Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар технологийн томоохон компаниудын ашигладаг алгоритмыг шалгах ажлыг эхлүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хятадын засгийн газрын харьяа интернэт орчны хяналт зохицуулалтын байгууллага тус улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон вэб сайтууд, платформууд, мэдээллийн технологийн бүтээгдэхүүнүүдийн программын алгоритмд шалгалт явуулахаар болсноо Баасан гарагт зарлажээ.

Ингэхдээ тодорхой компанийн нэрийг онцолж дурдаагүй байна.

Шалгалтын хүрээнд нөлөө бүхий компаниуд өөрийн бүтээгдэхүүнүүдэд ашигладаг алгоритмыг зохицуулах байгууллагад илгээх үүрэгтэй гэнэ. Хэрвээ шалгалтын явцад нийгэмд хортой мэдээлэл түгээдэг, хэрэглэгчийн хувийн мэдээллийг буруугаар ашигладаг зэрэг үйлдэл илэрвэл тухайн компанид их хэмжээний мөнгөн торгууль оноох юм байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Бээжингийн эрх баригчид тус улсын технологийн томоохон компаниудын үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгах болсон юм.

Үүний сүүлийн жишээ нь дээр дурдсан алгоритмын шалгалт болж байна.

Засгийн газраас дарамт шахалт үзүүлэх болсны үр дүнд Алибабагийн Жэк Ма, JD.com-ийн Ричард Лю, TikTok-ийг хөгжүүлсэн ByteDance-ийн Зань Иминь, TikTok-ийн гол өрсөлдөгч Куайшоугийн Сү Хуа зэрэг үүсгэн байгуулагч, тэрбумтнууд сүүлийн хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх албан тушаалаасаа огцорсон юм.

Саяхан JD.com, Tencent, Alibaba зэрэг компаниуд ажлын байрны томоохон цомхотгол хийсэн. Тэгвэл Хятадын интернэтийн зохицуулах байгууллага эдгээр цомхотголууд үндэслэлтэй эсэхийг бас шалгаж эхэлсэн байна.

Хятад нь технологийн компаниудынхаа үйл ажиллагаанд анхаарал тавих болсон цорын ганц улс биш юм.

Энэ сард Их Британийн эрх баригчид Online Harms Bill нэртэй хуулийн төслийг санаачилсан нь нөлөө бүхий онлайн үйлчилгээнүүдэд хууль бус, хортой контентыг ямар алгоритмаар шүүдгийг хянах зорилготой ажээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын улс төрийн хоёр гол нам Social Media NUDGE Act нэртэй хуулийн төслийг санаачилсан нь мөн сошиал орчинд хууль бус агуулгатай контент тархахаас сэргийлэхэд хяналт тавих зорилготой юм байна.

 

Эх сурвалж: Business Insider