаж, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөж, өдөр бүр хамтдаа хөдөлмөрлөж, анхны цалингаа авснаас эхлээд ер нь замчны амьдрал сайхан шүү.

- Танай аав ээж малчин хүмүүс үү?

- Аав, ээж хоёр маань Баян-Өлгий аймгийн Зэрэг сумын хүмүүс. Аав 1969 онд МУИС-ийг дулааны инженер мэргэжлээр, ээж Налайхын ТМС-ийг нарийн хэмжүүрийн техникчээр төгсөөд гэр бүл болсон юм билээ. Тухайн үед Дорнод аймагт  ажиллаж эхэлсэн болохоор сургуулиа төгссөн залуусыг тийш нь томилж байж. Аав ээж минь тэр л жишгээр Дорнод аймагт хуваарилагдсан хэрэг. Би 1973 онд Дорнодод төрсөн. Дараа нь манайх Сэлэнгэ аймаг руу шилжиж, би Сүхбаатар хотын III найман жилд долдугаар анги хүртлээ сураад, долоо наймдугаар ангиа Орхонтуулд дүүргэсэн.

- Аавын орон зайг нөхөх биеэс нь ахадсан үүрэг таны бага насанд ирсэн байх нь?

- Яг тухайн үедээ амьдралыг гүн гүнзгий агуулгаар нь бодох ухаан байгаагүй юм шиг билээ. Нэгдүгээр курсдээ дөнгөж оронгуут тал талаас ирсэн олон аав, ээжийн хүүхдүүдтэй нийлээд л гуньж гутрах чөлөөгүй явахгүй юу.  Харин зуны амралтаар ээж, дүү нартаа очиход л юм юм бодогдсон доо. "Энэ гэрийг цаашид том хүүгийн, ахын хувиар хэрхэн авч явах вэ?" гэсэн эргэцүүлэл төрж, аав минь амьд сэрүүндээ хэлж байсан үгс өөрийн эрхгүй толгойд орж ирсэн. Гэрээсээ хол, таньж мэдэхгүй хүмүүстэй хамт ажиллаж амьдраад ирэхэд хүнд өмнө нь бодогдоогүй зүйл бодогдож, амьдралыг илүү өөр өнцгөөс хардаг л даа. Тэр үед ээж, дүү нар маань Орхонтуулд гэрт амьдарна л даа. Эхлээд тэр хэдийгээ даарч, хөрөхгүй тухтай байлгах гэж  ээж, том дүү хоёртойгоо хамт байшин барьсан.

- Аавтай холбоотой дурсамжаас танд хамгийн тод санагддаг нь?

- Намайг гуравдугаар ангид байхад Баян-Өлгий аймгаас ээжийн маань аав, ээж нь Алтанбулагийн сангийн аж ахуйд илгээлтээр ирсэн. Тэр цагаас хойш би аавтайгаа долдугаар анги хүртлээ Сэлэнгийн Алтанбулаг руу өвөө эмээ дээрээ очихоор явдаг байсан дурсамж тод санагддаг. Цөхөрийн бригад гээд гол ус, ой модтой их сайхан хангай л даа. Аав маань ан гөрөө хийнэ. Заримдаа надтай хамт мориор хонинд явна. Зуны амралтаа аавтайгаа хамт өнгөрүүлсэн тэр мөчүүд хамгийн сайхан бодогддог доо.

- Эцгийн үгээр дутах, хааяа нэг зандруулчихмаар үе эрчүүдийн амьдралд бишгүй таардаг шүү дээ. Аавын халамжтай дүйх хэмжээний нөмөр нөөлөгтэй үгийг танд хэлж өгсөн хүн хэр олон таарав?

- Байлгүй яах вэ.../нулимс дуслуулав/. 1999 онд би Замын I ангид ХАБЭА-н инженерээр ажиллаж байлаа. Зургаадугаар сарын эхээр шиг санагдана, Замын даргын үзлэгийн комисс очоод надад Замын IV ангийн орлогч даргаар явах санал тавьсан. Тэр үед ээж хөдөө, би эхнэр хүүхэдтэйгээ  хамт. Би уг нь ээжтэйгээ ойрхон Дархан, Сэлэнгэ хавиар ажиллах зорилготой байсан болохоор ийм гэнэтийн саналд үнэхээр тулгамдсан. Аавгүй хүнд "Одоо би яах вэ?" гэсэн асуулт л хамгийн түрүүнд орж ирдэг юм шүү дээ. Энэ бол нас залуу үед тохиолдож байсан явдал. Хэдийгээр нас тогтсон эр хүн ч гэлээ аавын орон зай гэдэг юугаар ч орлуулшгүй байнга л дутдаг зүйл шүү дээ.

