• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

А.Батпүрэв: Мөнгөний монополиос чөлөөлөгдөж амьдралаа гартаа авцгаая

ikon.mn
2022 оны 4 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

“Ашид Ассет Менежмент” ХХК-ийн үүсгэн байгуулагч, активист эдийн засагч А.Батпүрэвтэй ярилцлаа.

- Активист эдийн засагч гэж юу гэсэн үг вэ, бас нэг төрлийн тэмцэгч үү?  

Эдийн засгийн бодлого, арга хэрэгслийг ашиглаж тодорхой нэг үзэл санааг түгээх, нийгмийн өөрчлөлтөд манлайлахыг эдийн засгийн активизм гэж хэлж болно.Хариуцлагагүй компанийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх бойкот гэх мэт тэмцэгч жагсагч маягийн үйл ажиллагаа ч энд багтана.

Гэхдээ нийгмийн өгөөжтэй бизнес, нөлөөллийн хөрөнгө оруулалт, компанийн засаглалын реформ зэрэг илүү бүтээлч агуулгаар ойлгох нь зөв. Миний хувьд нийгмийн аливаа асуудалд эдийн засгийн гаргалгаа, шийдэл байдаг гэдэгт итгэдэг. Тийм шийдлүүдийг дэвшүүлж ажил хэрэг болгох замаар бага ч гэсэн эерэг өөрчлөлт бий болгохыг зорьдог учир өөрийгөө активист эдийн засагч гэж байгаа юм.

- Эдийн засагчид эерэг нийгэмд биш мөнгө, санхүүгийн асуудалдаа л анхаардаг байх нь дээргүй юу?

Эдийн засгийн ухаан нь нэг талаас эд баялгийг судалдаг боловч нөгөө талаас нийгэм дэх хүний үйлдэл, харилцааг судалдаг шинжлэх ухаан. Анхны тодорхойлолт нь энэ юм. Эд баялгийг өсгөж арвижуулахын эцсийн зорилго нь ч хүмүүс сэтгэл хангалуун, эрхэмсэг амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тухай учраас нийгмийн зорилгогүй эдийн засаг гэж байх боломжгүй. 

Манайхны дунд эдийн засгийн ухаан гэхээр амьдралаас тасархай, ёс суртахууныг бус амин хувиа хичээхийг номлодог, хүнийг бус мөнгийг чухалчилдаг, дүнсгэр ажил мэргэжил гэсэн ойлголт түгээмэл байдаг нь мэдээгүй судлаагүйн л үр дагавар.

Шударга нийгмийг хүсэж байгаа бол эдийн засгийн сурах бичиг унших нь үр дүнтэй 

- Ер нь хүн бүр эдийн засгийг мэдэж судлах албатай юу?

Мэдээж хүн бүхэн эдийн засагч байх боломжгүй. Гэхдээ хэн ч эдийн засгаас гадуур амьдардаггүй. Тийм болохоор наад захын ойлголттой байх ёстой. Хүн бүр эмч биш  боловч бие махбод, эрүүл мэндийнхээ талаар ойлголттой байдаг шиг.

Нөгөөтэйгүүр эдийн засгийн эрх, эрх чөлөө байхгүй газар хүний бусад эрхийн талаар ярих боломжгүй болдог. Эдийн засгийн талаар нийгмийн бүхий л хэлэлцүүлэг маргаан нийгмийн шударга ёсны тухай асуудлыг хөнддөг. Бас шударга ёс амласан улс төрийн аливаа үзэл баримтлал бүр өөрийгөө зөвтгөх эдийн засгийн үндэслэл дэвшүүлж ирсэн. Тиймээс та шударга нийгмийг хүсэж байгаа бол Сүхбаатарын талбайд гарч жагсахаасаа өмнө эдийн засгийн сурах бичиг унших нь үр дүнтэй.  

- Шударга ёс гэж маргаантай асуудал руу орчлоо, эдийн засаг шударга эсэхийг яаж хэмжих юм?

