• 6 сарын 27, Даваа
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хуучны Яармагаас хотын шинэ төв хүртэл…

ikon.mn
2022 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

-Яармагийн дэнждээ алдартай хамтлаг дуучид, баг тамирчдын зургийг хуваалцан үзэж, гадаад ертөнцийн сонин сайхныг нэг нэгдээ гайхуулан дуулгаж, “гэр хорооллын хүүхдүүд бид эдэн шиг болох сон” гэж мөрөөдөн ярилцаж явсан бидний аав ээж, ах эгч нарын үе ард хоцорчээ. Яармаг шинэ зууны шинэ хотын төв болжээ-

Улаанбаатар хотын шинэ төв land mark хэмээгдэж буй Яармаг орчмын газар нутаг тэртээ зуун жилийн өмнөөс л хүрээнийхний хамгийн чухал газар байлаа. Үндэсний эрх чөлөөний төлөөх 1911 оны хувьсгалын үр дүнд Богд хаант засгийн газар таван яамтайгаар байгуулагдаж, улмаар 1912 оноос Арван засгийн наадам нэрээр өнөөгийн Яармагийн дэнжид улсын наадмаа тэмдэглэж эхэлжээ. Бидний өнөөгийн ярьж заншсанаар улсын баяр наадам маань 1912 оноос 1922 он хүртэл Арван засгийн наадам нэрээр, 1922 оноос 1958 он хүртэл Цэргийн наадам, Ардын хувьсгалын ойн баяр наадам нэрээр Яармагийн дэнждээ л болдог байв. Харин 1958 онд Төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орсноор наадмын талбай маань наашилжээ.

 

Яармагийн дэнжид наадамлахаар ирсэн нутаг нутгийн хүмүүс Богд хан уулын дархан цаазат газрын Тайна, Ташгай, Нүхт, Арцатын аманд отоглон буудаг байсан гэх. Мөн 1927 онд тус дэнжид худалдаа зохион байгуулагдаж, Ярмарки  буюу үзэсгэлэн худалдаа гэсэн орос үгээс өнөөгийн Яармаг гэдэг нэршил үүссэн ч гэх. Лавтайяа, 30-аад оны үед Яармагийн дэнжид Монгол банкны салбар хөөрхөн модон байшинд байрлаж байсан зураг хөрөг бий.

Улсын чанартай наадмаа хийж, наймаа үзэсгэлэнгээ дэлгэж байсан сэргэлэн сайхан дэнж маань 1958 оноос хойш “улсын нөөц”-д үлдээд байсан ч 1966 оны үерийн дараа суурьшлын шинэ бүс болсон нь бас л түүх юм. Тэр жилийн их үерт өртсөн айл өрхүүдэд Яармагийн дэнжид газар олгосноор шинэ суурьшлын бүс болон хөгжжээ. Нийслэлийн төвөөс Туул голоор тусгаарлагдсан, хоттой ойр гэхээсээ уул устай ойр байршилтай Яармагийн дэнж маань өнөөдөр хөгжлийн цоо шинэ өнгө төрх рүү шилжчихлээ. Яармаг хотын төв рүү нүүсэнгүй, харин хотын төв маань Яармаг руу нүүв. Нэг үгээр бол хөгжил Яармаг руу татагдав.

Хотын шинэ төв байдлаар хөгжил төвлөрч буй Яармагийг дагаад нийслэлийн нийт орон сууцны нийлүүлэлтийн 50 шахам хувь нь Хан-Уул дүүрэгт хийгдэж байна. Зах зээлийн хуулийн дагуу эрэлт хэрэгцээг дагаж нийлүүлэлт бий болдог гэж үзвэл энэ нь иргэд хотын шинэ төв рүү суурьших сонирхол өндөр байгааг харуулж байна. Мөн нийслэлийн хэмжээнд захиалга авч байгаа орон сууцны төслүүдийн дундаж үнийн судалгаагаар тус дүүргийн орон сууцнууд бусад дүүргийнхээс өндөр байна. Тэнд орон сууц худалдан авахыг сонирхож байгаа иргэдийн дунд явуулсан чанарын судалгаанаас харвал тэдгээр иргэдийн талаас илүү буюу 61.2 хувь нь Яармагийг “амьдрахад хамгийн таатай байршил” гэж үзэж байна. Үүний учир шалтгааны эхний гуравт “агаар цэвэр”, “орчны чанар сайн”, “хөрс эрүүл” гэдэг хүчин зүйлсийг иргэд нэрлэжээ. Эдгээрээс “орчны чанар сайн” гэдэгт хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүд багтаж буй юм.

