• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Беате Диппмар: Аж ахуйн нэгж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хамтын ажиллагаа нь ажиллах хүчин бэлтгэх гол түлхүүр

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт" төслийн менежер Беате Диппмартай ярилцлаа. 

- Сайн байна уу. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) нь Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд есөн жилийг ардаа орхижээ. Одоогийн байдлаар “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн хүрсэн үр дүнгийн талаар хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

- Сайн байна уу. Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалт (МБС)-ын салбарын тогтвортой шинэчлэлийг бий болгох чиглэлд ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны даалгавраар ХБНГУ, БНСУ-ын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) нь 2013 оноос хойш төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Түүнчлэн Австрали улсын Засгийн газар 2021 оныг дуустал, 2019 он хүртэл Швейцарын холбооны улсын Засгийн газраас төслийг хамтран санхүүжүүлж байсан.

Бидний ажлын гол цөм бол түнш мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд буюу сургуулиудын сургалт, үйлчилгээний чанарыг сайжруулах, сургууль аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсээр ирсэн явдал. Эдийн засгийн эрэлттэй, ач холбогдолтой техникийн мэргэжлүүд болох цахилгаан, мехатроник, автоматжуулалт, гагнуурчин, үйлдвэрийн механикч, хүнд машин механизмын техникч, барилгын техникч гэх мэргэжлүүдийг сонгон авч, ажил олгогчийн төлөөллүүдтэй хамтран олон улсын жишигт нийцсэн ажил мэргэжлийн стандарт, сургалтын хөтөлбөрийг боловсруулсныг бас хэлэх нь зүйтэй байх.

Салбарын хүний нөөцийн хөгжилд анхаарч, 2013 оноос хойш сургуулиудын 1,440 гаруй багш нарыг ур чадвараа ахиулах, дадлагад суурилсан сургалтад хамруулж, 500 гаруй аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн дадлагажуулагчдыг бэлтгэхэд дэмжин ажилласан.

Мөн сургууль болон ажил олгогчдын хоорондын уялдааг сайжруулах үүднээс төсөл хэрэгжиж буй сургуулиуд дээр мэргэжлийн зөвлөл байгуулагдаж, тогтмол үйл ажиллагаатай болоход нь дэмжлэг үзүүлсэн. Мэргэжлийн зөвлөл нь ажил олгогчдод ур чадварын эрэлт, сургалтын хөтөлбөрийн талаарх санал солилцох, тэдний хэрэгцээг хөтөлбөрт тусгах, төгсөлтийн шалгалтад хяналт тавин оролцох, Мэргэжлийн боловсрол, сургалтын чухал хэсэг болох үйлдвэрлэлийн дадлага сургалтыг хамтран зохион байгуулах, төгсөгчдийг ажилд авах зэрэг олон чиглэлээр хамтран ажилладаг.

Сүүлийн жилүүдэд бид түншлэгч долоон сургуулийг эдийн засаг, бүс нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тодорхой мэргэжлээр төрөлжсөн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага Чадамжийн Төв болон хөгжихөд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн. Мөн, өмнө төслийн дэмжлэгтэйгээр сургуулиудад зохион байгуулдаг байсан нээлттэй хаалганы өдөрлөг, сургалтуудыг одоо тэд өөрсдөө тогтмол зохион байгуулдаг болсон гэх зэрэг үйл ажиллагаа амжилттай үргэлжилж буй нь томоохон амжилт гэж боддог.

- Та сая долоон сургуулийг чадамжийн төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Өнөөдөр тантай Чадамжийн төвийн талаар онцолж ярилцмаар байна. Чадамжийн төвийг байгуулах үндэслэл, зорилго хийгээд чадамжийн төвийн үйл ажиллагааны талаар тайлбарлахгүй юу, сонсоогүй хүмүүс олон байгаа байх? 

Аль нэг мэргэжлийн хүрээнд төрөлжсөн Чадамжийн төв болно гэдэг концепт бол чанар болон инновацыг тухайн мэргэжлийн хүрээнд авч ирэх ойлголт юм.Олон улс төдийгүй Монгол Улсын туршлагад үндэслэн төрөлжсөн сургуулийг бий болгох нь тухайн мэргэжлийн хүрээнд аж үйлдвэржилтийн дэвшилд нийцүүлсэн, орчин үеийн сургалтын арга зүй, орчныг бий болгох явдал юм.