Хууль зүй, философи, ёс зүйн гэх мэт олон талаас нь янз бүрээр ойлгодог байх. Орчин үеийн эдийн засгийн хувьд бол нийгмийн сайн сайхан байдлыг авч үзэнгээ хамгийн гол нь хүн бүрийн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх гэсэн либерал хандлага голлодог. Энэ утгаараа сонголтын эрх чөлөө, тэгш мэдээлэл, тэгш боломж, чөлөөт өрсөлдөөн, өмчлөлийн эрхийг  хамгаалах үр дүнтэй хууль, шүүхийн тогтолцоо зэргээр шударга ёсыг ойлгоё. Эдгээр зарчмууд манайд нийгэмд ямар билээ гээд бодохоор дүгнэлт хийхэд нэг их хэцүү биш.

“Үндсэн хууль бол эдийн засгийн баримт бичиг“ гэсэн хэлц байдаг. Харин бид үндсэн хуульдаа “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” байгуулна гэчхээд эдийн засгийн тогтолцоо маань улам бүр хүмүүнлэг бус мөлжлөгийн шинжтэй, иргэний бус төр давамгайлсан, ардчилсан бус олигархийн буюу феодалын тогтолцоо руу гулсаж байна.

Манай эдийн засаг нүүрс, зэсийн үнээс хамааралтай, хилийн боомт, тээвэрлэлтийн асуудалтай байгаа нь үнэн боловч язгуур асуудал маань тогтолцоо шударга бус байгаад оршино. 

зураг
 

- Арай л сүржин дүгнэлт болчхов уу, баримт дурдвал?

Мэдээллийн тэгш бус байдлыг авч үзье. ЖДҮ сангаас 3 хувийн хүүтэй зээл олгож байгааг жинхэнэ жижиг, дунд бизнес эрхлэгчид нь мэдээчгүй байхад дарга нар хувааж авчхаад дараа нь “мэдээлэлд ойр байсан бидний буруу юм уу” гэж ярихыг бид сонссон.

Тэгш боломж дээр Хөгжлийн банкны жишээ. Нэг аравны найман их наяд төгрөгийн зээл нь найдваргүй болсон тухай ярьж байна. Нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр маш их хэмжээний зээл авчхаад төлөхгүй байх арга саам хайцгааж байгаа хүмүүс жирийн иргэд биш гэдгийг бид мэднэ. Энэ мөнгийг тавь, тавин саяар нь тараагаад олговол 36 мянган жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүрэлцэх байсан. Учир нь ихэнх ЖДҮ ихдээ ийм хэмжээний л мөнгийг өндөр хүүтэйгээр зээлж ажил амьжиргаагаа залгуулдаг. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкнаас хулгайлсан мөнгөөр 36 мянган цайны газар, үсчин, кафе, оёдлын цех, лангууны худалдаачин, эмийн сан, найман нэрийн дэлгүүр гэх мэт жижиг бизнес эрхлэгчид хөл дээрээ босож болох байжээ, гэвч тийм боломж олгоогүй.

Сүүлийн 20 жилд төсвийн орлого нэрлэсэн үнээрээ 30 дахин нэмэгдсэн. Энэ хугацаанд өрхийн сарын дундаж орлого 160 мянгаас 1 сая 600 мянга болж 10 дахин л нэмэгджээ. Өөрөөр хэлбэл төр иргэдээсээ 3 дахин илүү хурдтай баяжсан. Дээр нь салбар бүрд төрийн өмчит компаниуд байгуулагдаж төсвөөс гадуур түүнтэй дүйхүйц том төрийн сектор үүсчихлээ. Энэ тэгээд иргэний, хүртээмжтэй эдийн засаг мөн үү? 