Нийслэл хот гэдэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байх ёстой. Мөн хамгийн потенциал бүхий хүн ам суурьшдаг байх ёстой гэсэн ойлголт үүнд багтана. Хүн амын хамгийн өндөр бүтээмжтэй, оролцоотой, тэр хэрээр орлого өндөр хэсэг нь нийслэлд төвлөрдөг гэсэн уламжлалт ойлголт төдийлөн өөрчлөгдөөгүйг ч дурдах ёстой. Тэгэхээр Яармагт нийслэл хотын захиргаа шилжин нүүхтэй зэрэгцэн шийдвэр гаргалтыг дагасан төрийн үйлчилгээнүүд төвлөрөх, үнэ цэн бүхий бизнес хорооллууд нэмэгдэхийн хэрээр бусад нийтлэг болон тусгай үйлчилгээнүүд төрөлжин хөгжих үйл явц эрчимжих нь тодорхой байна.

Төвлөрлийн хурд төлөвлөлтийн хурдыг сорьж байна

Яармаг дахь бүтээн байгуулалт, төвлөрлийн хурдыг хот төлөвлөлтийн хурд одоогоор гүйцэж амжихгүй байгаа мэт ажиглагдаж буй. Ажил цуглах, тарах үеийн авто замын ачаалал, хороолол, хотхоны орц гарц гээд асуудлууд үүсэж байгаа ч үүнийг шийдвэрлэх төлөвлөлтийн ажлуудыг нийслэлийн зүгээс хэрэгжүүлж эхэлсэн нь хэдэн жилийн дараагаас үр нөлөөгөө үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.

Яармагаас зүүн тийшээ хотын төв рүү чиглэсэн замаас гадна баруун тийш Сонсголонгийн замаар төв рүү холбогдох зам үүнд чухал нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна төлөвлөлтийн бодлогын хүрээнд 13 км урттай, зургаан эгнээтэй нэгдүгээр зэргийн гол зам гаргах, туслах гудамж замыг нэмэх 30 км трансс замын ажлыг нийслэлийн хөрөнгөөр эхлүүлээд байна.

Шинэ нисэх онгоцны буудлыг дагуулан барих Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, төлөвлөлтийн хүрээнд шийдэгдэх зүйлс ч бий.

Мөн Нийслэлийн ИТХ-аас баталсан төлөвлөгөөт Яармагийн бүсийг зургаан блок хэсэгт хувааж, нам давхрын орон сууцны хороолол, гудамжинд дундаж давхрын, үйлчилгээ бүхий байгууламжтай хороолол болгон хөгжүүлэхээр байгаа юм. Нийт төслийн хүрээнд 40 мянган иргэн амьдрах орон сууц, 7680 хүүхдийн сургууль, 2880 хүүхдийн цэцэрлэг, 770 ортой эмнэлэг байгуулахаар төлөвлөжээ.

Хот төлөвлөлтийн хурд ийнхүү сорилтод орж байгаатай зэрэгцээд хувийн хэвшлийн бүтээн байгуулалтууд мөн л дор бүрнээ асуудалд шийдэл хайж байгааг энд онцлох ёстой.

Тухайлбал, Яармагт орон сууц худалдан авч байгаа, авахаар сонирхож буй иргэдийн судалгаанд үндэслэн тэдний амьдралын хэв маягт тохирсон, эрэлт хэрэгцээнд нийцсэн төлөвлөлтийг тухайн орчинд нь бий болгохыг орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид чухалчилж байгаа юм. Хэрэв Яармаг үнэхээр land mark буюу шинэ хотын төв мөн юм бол хотын төвөөс л авч болох чанартай нийгмийн үйлчилгээ, үүнд сургууль, цэцэрлэгийг тэнд аваачиж төлөвлөх ёстой. Хүүхэд хөгжүүлэх бусад төвүүд, спорт цогцолбор, биеийн тамирын талбай, тоглоомын талбай байгуулах, өдөр өнжүүлэх, секц дугуйлан хичээллүүлэх орчныг тэнд бүрдүүлэх ёстой. Амралтын өдрүүдэд хүнсээ цуглуулахад бөөний үнэ бүхий сонголт ихтэй дэлгүүр, молл, алжаал ядаргаа тайлах, гоо сайхны үйлчилгээнүүд, аятайхан хоолны газар, ажил хэрэгч уулзалтаа хийх кафе гээд ажлын болон амралтын өдрөөр аль болох хотын төв рүү зөөвөр тээвэр хийгдэхгүй байхуйц орчин нөхцөлийг төлөвлөж байна.

Саяхан даа. Яармагийн дэнжээ Ямайк арал хэмээн нэрлэж, дэлхийд алдартай хамтлаг дуучид, баг тамирчдын зургийг хуваалцан үзэж, гадаад ертөнцийн сонин сайхныг нэг нэгдээ гайхуулан дуулгаж, “гэр хорооллын хүүхдүүд бид эдэн шиг болох сон” гэж мөрөөдөн ярилцаж явсан бидний аав ээж, ах эгч нарын үе ард хоцорчээ. Яармаг шинэ зууны шинэ хотын төв болжээ.