Чадамжийн төвүүд төрөлжсөн мэргэжлүүдийн хүрээнд, мэргэшлийн түвшинд сургалт, мөн аж ахуйн нэгжид зориулсан ур чадвар дээшлүүлэх, сургуулийн багш нарыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулахаас гадна мэргэжлийн чиг баримжаа олгох, өмнөх мэдлэгийг хүлээн зөвшөөрөх үнэлгээний ажил, Дэлхийн ур чадварын тэмцээн гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Бид түншлэгч яам, хувийн хэвшил, сургуулиудтай хамтран төрөлжсөн чадамжийн төвүүдийг байгуулснаар мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг сайжруулах, шинэчлэл хийх явцад зонхилох үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

- Олон улсад тэр дундаа ХБНГУ-д чадамжийн төвүүд хэрхэн үйл ажиллагаа явуулдаг вэ гэдэг нь сонирхолтой санагдаж байна?

- Чадамжийн төв гэдгийг олон улсад төрөлжсөн жишиг сургууль гэж ойлгодог. Чадамжийн төв нь голлон аж ахуйн нэгжүүдэд онцгой анхаарал хандуулж, анхан болон ахисан шатны сургалтаар дамжуулан чадавхжуулж, бизнесийн салбарынхантай нягт хамтран ажилладаг судалгаа, инновацын төв байдаг л даа. Тухайлбал, 1992 онд байгуулагдсан Герман-Малайзын институт нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт цахилгаан, механик инженерийн чиглэлээр өндөр ур чадвартай техникчдийг бэлтгэн, багш нарыг дахин сургаж, мэргэжлийн төрөлжсөн чиглэлээр аж ахуйн нэгжтэй хамтарсан төсөл хэрэгжүүлж байна. Вьетнамд Чадамжийн төвүүд нь 2014 оноос хойш аж үйлдвэрийн салбарынхантай илүү нягт харилцаатай ажилладаг болсон. ХБНГУ-ын мэргэжлийн сургалтын түүхэн хөгжлийг харвал хосмог сургалтын хэлбэр буюу хоёр байршилд сургалт явагддаг.

  • Эхнийх нь мэргэжлийн онолын мэдлэг голчлон олгодог мэргэжлийн боловсролын сургуулиуд
  • Нөгөөх нь үйлдвэрлэл буюу дадлага хийх боломжоор хангадаг аж ахуй нэгжийг түшиглэсэн дадлагын төвүүд юм. 

Германы аж үйлдвэрийн танхим Мэргэжлийн боловсролын хосмог сургалтын чанарын баталгаажуулалтыг хийн, шалгалт авч, амжилттай төгсөгчдөд гэрчилгээ олгох ажлыг гүйцэтгэдэг. Энэхүү хосмог сургалтын тогтолцоо нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд бусад улс орнууд шууд хуулбарлан ашиглах боломжгүй. Гэсэн хэдий ч МБС-д шинэчлэл хийхэд шаардлагатай гол хүчин зүйлсийг харгалзан үзэж болно. Үүнд:

  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа
  • Хөдөлмөр эрхлэхэд шаардагдах цогц ур чадварыг эзэмшихийн тулд ажлын байран дээр суралцах
  • Эзэмшсэн мэргэшлийн чанарыг баталгаажуулахын тулд аж ахуй нэгж хоорондын ажил мэргэжлийн стандарт болон нэгдсэн шалгалтын стандартыг үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөх.
  • Мэргэшсэн чадварлаг мэргэжлийн боловсрол сургалтын ажилчид (үүнд багш, үйлдвэрлэлийн дадлагажуулагч нар орно)
  • МБС-ын үйл ажиллагааг хэвийн, тогтмол, тасралтгүй явуулах боломжоор хангахын тулд институтчилсан судалгаа, зөвлөгөөтэй байх хамаарна.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Олон ажлууд хийгдсэнийг сонсох таатай байна. Ямар мэргэжлүүдээр хэдэн чадамжийн төв байгуулагдах вэ, үр дүнг хуваалцвал?

- Төслийн хүрээнд Улаанбаатар, төв, баруун, зүүн, говийн бүсүүдэд долоон политехник коллеж дээр (Үүнд: Барилгын ПК, Техник Технологийн ПК, Монгол-Солонгосын ПК, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний ПК, Өмнөговь ПК, Завхан ПК, Дорнод ПК) Чадамжийн төв бий болгон хөгжихөд дэмжин ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 76 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж, 15 салбарын 185 мэргэжлийн чиглэлээр 42.6 мянган суралцагч суралцаж байна.