Бизнесүүд ихэвчлэн улс төрийн дэмжлэгтэй цөөн хэдэн групп дээр төвлөрч өв залгамжлагчид нь амжилттай хөрөнгө оруулагч, өсөж байгаа стартап гэх мэт нэрээр ашигтай гэсэн болгоныг мөнгөөр зодож хийж байна. Улс төр, төрийн алба, бизнесийн бүтэн салбар өвлөгддөг боллоо. Ийм гэр бүлийн гишүүн биш чадварлаг залуучууд үе улиран тэдний хамжлага хийхээс өөр гэрэлт ирээдүй хомс байна. Энэ феодализмын зам бишүү?   

- Тийм байна. Одоо тэгээд яах вэ, буцаагаад нийгэмчлэх үү?

Тийм туйлширсан арга зам дэвшүүлэхийн оронд системээ засварлах шийдэл санал болгодгоороо эдийн засгийн активизм улс төрийн популизмаас ялгарна. Учир нь эдийн засгийн ухаан оролцогч талуудын аль алиных нь ханамжийг хамгийн өндөр байлгахаар нөөцийг үр ашигтай солилцох тухай судалдаг. Харин улс төрийн тэмцэгчид эрх мэдэл, баялгийг нэг анги бүлгээс нөгөөд булааж авч өгөхийг гол зорилгоо болгодог юм шиг билээ.   

“Капитализмыг капиталистуудаас аврах нь” гэж хоёр том эдийн засагчийн бичсэн ном байдаг. Тэр номд байгаа тогтолцоонд өөрчлөлт хийхийг тэр тогтолцооноос үр ашиг хүртэж буй хэсэг бүлэг өөрийн мэдэлгүй эсэргүүцдэг, гэхдээ зайлшгүй өөрчлөлт шинэчлэлийг дэмжиж хийхгүй бол эцэстээ тэд хамгийн их хохирно гэдгийг их нарийн гаргаж ирсэн байна билээ. Өөрөөр хэлбэл өнөөгийн байдал даамжирвал хөрөнгө хурааж нийгэмчилнэ, хувьсгал хийнэ гэх мэт юм ярьдаг улс төрийн фанатуудыг дэмжих хөрс бэхжиж  эцэстээ хүчирхийллээр төгсөх аюултай.

Дөрвөн том банк Монгол Улсын санхүүгийн зах зээлийн гуравны хоёрыг хянадаг

- Эдийн засгийг философилог талаас нь нэлээд ярьчихлаа. Одоо амьдралд буулгая. Хүмүүсийг яаж мөнгөтэй болгох вэ? гэдэг ч юм уу.

Хүмүүсийг мөнгөтэй болгоно гэхээр уул уурхайн орлогоос халамж хишиг тараах, эсвэл тэтгэврийн зээл тэглэх мэт бол биш юм байна гэдгийг бид харлаа. Одоо тэгэхээр эдийн засгийн өсөлт хөгжил хүмүүст хүртээмжтэй байх, ажил төрлөө хийгээд явахад амьдрал дээшилж болдог орчин бий болгох тухай анхаарцгаая. Мэргэжлийн үгээр бол хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийг бүтээхгүй бол болохгүй нь. Миний бодлоор үүний тулд эхлээд санхүүгийн салбарын төвлөрлийг задалж  мөнгөний монополийг чөлөөлөх хэрэгтэй.

- Мөнгөний монополи? Манай улсад олон банк, банкнаас бусад санхүүгийн байгууллага ажилладаг яаж монополи байх боломжтой юм бэ?  

1913 онд АНУ-ын Ерөнхийлөгч Вүдроу Уилсоны хэлсэн үгнээс ишилж хэлье, яагаад гэвэл 110 жилийн өмнөх Америк өнөөгийн Монгол хоёр яг адилхан байгаа юм... Өнөөдөр манай улс дахь хамгийн том монополи мөнгөний монополи болчихсон байна. Аж үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, аливаа жижиг дунд бизнесийг ч зээллэг хянаж байна. Улс орны өсөлт хөгжил, та бидний бүхий л үйл ажиллагаа зээллэгийн тогтолцоог хянаж буй цөөхөн хүний гарт орсон. Тэдгээр хүмүүс хэдий шударга, сайхан сэтгэлтэй байлаа ч гэсэн өөрсдийн ашиг сонирхолд хязгаарлагдах тул эцэстээ тайван суугаад тогтмол хүүгээ авахыг илүүд үзнэ. Ингэж тэд эдийн засгийн жинхэнэ эрх чөлөө, санаачилгыг дарлаж байна. Банк санхүү нь бизнесүүдийн хэрэгсэл бус харин эзэн болсон ийм асуудлыг “мөнгөний монополи” гэж шилжсэн утгаар хэлж байна.

зураг
 

- Санхүүгийн салбарын төвлөрөл гэж юуг хэлээд байна?

Санхүүгийн систем арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагууд, хөрөнгийн зах, даатгалын салбар гэх мэт олон тулгууртай байх ёстой байтал манайх банк гэдэг ганц хөлтэй, тэр ганц хөл нь цөөхөн хэдэн хадаастай байгааг хэлж байна. Банкны салбарын нийт актив хөрөнгийн зах дээрх бүх компанийн үнэлгээнээс 7 дахин, даатгалын салбарын активаас 160 дахин, ББСБ-уудын нийт активаас 20 дахин их.

Тоймлоод хэлэхэд манай санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгийн 80-с дээш хувь банканд төвлөрсөн. Түүн дотроо ХААН, ХХБ, Голомт, Төрийн гэсэн дөрвөн банк Монгол Улсын санхүүгийн зах зээлийн гуравны хоёрыг хянадаг гэж хэлж болно. Үүний цаана гарын арван хуруунд багтах хүн байгааг бид мэдэж байгаа. Түүгээр зогсохгүй эдгээр банкууд даатгал, үнэт цаасны салбарт хамааралтай компаниудаараа дамжуулан хамгийн том тоглогчид болсон. Сүүлдээ өөрсдөө хоол хүргэлтийн бизнес хийх нь холгүй байгааг хүмүүс ярьдаг даа.      

- Банкны салбарын хөрөнгө чинь гэвч цөөн хэдэн банкны эзний өмч биш биз дээ, олон зуун мянган харилцагч байгаа? 

Яг зөв. Эх үүсвэр талыг нь эздийн өмчөөс илүүтэй иргэд, байгууллагын харилцах, хадгаламж бүрдүүлж байгаа. Хадгаламжийнх нь тал хэсгийг хүн амын 2% хүрэхгүй баян чинээлэг хэсэг эзэмшдэг. Гээд гээд цаана нь 10 шахам их наяд төгрөгийг эгэл жирийн 3 сая хүн банкандаа хадгалуулаад буцаагаад бүгд түүнээсээ зээлж амьдардаг. Гэтэл санхүүгийн зуучлагч нь өнөөгийн тогтолцоогоо аль болох өөрт ашигтайгаар хадгалахыг хүсдэг. Ганц жишээ хэлье.

2020 оны эхэн буюу Ковид эхлэх үед банкны хугацаатай хадгаламжийн дундаж хүү 12 хувь, төгрөгийн зээлийн дундаж хүү 16.5 хувь байжээ. Ингээд өнгөрсөн 2 жилийн мөнгөний бодлогын шууд үр дүнд өнөөдөр банкны хадгаламжийн хүү 13-аас 8 хувь болж буурсан бол зээлийн хүү тэгж буураагүй, 16.5-с 14.6 хувь л болсон гэх статистик байна. Хэдхэн хоногийн өмнө Монголбанк бодлогын хүүгээ нэмэхэд банкууд маргааш нь дагаад зээлийн хүүгээс өсгөсөн, харин хадгаламжийн хүүгээ нэмээгүй л байгаа. Хадгаламж, зээлийн хүүгийн энэ зөрүү зах зээл дээрх эрсдэлийн түвшинтэй уялдаж ихсэж багасаж болно. Гэхдээ эрсдэл бага үед энэ зөрүү багасаж байлуу ер нь? Эсвэл эрсдэл өндөртэй үеүдэд банкууд маань зээл хэвийн өгч байсан уу?

- Тэгэхээр төвлөрлийг задалж мөнгөний хяналтыг тараахын тулд банкуудын хувьцааг олон нийт эзэмших нь чухал юм байна, тийм үү?

Тиймээ системийн том банкуудын эзэмшлийг задалж олон нийтийн болгох нь бодлогын хувьд маш чухал шийдвэр болсон. Гэхдээ гүйцэтгэл дээр анхаарах зүйлүүд бий. Жишээ нь жижиг хөрөнгө оруулагчийн эрхийн хамгаалал байхгүй бол Улсын Их Дэлгүүр шиг л юм болж болно. УИД гэдэг хувьцаат компани 2000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй боловч огт ашиг хүртдэггүй, харин дийлэнх хувийг эзэмшигч Номин групп эндээс ганцаараа ашиг хийдэг асуудал олон удаагийн шүүх маргааны эцэст нэгэнт тодорхой болсон. Түүн шиг нэг том банкны хувьцааг иргэд өөр өөрийн боломжоор авлаа гэж бодъё, их наядаар үнэлэгдэх банкны хувьд иргэн А хэдэн мянганы нэг л хувийг эзэмшигч. Дийлэнх хувийг эзэмшиж байгаа этгээдүүд өндөр үнээр олон нийтэд хувьцаагаа зарж мөнгө босгочхоод УИД шиг муу засаглал хэрэгжүүлбэл яах вэ?

зураг
 

- Нээрээ яах юм? Иргэндээ ч ашиггүй, системээ сайжруулахгүй хөрөнгө оруулалт болчихвол?

Бид нэгдэх ёстой. Нэгдэх шийдэл нь хөрөнгө оруулалтын сан. Арван мянганы нэг хувь эзэмших арван мянган иргэн нийлж сан болбол 1 хувийг эзэмшигч болно, магадгүй тавин мянгуулаа бол 5 хувь эзэмшигч болж чадна. Ингэвэл өнөөгийн манай хуулиудын дагуу банк буюу хувьцаат компанийн гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээдүүдэд хяналт тавих, ТУЗ-д төлөөлөө оруулах, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулж асуудал тавих, компанийн зардлаар хөндлөнгийн аудит хийлгэх гэх мэт жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хангаж улмаар компанийн засаглал буюу бодлого үйл ажиллагаанд нь бодит нөлөө үзүүлэх боломжтой.

Хөрөнгө оруулалтын сан нь ийм санхүүгийн удирдлага, хууль зүй, нөлөөллийн ажлыг хувь эзэмшигчдийнхээ өмнөөс хийж түүндээ тохирох төлбөр авдаг санхүүгийн зах зээлийн чухал бүтэц юм. Бас IPO үнэлгээг мэргэжлийн түвшинд судалж байж хамгийн үр ашигтай банк болон бусад хэрэгсэлд хөрөнгө оруулах нь чухал үүнийг мөн л хувь хүн биш хөрөнгө оруулалтын сан илүү хийнэ.

Хөрөнгө оруулалт бол амьдралын хэв маяг болохоос хөрөнгөтэй болчхоод хийдэг ажил биш 

- Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулна гэдэг нь дийлэнх Монгол хүнд ахадсан том асуудал, холын мөрөөдөл шиг сонсогддог. Өдөр тутмын амьжиргаагаа яая гэж байна шүү дээ.  

