Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Каталони мужийн парламент чөтгөр шуламд тооцогдож цаазлуулсан олон зуун эмэгтэйгээс уучлал гуйв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Испани улсын өөртөө засах эрхтэй Каталони мужийн парламент чөтгөр шуламд тооцогдож, цаазлуулсан олон зуун эмэгтэйгээс албан ёсны уучлал гуйх шийдвэрийг саяхан гаргажээ.

15-аас 18 дугаар зууны хооронд энэ бүс нутагт 700 гаруй эмэгтэйг сүм хийдийнхэн амилсан чөтгөр гэж үзээд олны өмнө тарчилган зовоож, янз бүрийн аргаар цаазалж байсан түүхтэй.

Каталони бол шулам ангуучлах явдлыг эхлүүлсэн Европын хамгийн эхний бүс нутгуудын нэг болохыг Испанийн түүхчид тогтоосон байдаг.

Тухайн үед хүүхдүүд гэнэт олноор үхэх, ургац алдах зэрэг гамшиг тохиолдоход буруутныг нутгийн эмэгтэйчүүд дотроос хайж, нэгийг нь чөтгөр шулмаар тодруулаад хатуу шийтгэдэг байв.

“15-18 дугаар зууны хооронд харгис хэрцгийгээр цаазлагдсан 700 гаруй эмэгтэйн нэрсийг бид саяхан олж тогтоолоо” гэж Каталонийн парламентын тогтоолд өгүүлжээ.

Түүхийн энэ үед Европ даяар олон арван мянган хүн чөтгөр шуламд тооцогдон цаазлуулсан байдаг. Тэдгээрийн дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ.

Өмнө нь Шотланд, Швейцар, Норвегийн эрх баригчид хэлмэгдсэн эмэгтэйчүүдээс албан ёсоор уучлал гуйж байсан юм.

 

Эх сурвалж: BBC