Төсөл хэрэгжсэнээс хойш чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулагдаж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд сургалтад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангагдаж, сургалтын орчин, дадлагын байр сайжирч шинэчлэгдсэн. Суралцагчид ном сурах бичиг, гар багажаар хүртээмжтэй хангагдсан, олон талын оролцоог хангасан ажил мэргэжлийн лавлах, стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулсан зэрэг амжилтууд гарсаар байгаа. Сургалтын орчин, тоног төхөөрөмжөөс гадна төслийн гол анхааран ажилладаг цөм бол салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх юм. Тиймээс ч МБС-ын багш, ажилчдад зориулсан сургалтыг системтэйгээр түнш байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах нь төслийн гол үйл ажиллагаа байсаар ирсэн. Түүнчлэн, түнш сургуулиудад олон улсын техникийн зөвлөхүүд байрлан ажиллаж, ажлын байран дээрх сургалтыг багш, суралцагчдад олгодог.

зураг
 

СУРАЛЦАГЧДЫГ АЖ ҮЙЛДВЭР ДЭЭР АШИГЛАДАГ МАШИНУУДЫГ АСУУДАЛГҮЙГЭЭР АЖИЛЛУУЛДАГ БОЛОХОД СУРГАДАГ ЧАДВАРТАЙ БАГШ БАЙХГҮЙ БОЛ МБСБ ДЭЭР ХАМГИЙН САЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БАЙГААД Ч ХЭРЭГГҮЙ

- Чадамжийн төвүүд аж ахуй нэгжүүдтэй хэрхэн хамтран ажилладаг вэ. Хамтын ажиллагаа нь ямар үр дүнтэй байдаг талаар хуваалцаач?

- Аж ахуйн нэгж, чадамжийн төвүүдийн хамтын ажиллагаа нь ажиллах хүчин бэлтгэх гол түлхүүр. Тиймээс аж ахуйн нэгжүүд ажлын байран дээр гарч ирж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн чадварлаг боловсон хүчнээ сургуулиудтай хамтран бэлтгэдэг. Үүнтэй уялдаад Чадамжийн төвүүд сургалтын үйлчилгээ үзүүлэгчийн хувьд ажиллах хүчний мэргэшлийн хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ажил олгогчдоор хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээг олгохын тулд бизнесийн салбарынхан мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, сургуулиудын чадамжийг үнэлж, сургалтын чанарт хяналт тавихад оролцох хэрэгтэй. 

Дээрх ажлуудын үндэс суурь нь Монгол Улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоонд тавигдсан гэж хэлж болно. Тухайлбал, үндэсний хэмжээнд МБС Үндэсний зөвлөл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж харин салбарын түвшинд МБС ҮМАЗТ нь мэргэжлийн холбоонуудтай хамтран ажил мэргэжлийн стандартыг хянах, үнэлгээчдийг бэлтгэн хангаж байх жишээтэй. Түүнчлэн, сургуулиуд дэргэдээ мэргэжлийн зөвлөлийг байгуулан, аж ахуйн нэгжүүдтэй зохион байгуулалттай яриа хэлэлцээр хийх, үүнд үйлдвэрлэлийн дадлага, үнэлгээг зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

Аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоох, санал хүсэлт авах ажлыг хялбарчлахын тулд зарим чадамжийн төвүүд CRM буюу дижитал харилцааны хэрэгслийг туршиж эхэлж байна. Энэхүү ажлын үр дүнг харахыг тэсэн ядан хүлээж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Нөгөө талд багш нарын ур чадварын асуудал чухал шүү дээ. Тэр утгаараа чадамжийн төв мэргэжлийн багш, суралцагчдад ямар боломж гарч ирсэн нь сонирхол татаж байна? 

- Тэгэлгүй яах вэ. Чадварлаг багш нар бол чанартай Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын гол хүчин зүйл. Суралцагчдыг аж үйлдвэр дээр ашигладаг машинуудыг асуудалгүйгээр ажиллуулдаг болоход сургадаг чадвартай багш байхгүй бол Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага хамгийн сайн тоног төхөөрөмж байгаад ч хэрэггүй.

Тиймээс аж үйлдвэрийн хөгжилтэй зэрэгцэн багш нарт шинэ шаардлага тавигдаж байгаа. Автоматжуулалт, дижитал үйлдвэрлэл нь шинэ шаардлагыг мэргэжилтнүүдэд тавьж байгаа бөгөөд үүнийг бид сургалтдаа тусгах хэрэгтэй. Гэхдээ залуучуудын сурах соёл, зан үйл бас өөрчлөгдөж байгаа тул багш сургалтын агуулгаа илүү орчин үеийн болгох, суралцагч төвтэй сургалтын арга барилыг нэвтрүүлэн өөрөө сургагч багш, менторын үүргийг гүйцэтгэх хэрэгтэйг мартаж болохгүй. 

