Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утасны борлуулалтын хэмжээгээр Apple компани дэлхийд дахин тэргүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Apple компани өнгөрсөн оны сүүлийн улиралд гар утасны борлуулалтаар Хятадын зах зээлд болон дэлхийн зах зээлд тэргүүлснийг өчигдөр нийтлэгдсэн хоёр тусдаа судалгааны үр дүн харуулжээ.

Counterpoint Research байгууллагын судалгаагаар Apple компани өнгөрсөн оны сүүлийн улиралд Хятадын зах зээлд тэргүүлж, түүхэндээ хамгийн өндөр хувь буюу 23 хувийг эзэлдэг болсон байна.

Хамгийн сүүлд 2015 онд Apple ийм байр сууринд хүрч байжээ. 2021 оны гуравдугаар улиралд Хятадын дотоодын үйлдвэрлэгч Vivo өөрийн зах зээлд тэргүүлж байсан юм.

Хятадын зах зээлд гаргасан энэ амжилт нь дэлхийн зах зээлд бас тэргүүлэх боломж олгосон байна.

Canalys байгууллагын гаргасан тооцоогоор 2021 оны сүүлийн улиралд дэлхийн гар утасны зах зээлийн 22 хувийг Apple, 20 хувийг Самсунг компани тус тус эзэлжээ.

“Apple компани гурван улирлын дараа дэлхийн зах зээлд тэргүүлэгчийн байр сууринд дахин гарч ирлээ. Үүнд iPhone 13 загварын өндөр борлуулалт нөлөөлсөн байна. Ялангуяа Хятадын зах зээл дэх iPhone-ий ер бусын амжилт үүнд нөлөөллөө” гэж Canalys байгууллагын шинжээч Саням Чаурашиа тайландаа бичсэн байна.

Гэхдээ бүтэн жилээр нь дүгнэвэл Хятадын зах зээлд Apple гуравдугаарт эрэмбэлэгдэж, Vivo, Oppo компаниуд эхний хоёр байрыг эзэлжээ.

 

Эх сурвалж: CNN