Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Хэрэггүй шалтгаанаар гадуур түгжирч, стресстээд, хямраад байвал дархлаа чинь унана гэдгийг ойлгох ёстой

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хуралд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Амбасэлмаа оролцож, халдвараас сэргийлэх талаарх зөвлөмжийг өглөө.

Тэрбээр “Манай улсад коронавирусийн шинэ хувилбарын огцом дэгдэлт үргэлжилж байна.

Омикрон хувилбарын онцлог нь халдварлалтын индекс нь батлагдсан тохиолдлын хавьтлууд дунд илүүтэй байгаа учраас нэг дор олуулаа өвчлөх, кластер өвчлөл бүртгэгдэх асуудал өдрөөс өдөрт нэмэгдэж буй.

Сүүлд болсон ДЭМБ-ын Онц байдлын хорооны 10 дугаар хурлаар коронавирусийн шинэ хувилбарууд нь өндөр хурдтай тархаж, хүндрэл учруулахын зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд маш их дарамт учруулж байгааг тэмдэглэжээ. Тиймээс энэ халдвартай тэмцэхийн тулд вакцинжуулалтыг эрчимжүүлэх, вакцинд хамрагдах боломжтой хүн бүр хамрагдах хэрэгтэйг мэдэгдсэн.

Манай улсын хувьд дэлхийн олон улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хоцрохгүйгээр хэрэгжүүлж ирснийг сануулъя.

Халдвартай хүнтэй хавьтал болсон буюу шинж тэмдэг илэрснээс 2-3 хоногийн дараа, илрэхээс өмнөх нууц үеийн хугацаанд уулзсан бол халдвар авсан байх эрсдэл маш өндөр байдаг. Тиймээс хэн нэг таньдаг хүн чинь халдвар авсан талаар сонсвол түүнтэй 2-3 хоногийн өмнө уулзсан бил үү, халдварт өртсөн байх эрсдэл байгаа юу гэдгээ өөрөө хянаж, хариуцлагатай байхыг иргэдээсээ хүсэж байна.

Халдвар тархахад нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйл байгаад 

  • Олон нийтийн цуглаан, хөдөлгөөн нь ямар ч амьсгалын замын халдварт өвчний үед тархах онцгой хүчин зүйл болдог.
  • Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор гадуур бөөн, бөөнөөрөө явж байна. Тиймээс иргэд олон хүн цуглах, олон нийтийн газраар явах хөдөлгөөнөө хязгаарлах тал дээр анхаарах нь зүйтэй. 

Мөн амьсгалын замын халдварт өвчин гинжин хэлхээгээр цааш үргэлжилдгийг санаж, Цагаан сарыг гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байна.

Түүнчлэн манай улсад Омикроны дэгдэлтээс гадна томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байгааг анхаарах ёстой. Өмнөх долоо хоногт амбулаторийн үзлэгийн 7.1 хувьд томуу томуу төст өвчин бүртгэгдэж байсан бол энэ долоо хоногт 11 хувьд хүрээд байна.

Томуугаар өвдөж, дархлаа нь унасан, ядарсан үедээ коронавирусийн халдварт өртөх эрсдэл нь маш өндөр гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Иргэд дархлаагаа дэмжиж, сайн унтаж амарч, зөв хооллож ядрахгүй байх ёстойг хэлье. Хэрэгтэй, хэрэггүй шалтгаанаар гадуур түгжирч явсаар, стресстээд, ядраад, хямраад байвал биеийн чинь дархлаа унана гэдгийг анхаарах хэрэгтэй. Стресс, уур бухимдалгүй байх нь дархлаагаа дэмжиж, өөрийгөө вакцинжуулж байгаагийн нэг хэлбэр.

Иргэд халдварын сэргийлэлт, хяналтын дэглэм буюу халдвараас сэргийлж, өөрийгөө хянаж, халдварт өртөхгүй, бусдад тараахгүй байхад идэвхтэй байхыг уриалж байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/348477713564643