Ер нь, аавын энтэй үгийг ажлын хамт олон, дарга удирдлагууд, үе тэнгийн найз нөхөд заримдаа бүр өөрөөс дүү хүмүүс ч тийм сэтгэл сүлсэн үгийг хэлнэ.

Хамт олон дунд дандаа албан ажил яригдахгүй шүү дээ. Амьдрал ахуйгаа ярилцана, санаа сэтгэлээ хуваалцана. Энэ үед хүмүүсийн харилцаан дундаас сэтгэлийн гүндээ том орон зайгаар дутагдаж яваа болохоороо ч тэр үү, тийм нөөлөгтэй үгсийг их соргогоор хүлээж авдаг. Миний ижий одоо Дорноговь аймагт амьдарч байна. Өдөр бүр ээждээ гүйгээд очмоор бодогдоно шүү.

-Таны амьдралд тохиолдсон хамгийн том сорилт, шалгуур гэвэл юуг нэрлэх вэ?

- Амьдрал гэдэг тэр чигтээ тэмцэл шүү дээ. Бэрхшээлийг давах арга зам, туршлага, гаргасан шийдвэр бүхнийг надад оногдсон сорилт шалгуур юм гэж хүлээж авдаг. Өмнөө тулгарсан бүхнийг огтхон ч түүртэхгүй туулж гарсан гэвэл худлаа. Хүнд, хэцүү зүйл бишгүй тохиолдож байсан. Гэхдээ ажил хөдөлмөр эрхэлж яваа үед хамт олон минь үргэлж дэргэд байж, зөвлөлдөж, хажуугаас тулах баттай багана болдог нь хамгийн сайхан. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, шинэ бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах гээд алийг тэр гэх вэ. Хувийн амьдралд ч ялгаагүй. Ээж, дүү нар, хань ижил, үр хүүхдүүд минь баттай хамтрагч нар болж ирсэн. Би бие даасан шийдвэр гарахаасаа илүүтэйгээр ойр тойрныхонтойгоо зөвшилцөж, оновчтой шийдвэр гаргахыг хичээдэг. Бүгдээрээ хэлэлцсэн шийдвэр гэдэг хэзээд зөв, хүчтэй байдаг. Хамтаар шийдсэн ажлаа цаг хугацаанд нь амжуулж, эцсийн дүнг нь харах, алдаа оноогоо баг хамт олноороо хэлэлцэх сайхан.

- Сүүлийн хоёр жилд хорио цээрээс шалтгаалаад хаана хаанаа л амаргүй цаг үеийг тууллаа. Гэхдээ ийм нөхцөлд "Зөрлөгийн кино театр", "Замын IV ангийн цахим концерт", "3х3 сагсан бөмбөгийн тэмцээн" гээд танай хамт олны санаачилсан олон ажил нийт төмөр замчдад үлгэр жишээ боллоо. Магадгүй ээж, дүү нартаа нөмөр түшиг болж айл гэрийн эзэн, аавын үүргийг гүйцэтгэж ирсэн туршлага тань хамт олноо удирдан чиглүүлэхэд онцгой нөлөө үзүүлдэг байх?

- Баярлалаа.

Амжилттай ажиллаж байгаа хүмүүсийг зөв цагт нь зөв хөшүүргээр урамшуулах, алдаа гаргасан тохиолдолд засах боломжийг нь олгож уучлах. Аливаа зүйл нэгээр дуусахгүй учраас өнөөдрийн үйл явдлаас илүү ирээдүйд гарах үр дагаврыг нарийн тооцоолохыг хичээдэг.

Ер нь, орчин цагийн залуусыг сайн сонсоод явбал тэдэнд маш их давуу тал бий. Тэднийг "Хариуцсан ажлаа дутуу хийдэг. Бидний үеийнхэн шиг байж чадахгүй боллоо" зэргээр дутуу үнэлдэг хандлага манай төмөр замд ажиглагдаад  байдаг. Гэтэл бидний амьдарч байсан нийгэм цаг  үе юу билээ. Бид ганц сувагтай телевиз, сонин хоёроос л мэдээллээ авдаг байлаа.

