Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ангараг гарагаас ирсэн анхны аудио бичлэгийг судлаад тэнд дуу чимээ өөр өөр хурдтай тархдагийг тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ангараг гарагаас анх удаа ирсэн аудио бичлэгийг судалсан эрдэмтэд тус гараг дээр дуу чимээ өөр өөр хурдтай тархдагийг тогтоожээ.

NASA-гийн Perseverance станц өнгөрсөн оны хоёрдугаар сард Ангараг гараг дээр буусан юм. Тэр үеэс хойш станц өөрийн хоёр микрофоныг ажиллуулж, ойр орчмын дуу чимээг бичиж эхэлжээ.

Эрдэмтэд үүнээс эхний таван цагийн бичлэгийг нь судалсан тайлангаа Баасан гарагт Nature сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Ингэхдээ тэд Perseverance хөлөгтэй хамт Ангарагт очсон Ingeuinity дроны хөдөлгүүрийн чимээ, Ангарагийн чулуулгийн бүтцийг судлахын тулд зүсэлт хийж буй лазерын багажийн чимээг судалжээ.

Эхний ээлжид Ангарагийн агаар мандалд дуу чимээ дэлхийтэй харьцуулахад удаан тархдагийг баталсан байна.

Тухайлбал дэлхий дээр дууны хурд секундэд 340 метр байдаг бол Ангараг дээр секундэд 240 метр байжээ.

Энэ нь Ангарагийн агаар мандлын бүтэцтэй холбоотой гэнэ. Ангарагийн агаар мандлын 95 хувийг нүүрстөрөгчийн давхар исэл эзэлдэг бол энэ нь дэлхийн агаар мандлын 0.04 хувь байдаг.

Өөрөөр хэлбэл Ангарагийн агаарын нягтрал нь дэлхийнхээс 100 дахин бага юм байна. Энэ нь дуу чимээг 20 децибелиэр сулруулдаг гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Гэхдээ энэ бол эрдэмтдийн урьдчилан таамаглаж байсан үр дүн юм байна.

Харин огт төсөөлж байгаагүй цоо шинэ нээлт нь дуу чимээний ялгаатай хурдтай тархалт байжээ.

Тухайлбал лазер багажийн чимээ дроны хөдөлгүүрийн чимээнээс 10 метрээр илүү хурдан буюу секундэд 250 метрийн хурдтай бичигдсэн байна.

“Би бага зэрэг цочирдсон. Дэлхий дээр бүх дуу чимээ ижил хурдтай тархдаг шигээ төсөөлөөд хэмжилтэд алдаа гарсан байх гэж бодож байлаа” гэж судалгааг ахалсан эрдэмтэн Силвестр Маурис ярьжээ.

Өөрөөр хэлбэл чанга дуу чимээ Ангараг гараг дээр хурдтай, сул чимээ удаан тархдаг нь эндээс анх удаа харагдсан байна.

“Дэлхий дээр найрал хөгжмийн тоглолтыг бид зэмсгүүдийн чанга, сул дуугарахаас үл хамааран зэрэг сонсдог. Тэгвэл Ангараг дээр тайзнаас жаахан хол суусан тохиолдолд зэмсгүүдийн чимээ хугацааны нэлээд хоцрогдолтой сонсогдох юм байна” гэж Маурис ярьжээ.

Тоног төхөөрөмжүүдийн гаргасан чимээнээс бусдаар бол Ангараг дээр салхинаас өөр байгалийн гаралтай дуу чимээ бараг сонсогдоогүй байна.

Эрдэмтэд өмнө нь 1999, 2008 онуудад Ангарагийн дуу чимээг бичихийг оролдож байсан ч аль аль нь амжилтгүй болж байжээ.

 

Эх сурвалж: AFP