Үнэндээ хөрөнгөтэй хүн хөрөнгө оруулдаггүй, харин хөрөнгө хуримтлуулахыг хүссэн хүн хөрөнгө оруулдаг. Энэ бол алсын хараатай амьдралын хэв маяг болохоос эцсийн үр дүн биш. Нэн ялангуяа Монголд анх удаа бидний байгуулж буй хамтын, нээлттэй сангийн хувьд хүн хүссэн үедээ боломжит хамгийн бага хэмжээгээрээ хөрөнгө оруулалт байнга хийж болдог, бас хүссэн үедээ мөнгөө буцаан татаж болдог онцлогтой. Банкны орлого авдаг хадгаламж шиг л гэсэн үг. Ялгаа нь мэргэжлийн баг таны өмнөөс хэзээ, ямар хөрөнгө оруулалт хийхийг шийдэж хадгаламжийн хүүнээс илүү өндөр ашиг гаргахаар ажиллана.

Тэгэхээр хөрөнгө оруулна гэдэг ердийн хүний хувьд ахадсан том асуудал буюу заавал их мөнгөтэй болж байж хийх ёстой эсвэл өөрөө санхүүгийн өндөр мэдлэг, чадвартай байх шаардлагатай зүйл биш байгаа биз. Гол нь сэтгэл зүйн саадаа давж, хөрөнгө оруулагчийн сэтгэл зүйтэй болох л чухал. Жишээ нь санхүүгийн хариуцлага, сахилга баттай байх, судалж байж шийдвэр гаргадаг байх, гаргасан шийдвэртээ тууштай байх гэх мэт.

- Хүмүүсийг яаж хөрөнгө оруулагчийн сэтгэл зүйтэй болгох вэ?

Том утгаараа бол хувь хүний сэтгэл зүй болон санхүүгийн зан байдлыг хамаатуулан судалдаг Зан төлөвийн санхүүгийн том судлагдахуун, амархан хариулт байхгүй. Хэрэглээний талаас нь авч үзвэл санхүүгийн чадамж хэмээх хувь хүний санхүүгийн харилцааны талаарх мэдлэг, чадвар, хандлагыг багтаасан ойлголт бий. Бүх насны хүн амыг хамарсан байнгын сургалт, нөлөөллийн үйл ажиллагаагаар энэхүү чадамжийг дээшлүүлж болно.

Манай компанийн хувьд санхүүгийн зан төлөвийн чиглэлээр бас нэг шинэ ажил хийж байгаа. Бид МУИС, СЭЗИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Монгол хүний хөрөнгө оруулагчийн зан төлөвийг тодорхойлох судалгааны загварыг хөгжүүлж байна. Энэ судалгааны үр дүнд таны сэтгэл зүй, зан төлөвийн онцлог, санхүүгийн нөөц чадавхыг оношилж улмаар түүнд тохирох хөрөнгө оруулалтын арга замуудыг санал болгодог болно. Эхний хэсэг бэлэн болсон.

- Сонирхолтой юм. Дугаар хорооны иргэн надад танай компани хөрөнгө оруулалтын өөр ямар боломж санал болгох вэ?

Ашид Ассет Менежмент бол Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежментийн компани. Бид эхний ээлжид санхүүгийн салбарыг голлож хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцийн салбар, олон улсын технологи, материал түүхий эдийн салбарт хөрөнгө оруулалт хийх хамтын нээлттэй сан байгуулж байна. Сан байгуулах судалгаа, төлөвлөгөө, бусад материалаа СЗХ-нд өгсөн. Бид хүн бүр хөрөнгө оруулагч болох боломжийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын үйлчилгээг илүү хялбар, хямд, хариуцлагатай болгох шийдлүүдийг хөгжүүлдэг. Цаашид мобайл апп, хувийн хөрөнгө оруулалтын хаалттай сангууд, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах, жижиг дунд бизнесийн сан гэх мэт ажлуудыг шат дараатай танилцуулна.

зураг
 

- Хөрөнгө оруулалтыг хямд тэгээд хялбар болгоно?

Хөрөнгө оруулалт үнэндээ тийм хялбар ажил биш. Тиймээс мэргэжлийн бус хүн суралцах гэж цагаа үрэхийн оронд мэргэжлийн хүмүүст хариуцуулбал өөрөө амар хялбар байх боломжтой. Бас үйлчилгээ авах арга замыг ч аль болох хялбар таатай болгохыг бид зорьж байна.