Өнөөгийн залуус мэдээллийн зуунд,  цахим ертөнцөд амьдарч байна. Тийм ч учраас залуус маань тэс өөр сэтгэхгүйтэй, тэр хэмжээндээ том хүлээлттэй болчихсон. Иймээс залуусынхаа саналыг бага гэхгүй сонсдог, ажил албандаа тусгадаг байх шаардлага удирдлагын түвшний хүмүүст тулгарч байгаа. Зарим нь ажил хийх эвээ олохгүй байна. Тэдэнд өөрөө биечлэн зааж өгдөггүй юмаа гэхэд туршлагатай инженерийг дагалдуулах, гаргасан алдаа дутагдлыг олны дунд бус өөрт нь хэлж ойлгуулах зэргээр харилцааны ур чадвар, дадал туршлага л хамгийн чухал зүйл болоод байгаа. Манай хамт олны амжилтын гол цөм нь хийж бүтээе гэсэн оргилуун хүсэл эрмэлзэлтэй ажилтнууд, тэдний хүсэл сонирхлыг хөгжүүлэх гэсэн удирдагч нарын санаа бодол, дээрээс нь бидний санаа бодлыг соргогоор олж харж, хөхиүлэн дэмжих дээд удирдлагын оновчтой шийдвэр гурвын харилцан уялдаанд оршиж байгаа юм. Манай анги 500 гаруй замчин, инженер техникийн  ажилтантай. Тэд орон зайн хувьд тархай, бутархай оршдог. Ийм орчин, нөхцөл шинэ залуу ажилтнуудад яалт ч үгүй гологддог. Тэгэхээр тэдний хүсээд байгаа зүйлийг бүрэн бүрдүүлж чадахгүй ч санаа бодлыг нь сонсоод боломжийнхоо хэрээр хийгээд явахыг л зорьдог доо. Байгууллага удирдаж яваа хүний хувьд ажилтнуудынхаа гаргасан саналыг тодорхой хэмжээгээр шийдэж өгөхгүй бол тэднийхээ ажиллах эрч хүч, хамт олноо гэсэн сэтгэл, зүтгэлийг мохооно шүү дээ. Хар багаасаа виртуал орчинд өсчихсөн хүүхдийг буйдхан зөрлөгт хэрхэн дасгаж, сайн төмөр замчин болгох вэ гэдэг нь бидний ур чадвараас хамаарна.

- Танай ангийн хариуцсан хэсэгт гол тулгамдаж байгаа асуудал нь юу вэ?

- Манай ангийн хариуцсан хэсэг бүхэлдээ говийн бүсэд хамаарна. Товчхондоо байгаль цаг уурын тааламжтай бус нөхцөлд манай замчид ажиллаж амьдарч байна гэсэн үг. Бусад анги ялангуяа, хойд хэсэглэлийн ангийн ажилчдынх нь шилжилт хөдөлгөөнийг харахад маш тогтвортой шүү дээ. Хангайн бүс учраас байгаль цаг уур нь тааламжтай, туслах аж ахуй эрхлэх боломжтой гээд олон давуу талтай бол манайд энэ байдал хязгаарлагдмал. Нөгөө талаасаа ангигүй өртөө, зөрлөгүүдтэйгээс эхлээд ачаалал нягтрал ихтэй.

Сүүлийн жилүүдэд говийн бүсэд шинэ төмөр замууд ашиглалтад орж байна. Ижил бүсэд ажиллаж байгаа нөхцөлд мэдээж хэн ч цалин хөлс илүү газар руу л тэмүүлнэ. Энэ ч утгаараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт руу зөвхөн манай анги ч гэлтгүй урд бүсийн төмөр замчид ихээр шилждэг болсон. Эхлээд замчид явж байгаа бол цаашид холбоочид, зүтгүүрчид гээд улам нэмэгдэх хандлагатай байна. Тэр хэмжээгээр бид олон жил бэлтгэсэн мэдлэг, туршлагатай шилдэг замчдаа, ажилтнуудаа алдаж байна. Энэ бидэнд тулгамдаж байгаа гол бэрхшээл.

Тэгэхээр өөрсдийн бэлтгэсэн чадварлаг ажилтнаа тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй. Бусад асуудлыг шийдэж болно. Хэдийгээр цар тахлын дараах эдийн засгийн хүнд үетэй нүүр тулж, хэмнэлт хийхээс аргагүй байгаа ч эргэн бодож, нухацтай харахгүй бол болохгүй асуудал гэвэл чухамдаа энэ.

Манай төмөр замчид  ажлын байрны өрсөлдөөнд орж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ өрсөлдөөнөөс хохирол багатай гарахын тулд зарим нэг зүйл дээр менежмент хийх зайлшгүй шаардлага бий.

-Таныг замчин мэргэжилдээ,  говь нутагт ажиллахад нөлөөлсөн, “уяж“үлдээсэн зүйл юу вэ?

