• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Алтай: БАНКУУДЫН IPO-нд хөрөнгийн зах зээл БЭЛЭН гэж хэлмээр байна

ikon.mn
2022 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Банкны тухай хуулиар ирэх зургаадугаар сард багтаан системийн банкууд олон нийтэд нээлттэй компани болох үүрэгтэй. Энэ цаг үед банкууд IPO хийх нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.

-Хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баяртай зэрэгцэн 2021 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ зургаан их наяд төгрөгөөр үнэлэгдлээ. Үүнд хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйлс юу байсан бэ? Монголын хөрөнгийн биржийн хувьд 2021 он ямархуу жил байсныг дүгнээд хэлээч?

-Хөрөнгийн зах зээлийн үндсэн дэд бүтцийн байгууллага болох Монголын хөрөнгийн биржийн хувьд 2021 онд яах аргагүй өндөр өсөлтийн жил байсан. Ялангуяа цар тахлын хүнд жилүүдэд иргэдийн хөрөнгө оруулах хандлагад томоохон өөрчлөлт гарсан нь хөрөнгийн зах зээл урагш том алхам хийх хөшүүрэг болсон гэж хэлж болно. Банкны тухай хууль батлагдаж, хадгаламжийн хүү буурснаар иргэд илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын боломжийг хайж эхэлснээр хөрөнгийн зах зээл олон шинэ бүтээгдэхүүн амжилттай гарсан. Тухайлбал, МХБ-ийн нийт арилжааны хэмжээ, бүртгэлтэй үнэт цаасны зах зээлийн үнэлгээ, ТОП 20 индекс, шинээр бүртгэгдсэн үнэт цаас зэрэг голлох үзүүлэлтүүд бүгд түүхэн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд голлох дараах үйл явдлууд тохиосон.

Хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй IPO буюу Сентрал Экспресс Си Ви Эс компани нийт 9,665 хөрөнгө оруулагчаас 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлснийг онцлох учиртай. Банкны IPO-г Богд банк амжилттай эхлүүлж, 31.7 тэрбум татан төвлөрүүлснээр банкны нэр арилжааны самбар дээр бичигддэг болсон нь түүхэнд бичигдэх үйл явдал.  Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК бонд гаргасан нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүллээ. Үүнээс гадна Хамтын хөрөнгө оруулалтын сангууд шинээр байгуулагдаж, нийт 55 тэрбум төгрөг олон нийтээс татан төвлөрүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь манай зах зээлд өрнөсөн гол үйл явдлын нэгд зүй ёсоор багтана. За тэгээд АПУ ХК хамгийн анхны 2 их наяд төгрөгийн үнэлгээтэй компани болсон, “Инвескор Актив”  анхны олон нийтэд нээлттэй арилжаалагддаг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаснаар хөрөнгө оруулалтын цоо шинэ бүтээгдэхүүнийг дахин нэгээр нэмсэн, Монголын хөрөнгийн биржийн Топ 20 индекс 130.3 хувиар өссөн нь дэлхийн томоохон индексүүдтэй харьцуулахад дунджаар тав дахин өсөлт үзүүлсэн гэж ирээд яривал онцолж хэлэхээр олон үйл явдал тохиолоо.

Түүнчлэн, зах зээлийн хөгжлийг олон улсын жишигт хүргэх чиглэлээр хийгдсэн томоохон ажил болох Их Британийн FTSE Russell группээс тогтоодог хөгжиж буй зах зээлийн ангилалд багтах бэлтгэл үе шат болох Ажиглалтын жагсаалтад 2021 оны есдүгээр сард багтсан нь өнгөрсөн оны онцлох ололт байлаа. Байгууллагын дотоод үйл ажиллагааны хувьд ч мөн санхүүгийн үр ашиг сайтай (3.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан) ажилласныг дуулгахад таатай байна.

Энэ он гарсаар шинээр нэгэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэгдэн арилжигдсанаас гадна нэлээд хэдэн шинэ үнэт цаас удахгүй олон нийтэд арилжигдахаар шалгалтын ажил хийгдэж байна. Түүнчлэн удахгүй гарах банкны IPO-ны бэлтгэл ажил хангагдаж байна. Одоогоор нэг банк үнэт цаасаа бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн байгаа.

Системийн банкууд IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээлийн цаашдын өсөлтийг дэмжихээс гадна иргэд үндэсний компаниудын эзэн болж, баялгаас хүртэх боломж хүн бүрд нээлттэй болох цаг үе ирээд байна.

Түүнчлэн, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 6 зорилт дэвшүүлсний нэг болох Төрийн бүтээмжийн сэргэлтийн дагуу төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг тусгасан. Үүний дагуу төрийн өмчит компаниудыг олон нийтийн, нээлттэй компани болгох ажлыг хэрэгжүүлэх нь тухайн компаниудын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахаас гадна дотоодын хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, зах зээлийн хэмжээг тэлэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэж харж байна.

-Хөрөнгийн биржийн хувьд банкуудын IPO хийх явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хөрөнгийн зах зээл бэлэн гэж хэлмээр байна. Нийт 2.5 сая иргэн үнэт цаасны данстай. Биржийн арилжаа бүрэн цахимжсан. Иргэд байгууллагуудын хөрөнгийн зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах сонирхол илт нэмэгдсэн. Системийн банкууд ойролцоогоор 500–700 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлэх байх. Банкууд IPO хийх ач холбогдол нь дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн захад нээлттэй оролцох, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх цаашлаад гаднын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах зэрэг олон эерэг жишээ дурдаж болно.

Өнгөрсөн онуудын зах зээлийн идэвхжилээс дүгнэхэд зах зээлийн багтаамжийн хувьд хөрөнгө оруулах нөөц хангалттай байна гэж хэлмээр байна.

-Өнгөрсөн долоо хоногт Монголбанкнаас Мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9 хувьд хүргэсэн. Энэ цаг үед системийн банкууд IPO хийх нь иргэд, хөрөнгө оруулагчдад ямар давуу тал үүсгэх вэ?

-Тодорхой хугацааны дараа хадгаламж, зээлийн хүү өсөж эхэлнэ. Гэхдээ өнгөрсөн онд хөрөнгийн захад олон шинэ бүтээгдэхүүн гарч тэр дундаа хөрөнгө оруулалтын сангууд үүсгэн байгуулагдсан. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болж хөрөнгө оруулагчдад хадгаламжийн хүүнээс өндөр өгөөж өгөх боломжийг үүсгэж байна гэсэн үг. Цаашдаа ч олноор байгуулагдана гэсэн хүлээлт бий. Банкны IPO ирэх 6 сард хийгдэхээр хүлээгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулах инструмент бий болсноор долларжилт саарч, төгрөгийн ханшийг тогтворжуулах бас нэгэн бололцоо үүсгэнэ гэж харж байна.

Мөн тэтгэврийн реформыг банкны IPO-той уялдуулан хийснээр Монголын эдийн засгийг шинэ шатанд хүрэх боломжтой