Орон нутгийн сургагч багш нарын нөөцийг нэмэгдүүлэх нь бидний ажлын бас нэгэн чиглэл байсан. Өмнө нь дурдсанчлан төслийн хүрээнд бид Чадамжийн төв болон бусад сургалтын байгууллагуудын багш, сурган хүмүүжүүлэгчдэд техникийн, заах арга зүйн, цахим сургалтын заах арга зүйн гэх мэт олон сургалт, үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Мөн сонгогдсон техникийн мэргэжлүүдийн хүрээнд багш нарыг мэргэшүүлэх сургалтын багцуудыг аж ахуйн нэгж, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нартай хамтран бэлтгэж байна. Чадамжийн төвүүд нь төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр бусад багш нарыг мэргэшүүлэх ба энэ хүрээнд мэргэшүүлэх багцуудыг туршиж эхлээд байна.

- Мэргэжилтэй залуучуудын дунд зохион байгуулагддаг хамгийн том тэмцээн бол Дэлхийн ур чадварын тэмцээн шүү дээ. Төсөл Монголын баг тамирчдыг дэмжиж байсан гэсэн, ямар байдлаар дэмжлэг үзүүлэн ажилласан бэ?

- Дэлхийн Ур Чадварын Тэмцээн буюу “Ур чадварын олимп” гэгддэг олон улсын энэхүү тэмцээн нь оролцогчдод өндөр шаардлага тавьдаг бөгөөд өгөгдсөн хугацаанд нарийн төвөгтэй ажилбар гүйцэтгэх даалгавар өгдөг. Дэлхийн шилдэг чадварлаг залуучууд гарын ур дүй, оюун ухаанаар өрсөлдөж, байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрт хэрэгтэй авьяас чадвараа хайж олох боломжийг олгодог талбар.

Төслийн өмнөх үе шатуудын хүрээнд Монгол Улсыг Worldskills International буюу Дэлхийн Ур Чадварын олон улсын байгууллагад гишүүн болох, “Монгол ур чадвар” уралдаануудыг тогтмол зохион байгуулах, олон улсын тэмцээнд оролцож буй эксперт багш, суралцагсдыг гадаад болон дотоодод дадлагажуулж, тогтмол ур чадварыг хөгжүүлэх, Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголын багийн оролцоо бэлтгэлийг хангах, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх, тэмцээнийг олон нийтэд таниулан сурталчлах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласан. 

- Цаашдын зорилго, хамтын ажиллагааныхаа тухай товч хуваалцахгүй юу?

- Одоогийн байдлаар бид 2023 оныг дуустал хэрэгжүүлэх төслийн хүрээндээ чадамжийн төвүүдийн үйл ажиллагааг тогтвортой явагдахад дэмжлэг үзүүлнэ. Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн үр дүнтэй механизмыг чадамжийн төвүүдэд бий болгох, аж үйлдвэрийн бусад салбаруудтай хамтын ажиллагаа бэхжүүлэх ажлын хүрээнд харьяа яаманд дэмжлэг үзүүлэн ажиллах юм. 

Боловсролын багц хуулийн нэг хэсэг болох Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг БШУЯ-аас шинэчлэн боловсруулж байгааг та мэдэх байх. Энэ хууль нь Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын чанар, хамаарал, инновацад түлхүү ач холбогдол өгч, шинэчлэлийн үйл явцын суурийг тавих чухал баримт бичиг. Чадамжийн төвүүд нь салбарын шинэчлэлд чадварлаг мэргэжилтнүүдээ хуваалцах, бусад сургуулиудад сайн туршлагыг нэвтрүүлэх, аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагаа өрнүүлэх замаар маш чухал үүргийг гүйцэтгэнэ гэж бодож байна.

Манай төслийн бас нэгэн чухал ажил бол Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын мэргэшсэн багш нарыг тасралтгүй мэргэшүүлэн сургах болон анхлан бэлтгэх тогтолцоог хөгжүүлэхэд дэмжин ажиллах юм. Энэ чиглэлээр багш мэргэжлийн магистрын хөтөлбөрийг туршилтаар хэрэгжихэд дэмжин ажиллаж байна.

Бид хувийн хэвшилтэй хамтран ажилласнаар илүү үр дүнд хүрнэ гэж үздэг. Тиймээс хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжуудыг байнга судалж, ашиглах нь хамгийн чухал. Нийгмийн төлөөх зорилгод хоёр орны аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгө оруулах сонирхол нийцсэн тохиолдолд ХБНГУ-ын ЭЗХАХЯ-ны төр хувийн хэвшлийн түншлэл, (DeveloPPP.de) хөтөлбөрийн хүрээнд хамтарсан төсөл боловсруулж, хамтран хэрэгжүүлэх боломжтой байдаг гэдгийг төгсгөлд нь хэлмээр байна.

- Ярилцсанд баярлалаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.