Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс авлигын индексээр нэг байр урагшилжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

“Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас 2021 оны авлигын төсөөллийн индексийг зарлалаа.

Тус байгууллагын тэргүүн Л.Төр-Од “Транспэрэнси олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг судлан, үнэлгээг нэгтгэж зарладаг. Берлиний цагаар 06:00 цагт дэлхий даяар авлигын төсөөллийн индексийг зарлаж байна.

Өнөөдөр зарлаж байгаа авлигын төсөөллийн индекст дэлхийн 180 орон хамрагдсан. Эндээс ерөнхийдөө дэлхий дахинд авлигын түвшинд дорвитой өөрчлөлт гараагүйг харуулсан үр дүнтэй байна.

Цар тахлын нөлөөгөөр авлигатай тэмцэх үйл ажиллагаа саармагжиж, 180 орны 70 гаруй хувь нь 50-аас доош оноо авсан байгаа.

Ази Номхон далайн бүс нутгийн хувьд 77 хувь нь сүүлийн 10 жилийн хугацаанд оноо нь буурсан, бага зэрэг ахицтай, ахиц гараагүй гэдэг дүр зураг харагдаж байна.

Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын хувьд авлигын индексийн түвшинг сүүлийн 10 жилийн байдлаар харьцуулан судалсан нь энэ удаагийн бас нэгэн онцлог зүйл болж байна.  

Транспэрэнси Интернэшнл байгууллагын гаргасан зураглалаас өнгөрсөн 1-2 жилийн хугацаанд улс орнуудад авлигын түвшин нэмэгдсэн дүр зураг харагдаж байна.

Ялангуяа цар тахлын улмаас хязгаарлалт тогтоосон үед иргэний эрхийг зөрчих, төрийн хариуцлага суларсан, ардчилсан тогтолцоо нурж, дарангуйлал тогтох чиг хандлага ажиглагдаж байгаа.

Монгол Улсын авлигатай хийх тэмцэл 2015 онд хамгийн дээд буюу 39 оноо авч байсан бол түүнээс хойш буурсаар сүүлийн гурван жил 35 оноотой байна. Харин манай хөрш болох БНХАУ 2014 оноос хойш энэхүү үзүүлэлтийн есөн оноогоор нэмэгдүүлсэн нь авлигатай хийх тэмцэл нь тууштай үр дүнтэй байгааг харуулж байна.  

Монгол Улсын хувьд авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо 8-9 эх сурвалжийн ашигласан. Тухайлбал, Щвейцарт төвтэй Олон улсын өрсөлдөх чадварын төвөөс өмнөх онд манай улсад 32 оноогоор дүгнэж байсан байсан бол энэ удаад 29 оноо өгсөн байна.

Харин Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх судалгаагаар 28-34 хүртэл оноогоо ахиулсан байна. Энэ бүх үзүүлэлтүүдийг нэгтгэхэд манай улс 35 оноо авсан байна. Өмнөх онд мөн 35 оноо авсан байсан.

Улс орнуудын авлигын индексийг оноогоор хэмждэг. Гэхдээ 180 орноос хэддүгээрт жагсаж байгаад илүү их анхаарал хандуулаад байдаг.

Манай улс 2020 онд 35 оноотойгоор 111 дүгээрт байсан бол энэ онд оноо буураагүй 110-т орсон байна" гэлээ.