Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын өгсөн хариуд сэтгэл дундуур байгаагаа ОХУ илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын талаас гаргасан NATO-гийн өргөжилтийг хязгаарлах шаардлагын хариуг АНУ-ын засаг захиргаа Лхагва гарагт бичгээр өгсөн билээ.

Хариу захидлын агуулга олон нийтэд ил болоогүй байгаа ч АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Москвагийн шаардлагыг хүлээж аваагүй нь тодорхой байна.

Москвагийн эрх баригчдын тавьсан хоёр гол шаардлагын нэг нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан болон нөлөөнд байсан орнуудаас NATO-гийн цэрэг, зэвсгийг гаргах, хоёр дахь нь NATO-д нэмж гишүүн орон элсүүлэхийг зогсоох байсан юм.

Хоёр дахь шаардлагын гол санаа нь Украин, Гүржийг NATO-гийн гишүүнээр элсэхийг хориглох байв.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шаардлагын хариу захидлыг шинжилж, үнэлж дүгнэхэд хугацаа шаардлагатайг хэлжээ. Ингэхдээ тэр АНУ-ын хариуг хүлээж авсны дараа “өөдрөг байх хангалттай шалтгаан алга” гэж хэлсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “Тавьсан шаардлагуудад нааштай хариу өгөөгүй нь энэ захидлаас харагдаж байна” гэж хэлээд “илүү нухацтай яриа хэлэлцээ цааш үргэлжилнэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Лавровын мэдэгдэлтэй зэрэгцэн ОХУ-ын гадаад хэргийн яам тус улс Украиныг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөгүй байгааг дахин баталсан байна.

“Манай улс өөр аль нэг улс орон руу халдан довтлох ямар ч төлөвлөгөөгүй байгааг бид дахин илэрхийлж байна. Манай ард түмнүүдийн хооронд дайн дэгдэх тухай санааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Алексей Зайцев хэлжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Викториа Нуланд “Өнөөдөр бидний хүлээж авсан хамгийн чухал мэдээ бол ерөнхийлөгч Путин манай захидлыг хүлээн аваад судалж эхэлсэн тухай юм. Нөгөө тал бэлэн болсон тохиолдолд бид ярилцахад бэлэн байна” гэж мэдэгдсэн байна.

Энэ үеэр Нуланд дайн гарсан тохиолдолд ОХУ-аас Европ тивд байгалийн хий нийлүүлэх “Умард урсгал 2” дамжуулах хоолойн төслийг зогсоох талаар АНУ-ын байр суурийг илэрхийлсэн юм.

“Бид Германы түншүүдтэйгээ энэ талаар нухацтай ярилцаж байгаа. Өнөөдөр би нэг зүйлийг тодорхой хэлье. Хэрвээ ОХУ-ын зүгээс Украин руу халдвал Умард урсгал 2 төсөл ямар нэг байдлаар урагшлахгүй” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian