Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Нөлөөллийн ажилд төрийн бус байгууллагууд виртуал технологийг ашиглана

ikon.mn
2022 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Залуучуудын Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, залуучуудын асуудлаар нөлөөлөл, судалгаа хийх замаар засаглал, шийдвэр гаргалт, төрийн бодлогын хэрэгжилтэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажилд технологийн дэвшил ашиглах боломжийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нөлөөллийн ажилд Виртуал технологийг ашиглах нь” сэдэвт төслийн уралдааны ялагчид тодорлоо.

Энэхүү уралдаан нь 2 үе шаттай зохион байгуулагдаж эхний шатад нөлөөллийн төслийн санал нь шалгарсан 10 байгууллага VR технологийн анхан шатны сургалтад хамрагдаж төслийн саналыг сайжруулж, эцсийн байдлаар боловсруулан танилцуулсан билээ.

 

Уралдааны Тэргүүн байранд “Хөөрхөн Зүрх” ТББ эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдүүдэд аюултай болон аюулгүй хүрэлтийн талаарх сургалтыг VR технологи ашиглах нөлөөллийн ажил шалгарсан бол Сонсголгүй иргэдийн мэдээллийг дэмжих “Бүтээмж төв” ТББ сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй орчныг виртуал орчинд бүтээж шийдвэр гаргагчдад нөлөөлөх ажлаар дэд байранд шалгарлаа. Харин гуравдугаар байранд "Түгээмэл Хөгжил" ТББ-ын нөлөөллийн ажлын төсөл тус тус шалгарлаа.

 

“Түгээмэл хөгжил” ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал:

“Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн “Нөлөөллийн ажилд виртуал технологийг ашиглах нь” төслийн уралдаанд манай байгууллагын залуус оролцож 3-р байрт шалгарсанд баяртай байна. “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв нь хөгжлийн бэрхшээлтэй 160 орчим гишүүнтэй. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөл дээрээ алхах, морь унах, ууланд авирах, галзуу хулганад суух зэргээр зарим зүйлийг амьдрал дээр бодитой хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Харин бид VR төхөөрөмж ашиглан хиймэл орчин, тусгай программ ашиглан тэрхүү хийх боломжгүй зүйлийг тухайн орчинд нь хийж буй мэтээр мэдрэмж төрүүлэх боломжтой болсондоо баяртай байна. Бид цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүсэл мөрөөдлийг VR төхөөрөмжөөр багахан ч болтугай биелүүлэх болно. Мөн бодлого тодорхойлогчдод VR төхөөрөмжөө ашиглан нөлөөллийн ажлаа идэвхтэй өрнүүлэх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн тусгай байруудад Дорноговь аймгийн “Хүчтэй залуусын давлагаа” ТББ болон Сэлэнгэ аймгийн “Ерөө Ардын Элч Хөдөлгөөн” ТББ нар шалгарсан юм.

 

Дорноговь аймгийн “Хүчтэй залуусын давлагаа” ТББ-ын Зохицуулагч С.Бэрцэцэг:

“Орон нутгийн залуус технологийн нэн ялангуяа виртуал технологийн талаарх ойлголт, мэдлэг муутай байдаг. Бид энэхүү төхөөрөмжөө ашиглан орон нутгийн зорилтот бүлгийн залууст зориулан виртуал технологи ашиглан бодлогын нөлөөллийн ажил, сургалт, үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулах болно. Бидэнд энэхүү боломжийг олгож буй та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

Мөн эхний шатад шалгарсан нийт 10 байгууллагад виртуал технологи ашиглах платформын нэг жилийн эрхийг олгосон бөгөөд үүнийг ашиглан олон нийтэд зориулсан нөлөөллөө ажлаа үр бүтээлтэй хэрэгжүүлэх боломжийг нээж өгч байна.

 
 

Товч мэдээлэл: Каритас Чех Репаблик олон улсын байгууллага, Иргэний Боловсролын Төв, Монголын Залуучуудын Эвсэл хамтран Европын Холбооны дэмжлэгээр 2020-2023 онд “Бүгд ЗАЛУУСЫН төлөө, ЗАЛУУС Бүгдийн төлөө” төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь залуучуудын ТББ-ын чадавхыг бэхжүүлэх, залуучуудын хамтын ажиллагааны сүлжээ үүсгэх, залуучуудын асуудлаар нөлөөлөл, судалгаа хийх замаар засаглал, шийдвэр гаргалт, төрийн бодлогын хэрэгжилтэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийг бэхжүүлэх болно. Төсөл Улаанбаатар хот, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь, Баянхонгор аймагт хэрэгжиж байна.