Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлтийн тагнуулч Рихард Зоргегийн чандрыг Курилын арал дээр оршуулах санааг ОХУ-ын эрх баригчид гаргажээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн алдарт тагнуулч Рихард Зоргегийн Токиод хадгалагдаж буй чандрыг газар нутгийн маргаантай аралд шилжүүлж оршуулах санааг ОХУ-ын эрх баригчид гаргасан байна.

Саяхан Оросын парламентын доод танхимд үг хэлэхдээ тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ төлөвлөгөөний тухай анх удаа ярьсан юм.

Лавровын мэдээлснээр Москвагийн эрх баригчид Зоргегийн чандрыг Токиогийн баруун захад орших Тама оршуулгын газраас өмнөд Курилын арлуудын нэгэнд шилжүүлж оршуулах сонирхолтой байгаа гэнэ.

Энэ талаар хүсэлтээ Японы талд тавьсан тухай Лавров ярьжээ.

ОХУ-ын хяналтад байгаа Өмнөд Курилын дөрвөн арал нь хоёр улсын хооронд газар нутгийн маргааны нэг сэдэв болдог.

Зоргегийн шарилыг шилжүүлж авах асуудлаар хандсан эсэх талаар Япон улсын засгийн газар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Гэхдээ энэ санаа нь Курилын дөрвөн арал ОХУ-ын нутаг дэвсгэр болохыг харуулах гэсэн өдөөн хатгалга байж болзошгүй тул Токиогийн эрх баригчид зөвшөөрөх магадлал бага гэж ажиглагчид дүгнэжээ.

 

Жэймс Бондын зохиолыг бичсэн Ян Флемминг тагнуулч Рихард Зоргег “түүхэнд төрсөн хамгийн алдартай тагнуулч” гэж хэлсэн байдаг. Өөр нэг алдартай зохиолч Том Клэнси “бүх цаг үеийн шилдэг тагнуулч” гэж магтсан нь бий.

1895 онд Оросын Кавказад герман гэр бүлд мэндэлсэн Зорге 1920-оод оны үеэс Зөвлөлтийн тагнуулын албанд ажиллаж эхэлсэн юм.

Тэрбээр Европын орнуудад сэтгүүлчийн дүрээр ажиллаж,1929 онд Нацист намд элсэж байжээ. Дараагийн гурван жил нь тэр Шанхайд ажиллаж, тэнд Зөвлөлтийн тагнуулын сүлжээг байгуулж байв.

Үүний дараа Зорге Японд шилжиж, Рамзай нууц нэрээр Москвад мэдээ дамжуулдаг болжээ.

Тэрбээр 1941 онд Нацист Германы зүгээс Зөвлөлт Холбоот Улсад халдан довтлох гэж байгааг Москвад урьдчилж мэдээлсэн ч Иосиф Сталин үүнд итгээгүй гэдэг.

Дараа нь Зорге бас нэг чухал мэдээг Москвад дамжуулсан нь Японы милитаристууд Зөвлөлтийн алс дорнод руу довтлох төлөвлөгөөгүй байгаа тухай байжээ. Энэ нь тухайн үеийн Зөвлөлтийн удирдлагуудад чухал мэдээлэл болж, ар талдаа санаа зоволгүйгээр Москвагийн дэргэд Нацистуудын довтолгоог зогсоож, улмаар Берлин хүртэл давшиж, ялалт байгуулах үндэс болсон гэдэг.

1941 оны аравдугаар сарын 18-нд Японы Кэнпэйтай нууц цагдаагийн алба Зоргег баривчилж, тагнуулын сүлжээг нь илрүүлж байв. Японы эрх баригчид тухайн үед Зоргегоор олзны солилцоо хийх саналыг Москвад тавьж байсан ч Зөвлөлтийн удирдлагууд Зоргег өөрийн тагнуулч гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй өнгөрсөн гэдэг.

Нацистууд халдан довтлох гэж байгаа тухай анхааруулгыг хүлээн аваагүй нь ил болохоос Сталин нэрэлхсэн тул Зоргег золиосолсон гэж түүхчид үздэг байна.

 

Байцаалт, эрүү шүүлтийн дараа 1944 оны арваннэгдүгээр сард Токио хотын Сугамо шоронд Зоргег дүүжилж байжээ. Цаазлуулах үедээ Зорге 49 настай байв.

Зөвлөлт Холбоот улс сүүлд 1964 онд л Рихард Зоргег өөрийн тагнуулч байсныг хүлээн зөвшөөрсөн юм.

Зоргегийн япон гэргий Ханако Иший нөхрийнхөө шарилын үлдэгдлийг цаазлуулснаас нь хойш таван жилийн дараа олж таниад чандарлаж байжээ. Зоргегийн булшин дээр “Дайны эсрэг тэмцэл, дэлхий нийтийн энх тайвны төлөө амьдралаа зориулсан баатар энд нойрсож байна” гэсэн бичигтэй чулуун самбарыг Иший босгосон байдаг.

2000 оны долдугаар сард нас барсных нь дараа Ишийгийн чандрыг нөхрийнх нь булшны дэргэд оршуулж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post