- Хамт олон л юм даа. Говийн хүмүүсийн зочломтгой, уужуу тайван зан. Бага залуу хүнийг ажил мэргэжил, хамт олон дунд нь идээшүүлэх, сургаж авах арга барил цаанаа л  өөр. Манай ахмадуудын ургуулж ирсэн энэ сайхан уламжлал одоо ч алдагдаагүй байгаа гэж би боддог. Намайг 1999 онд ирэхэд манай ангийн хэмжээнд их засвар ороогүй байлаа. Ингээд 2009 оноос эхлэн их засварт орж, өнгөрсөн жил улсын хил хүртэл хоёр дахь удаагаа их засварт орохыг харсан минь төмөр замчин хүний хувьд нэр төрийн хэрэг юм даа. Дээр нь алсын удирдлагатай зөрлөгүүдийг нээж, шинэ төмөр замын бүтээн байгуулалт өрнөсөн гээд говийн бүсэд л манай салбарын хөгжил дэвшил хурдацтай явагдлаа. Цаашид хос замтай болно гээд ирээдүй үнэхээр гэрэлтэй байгаа.  Ер нь, нэг хийсэн ажлынхаа эцсийн үр дүнг харах, үүрэг хүлээсэн бол түүнийхээ төлөө тууштай явах нь төмөр замчин хүний үндсэн зарчим гэж ойлгодог. Өөр зүйлд сатаарах чөлөөгүй ажил үйлс өрнөж, хийсэн бүтээсэн бүхэн нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа учраас би эндээ илүү ээнэгшсэн юм болов уу. Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулгарч, алдаж эндэж явсан үеүд мэдээж бий. Гэхдээ хамт олныхоо хүчээр тэр бүхний цаана гарчихсан нь өөрөө аз жаргал. Зам бүхэлдээ их засварт орж, гүүр хоолой хиймэл төхөөрөмжөө сайжруулсан, цаг уурын урьдчилсан мэдээлэл авах арга барил ч цоо шинэ түвшинд хүрсэн гээд манай албаны хэмжээнд ахиц дэвшил их гарсан. Гэхдээ тооцоолсноос давсан хэмжээний ус зам руу орж ирэх тохиолдол говийн нөхцөлд бий.

- Хийж бүтээх хүсэл эрмэлзэл, урам зоригийг мохоосон тохиолдол гарч байв уу?

- Нэлээд олон жилийн өмнө бүх байгууллагын удирдлага санхүүгийн эрх чөлөөтэй байлаа. Гэтэл тэр нь жилээс жилд хумигдаж байна. Үүний уршгаар ялангуяа биднийг УБТЗ ХНН гэх том байгууллагаар нь хардаг орон нутгийн бизнес эрхлэгч нар "Танайхтай худалдах, худалдан авах гэрээ хийхгүй" гэдэг. Хамтарч  ажиллахаас цааргалдаг болсон. Энэ нь, шугам замд ажиллаж байгаа замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, байгууллагадаа засвар үйлчилгээ хийх боломжийг алдахад хүргэж байна. Цаг тухай бүрд нь нийгмийн асуудлаа шийдэж чадахгүй болсноор нэлээд хэдэн жилийн дараа асар их хэмжээний хөрөнгөөр засвар хийх эрсдэл рүү оруулаад байгаа юм.

- Удирдагч хүнд манлайлал, ёс зүй гэж чухлаас чухал хэмжүүр байх ёстой юм шиг ээ? Энэ талаарх таны бодол?

- Байгууллагын удирдлагын хувьд хийж хэрэгжүүлэх гэж буй ажлаа хамт олондоо зөв ойлгуулах нь хамгаас чухал. Хүн бүр тухайн ажлын талаар зөв ойлголттой болсноор тал талаасаа ярилцаж, санал бодлоо чөлөөтэй хуваалцах боломж бүрдэнэ. Энэ хэрээрээ алдаа мадаг багатай, чамбай ажил болно. Түүнээс биш “ Бүхэнд би гэдэг үүднээс хандах,  би дарга хүн” гээд цор ганц өөрийн шийдвэрээр зүтгээд байж яавч болохгүй. Миний ярьсан зүйл туйлын үнэн гэсэн үг биш. Өгсөн үүрэг даалгаврыг минь ажилтан зөв гүйцэтгэж байвал би зохион байгуулах гэж байгаа ажлаа зөв ойлгуулж чадсаных гэж боддог. Хэдий тайлбарласан ч гүйцэтгэл нь буруу гараад байвал ажилтандаа хангалттай ойлгуулж чадаагүй л байна гэсэн үг.

- Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Сэтгүүлч Б.Дэлгэрхишиг

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.