Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг ирэхээс хэдхэн цагийн өмнө гүүр нуржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын Пенсильвани мужийн Питтсбург хотын гүүр гэнэт нурснаас 10 хүн бэртэж гэмтсэн байна.

Аврагчид нурангийн ирмэг дээр тогтсон автобуснаас хүмүүсийг шилжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Гүүрний доогуур байрладаг хоолой гэмтэж, шатдаг хий алдагдаж байсныг зогсоосон байна. Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улс орныхоо дэд бүтцийг шинэчлэх хөтөлбөрийг сурталчлах ажлын хүрээнд Питтсбург хотод зочлох төлөвлөгөөтэй байжээ.

 

Байдены төсөлд Америкийн хуучирч муудсан гүүрнүүдийг шинэчлэхэд их хэмжээний хөрөнгө гаргахаар төлөвлөсөн байгаа юм.

Тиймээс Байдены айлчлалтай давхцан гүүр нурсныг "гайхмаар сонин давхцал" гэж хотын оршин суугчид үзэж байна.

Гүүр нурсан тухай мэдээлэл авсан Жо Байден айлчлалаа хойшлуулалгүй, төлөвлөгөөний дагуу хийхээр болсныг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Пенсильвани мужийн хэмжээнд чанар нь муудаж, хуучирсан 3,198 гүүр байгааг АНУ-ын тээврийн яамны тоо баримт харуулж байгаа.

 

Жо Байден улс орныхоо зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны дэд бүтцийг шинэчлэн сайжруулах $1 их наядын хөтөлбөрийг санаачилснаа АНУ-ын конгресст өргөн бариад байгаа юм.

Тэрбээр уг төслөө эдийн засгаар дэлхийд тэргүүлэхийн төлөө Хятад улстай хийж буй өрсөлдөөний нэг чухал хэсэг гэж үзэж байна.

Питтсбург хотод хуучин гангийн үйлдвэр байсан томоохон байгууламж байдаг ба одоо энд Карнеги Меллоны их сургуулийн судалгаа, туршилтын төв үйл ажиллагаа явуулдаг юм. Байден уг төвд зочлох төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: Business Insider