Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэтэд тарсан гэрэл зураг Өмнөд Хятадын тэнгист живсэн АНУ-ын сөнөөгч онгоцных болохыг Пентагон батлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Хятадын тэнгист үүрэг гүйцэтгэж байсан F35C сөнөөгч онгоц USS Carl Vinson тээвэрлэгч хөлөг дээр газардахдаа тавцан мөргөж, далайд живсэн юм.

Энэ үеэр нисгэгч нь живэхээсээ өмнө онгоцын бүхээгээс гарч чадсан байна. Ослын үеэр тээвэрлэгч хөлөг дээр байсан зургаан усан цэрэг гэмтсэн юм.

Ослын дараа АНУ-ын тэнгисийн хүчний командлал далайд живсэн онгоцыг гаргаж авах төлөвлөгөө боловсруулж байгаагаа мэдэгдэж байв. Нэг бүр нь $100 саяын үнэтэй F35C бол дөнгөж 2019 онд армийн зэвсэглэлд нэвтэрсэн цоо шинэ техник юм.

Ихэнх хэсэг нь Хятад улсын хяналтад байдаг Өмнөд Хятадын тэнгист орчин үеийн техникээ орхих нь технологийн нууц алдах эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байв.

Пүрэв гарагт Хятадын гадаад хэргийн яам тус улс живсэн сөнөөгч онгоцыг сонирхохгүй байгааг албан ёсоор мэдэгдэж байжээ.

Тэгвэл Пүрэв гарагт Реддит сайтад живсэн онгоцны гэх гэрэл зураг нийтлэгдсэн нь олон хүний анхаарлыг татсан юм. Уг зураг дээр далайн мандал дээр хөвж буй онгоцны нисгэгчийн бүхээг нээлттэй байгааг харуулжээ.

Эхэндээ АНУ-ын тэнгисийн флотын удирдлага уг зураг живсэн онгоцных нь биш гэж мэдэгдэж байв. Харин Баасан гарагт тэд эхний мэдэгдлээсээ буцаж, живсэн онгоцны гэрэл зураг мөн болохыг баталжээ.

“Интернэтэд тарсан гэрэл зургийг USS Carl Vinson хөлөг дээрээс буулгасан болохыг бид тогтоолоо” гэж АНУ-ын тэнгисийн долдугаар флотын олон нийттэй харилцах албаны офицер Хэйли Симс өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Ослын шалтгааныг тогтоох мөрдлөгийн ажил үргэлжилж байгааг тэр бас мэдээлжээ.

2021 оны арваннэгдүгээр сард Газар дундын тэнгист үүрэг гүйцэтгэж байсан Их Британийн HMS Queen Elizabeth хөлөг дээр мөн ижил осол гарахад F35B сөнөөгч онгоц живж байсан юм.

Оросын талд технологийн нууцаа алдахаас болгоомжилсон Британийн флот арванхоёрдугаар сард живсэн онгоцыг тэнгисийн уснаас амжилттай гаргаж чаджээ.

 

Эх сурвалж: Business Insider