Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали улс вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд хилээ нээхээр боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Австрали улс бараг хоёр жил орчмын дараа хилээ гадаадынханд нээх болсноо өчигдөр зарлажээ.

Ингэхдээ олон улсад зөвшөөрөгдсөн коронавирусийн эсрэг вакцины хос тунд хамрагдсан байх шаардлага тавихаар болсон байна.

“Хэрвээ та вакцины хос тунд хамрагдсан бол бид хүлээж авахад бэлэн байна” гэж Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Хил нээгдэх хугацаа хоёрдугаар сарын 21-ний өдөр юм байна.

Тус улс 2020 оны гуравдугаар сараас хойш коронавирусийн халдвар тархалтыг хязгаарлах зорилгоор хилээ хаасан юм. Австралийн хилийн хориг дэлхийн бусад улс орнуудынхтай харьцуулахад нэлээд хатууд тооцогдож байв.

Дөнгөж өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас эхлэн тус улс зарим гадаад оюутнууд, тусгай мэргэжлийн ажилчдыг хилээрээ нэвтрүүлэх болсон юм.

Эрүүл мэндийн шалтгаанаар вакцин тариулаагүй гадаадын иргэд нэлээд өндөр шалгуураар Австралид нэвтрэх боломжтой гэнэ. Хэрвээ шалгуурыг давбал ийм хүмүүст зочид буудалд тусгаарлагдах журам үйлчлэх юм байна.

Австрали улсад цар тахал эхэлсэн цагаас хойш нийт 2.7 сая хүн халдвар авч, 4,240 гаруй хүн нас барсан юм. Одоогоор тус улсын хүн амын зорилтот бүлгийн 80 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагджээ.

 

Эх сурвалж: BBC