Дээр дурдсанчлан маш бага дүнгээр хүссэн үедээ хөрөнгө оруулдаг, таны мөнгөн дүн бага байлаа ч олон сагсанд хуваагдаж эрсдэлийг тархаах боломжтой гэх мэтээр хөрөнгө оруулалтыг хямдруулна. Мөн санд нэгдсэнээр брокерын үйлчилгээ, арилжааны шимтгэл гэх мэт зардлууд хэмнэгддэг.  

- Тэгвэл юугаараа хариуцлагатай байх юм?

Бүх үйл ажиллагаа ил тод, хууль журмын дагуу явуулж компанийн засаглалын сайн практикийг нэвтрүүлж байж хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хангах ёстой. Зохицуулах байгууллагууд ч үүн дээр хяналтаа тавина. Өнөөдөр манай улсад хий хоосон рекламаар байж боломжгүй өндөр ашиг амлаж хүмүүсийн хөрөнгийг цуглуулаад дур зоргоороо зарцуулдаг, хуурч мэхэлдэг явдал багагүй байгаа. Үүнийг хүмүүст хэлж анхааруулж эсрэгээр нь зөв практикаар ажиллаж байж бид хөрөнгийн зах зээлийн үүлэн чөлөөний нар шиг хөгжлийн боломжоо ашиглаж чадна. Тэгэхгүй бол ягаан цэнхэр тасалбарын луйвар, хадгаламж зээлийн хоршоодын асуудал гэх мэт таагүй дурсамжтай ард түмэн энэ зах зээлд эргэж итгэдэг болоход дахиад 10-20 жил шаардах биз.   

- Гол нь танай санд хөрөнгө оруулснаар хэдэн хувийн ашиг хүртэх юм бэ?

Баталгаатай тэдэн хувийн ашиг гэх мэт юмыг амлаж болдоггүйгээрээ зохицуулалттай мэргэжлийн байгууллага луйврын схемээс ялгаатай л даа. Харин өмнөх жилүүдийн зах зээлийн байдлаас үзэхэд ийм хэрэгсэл тийм өгөөжтэй байжээ, бид ингэж ажиллавал ийм үр дүнд хүрэх боломж байна гэх мэтээр судалгаа, төлөвлөгөө танилцуулж болно. Хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг, сангийн нэгж эрхийн танилцуулга гэх мэт бичиг баримтуудтай сонирхсон хүн бүр танилцаж болно. Товчхондоо сан идэвхтэй менежментийн үр дүнд инфляц болон хадгаламжаас давсан өгөөж ашгийг бий болгоно. Хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээнд зорилтот хамгийн бага өгөөжийн хэмжээг тусгана, зөвхөн түүнээс давсан гүйцэтгэл гаргаж байж л менежментийн компани урамшуулал шагнал авна.

- Танай гол зорилтот харилцагч буюу хөрөнгө оруулагчид хэн байх вэ?

Байгуулах сан тус бүрийн хувьд өөр өөр сегмент рүү чиглэнэ. Хамтын сангийн хувьд манай нийгмийн дундаж болсон ажил амьдралаа үүрч яваа ажилчин, сэхээтэн, малчин, тариаланч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн шинэ боломж олгох нь бидний зорилго. Судалгаанаас үзэхэд дансандаа багадаа 3 сая, ихдээ 100 сая төгрөгтэй энэхүү дундаж хэсэг манай хүн амын 51 хувь бөгөөд нийт хуримтлалын 46 хувийг бүрдүүлдэг юм билээ. Тэдэнд санхүүгийн шинэ боломж олговол дор нь амьдралаа өөд татаж чадах тэнхээтэй хүмүүс. Тиймээс ч бид манай сан бол санхүүгээ гартаа авч амьдралдаа эзэн болохыг хүссэн хүмүүсийн хөдөлгөөн юм гэж хэлдэг.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.