Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи улс вакцины хос тунтай аялагчдаас коронавирусийн шинжилгээ авахаа зогсоох шийдвэр гаргалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Их Британи улсын засгийн газар тус улсад ирж байгаа вакцинжуулалтад бүрэн хамрагдсан зорчигчдоос коронавирусийн шинжилгээ авахаа больж байгааг өчигдөр зарлажээ.

“Манай улс бизнест нээлттэй, жуулчдад нээлттэй болж байгаагаа харуулахын тулд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан зорчигчдоос коронавирусийн шинжилгээ авахаа зогсоож байна” гэж тус улсын ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна.

Шийдвэрийн хэрэгжилт хоёрдугаар сарын 11-ний өдрөөс буюу сурагчдын улирлын амралт эхлэх хугацаатай давхцаж эхлэхийг Их Британийн тээврийн сайд Грант Шэппс хэлжээ.

“Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсээс хил дээр шинжилгээ авах үр дүнгүй нь батлагдсан. Өнөөдөр бид Британийг үүнээс чөлөөлж байна” гэж тэр мэдэгдсэн юм.

Уг шийдвэр Их Британийг өнөөдрийн байдлаар гадаадын аялагч, жуулчдад хамгийн нээлттэй дэлхийн улс орнуудын нэг болгож байна.

Агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарынхан ч засгийн газрынхаа шийдвэрийг талархан хүлээж авчээ.

Тухайлбал Airlines UK агаарын тээврийн холбооны тэргүүн Тим Алдерслэйд “Коронавирусийн анхны хөл хорио тавигдсанаас хойш хоёр жил орчмын дараа вакцинжуулалтад бүрэн хамрагдсан олон улсын аялагчдыг хэвийн амьдралд шилжүүлэх чухал алхмыг өнөөдөр хийлээ” гэж мэдэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар аялагчид вакцины хос тунтай бол Их Британид ирснийхээ дараа хоёр хоногийн дотор түргэвчилсэн шинжилгээ өгөх үүрэгтэй байгаа.

Харин вакцинжуулалтад хамрагдаагүй аялагчдад PCR шинжилгээ өгөх, тусгаарлагдах хатуу журам үйлчилсэн хэвээр байна.

Тэгвэл ирэх сараас хэрэгжих шинэ журмын дагуу вакцинжуулалтад хамрагдаагүй аялагчдыг тусгаарлах шаардлагагүй, зөвхөн ирэх болон явахдаа шинжилгээ өгөхөөр болжээ.

Их Британийн засгийн газраас гаргасан нийтийн эрүүл мэндтэй холбоотой шийдвэрүүд зөвхөн Англид үйлчилдэг. Гэхдээ Шотланд, Уэльс, Умард Ирландын эрх баригчид Англид хэрэгжиж байгаатай ижил арга хэмжээг авахаа илэрхийлжээ.

Их Британид коронавирусийн Омикрон хувилбарын давлагаа өнгөрсөн сард оргилдоо хүрсэн ч нас баралт, өвчний хүндрэл өмнөх давлагаануудтай харьцуулахад бага байсан юм.

Өнөөдрийн байдлаар тус улсад Covid-19 өвчний хүндрэлээр 154,000 гаруй хүн нас бараад байгаа нь Европ тивд зөвхөн ОХУ-ын дараа орох өндөр үзүүлэлт болж байна.

 

Эх сурвалж: Associated Press