Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн батлан хамгаалахын сайд Путинийг “хөгшин дарангуйлагч” гэж нэрлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед олон улсын харилцааны сэдвээр хурц мэдэгдэл хийдэг болоод байгаа Австралийн батлан хамгаалахын сайд Питер Даттон өнөөдөр хэвлэлд ярихдаа ОХУ-ын ерөнхийлөгчийг “хөгшин дарангуйлагч” гэж нэрлэжээ.

“Путин бол Украиныг Оросын газар нутгийн нэг хэсэг гэдэгт эргэлздэггүй хүн. Тэр өөрийн залгамжлагчид үүнийгээ өвлүүлэхийг хүсэж байна” гэж Сидней хотын 2GB радио станцад өгсөн ярилцлагадаа Даттон ярьсан байна.

Тэрбээр цааш нь “Тэр одоо 69 настай. Ийм төрлийн дарангуйлагч нар нас нь хөгшрөх тусам өөрийн өвийг үлдээх гэж хичээхдээ ухаанаа улам бүр алддаг талтай” гэжээ.

Украин улсыг ОХУ эзлэн түрэмгийлбэл дэлхийн эдийн засагт томоохон сүйрэл бий болж, Европ тивийн эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна хамгийн гол нь олон арван мянган хүний амь нас хохирох эрсдэлтэйг Даттон хэлсэн байна.

Одоо АНУ тэргүүтэй NATO-гийн холбоотнууд нөхцөл байдлаас шалтгаалан Украинд цэрэг, зэвсэг илгээх талаар ид хэлэлцэж байгаа.

Австралийн засгийн газрын хувьд Украинд цэрэг болон зэвсэг техник илгээх төлөвлөгөөгүй байгаагаа саяхан мэдэгдсэн юм. Харин болзошгүй дайны улмаас эрчим хүчний хомсдол үүсвэл Европ тив рүү шингэрүүлсэн хий нэмж илгээх боломжийг судлахаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: The Guardian