Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Хаврын чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх хуулийг хэлэлцэн батлуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулгын хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулав.

Тус байнгын хороо намрын чуулганы хугацаан 13 удаа хуралдсан бол Инновац цахим бодлогын байнгын хороотой хамтарч гурван удаа, нийт 16 удаа хуралдаж, 40 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанаар нийт 91 хуулийн төсөл, УИХ тогтоол долоо, байнгын хорооны тогтоол 10-ыг хэлэлцсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Намрын чуулганаар хэлэлцсэн онцлох хуулиудын талаар танилцуулъя.

Инновац цахим бодлогын байнгын хороотой хамтарч Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний нууцыг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай гэдэг гурван том хуулийг батлуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах тухай хууль 2011 онд батлагдсан. Энэ хуулиар төрийн байгууллагын хүний нөөцийн ил тод байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны хүрээнд мэдээллийг ил тод байлгахаар заасан байдаг. Гэвч төрийн байгууллагууд мэдээллээ харилцан адилгүй ил болгодог, зарим мэдээллээ албаны нууц гэдэг тамга дараад нуучихдаг. Тиймээс энэ хуулийг өөрчлөх шаардлага бий болсон. Уг хуулийн өөрчлөлтөөр төрийн байгууллагууд өөрийн үзэмжээр мэдээллээ нууцад оруулдаг байсныг өөрчилж нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилахаар зохицуулсан.

Түүнчлэн таван төрлийн 68 мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгаж, шинэчилж байхыг мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгон хуульчилсан.

Тухайлбал, төрийн байгууллагууд сул орон тоо, тендерт шалгарсан болон шалгараагүй тухай, улсын зардлаар суралцсан тухай зэрэг мэдээллийг ил болгож байгаа.

Харин гэмт хэрэг зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зэрэг асуудлууд хаалттай байхаар заасан.

Мөн төр өөрт нь байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй байх зохицуулалт оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчид иргэдэд чирэгдэл учруулдаг байдлыг таслан зогсоож байгаа.

Дараагийн хууль нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль. Үүнд хүний хувийн мэдээлэл болон хүний нууц мэдээлэл гэж юу гэдгийг тодорхойлж өгсөн. Өмнө хувийн мэдээллээ иргэн өөрөө хариуцдаг байсан бол энэхүү хуулийг уг мэдээллийг хадгалж байсан төр, төрийн албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээдэг болсон. Өөрөөр хэлбэл, хүний хувийн нууцыг хуулиар хамгаалдаг болсон.

Хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг болон хүний эцэг эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хүний хувийн мэдээлэл гэж тодорхойлж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа. Хуульд хүний хувийн мэдээлэл, хувь хүний нууц мэдээлэл гэж ангилсан. Тодруулбал, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах юм.

Цахим гарын үсгийн тухай хуулийн тухайд 10 жилийн өмнө баталсан энэ хуулийг өнөө цагийн техник, технологийн дэвшилд нийцүүлэн өөрчлөхөөр шинэчлэн баталсан. Төрийн үйлчилгээг гар утас, цахим төхөөрөмжөөсөө цахим гарын үсгээрээ баталгаажуулснаар байгаа газраасаа авах эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ дээрх хууль чухал ач холбогдолтой болсон" гэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд яллагдагч, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл  бичих эрхтэй байсныг өргөжүүлж хохирогч тал,  түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч нь шүүхийн шийдвэр гарсан асуудлаар гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл  бичих эрхтэй болгосон гэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрхийн талаарх заалтуудыг хангахаар дээрх хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” /2021 оны 76 дугаар/, “Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийн тухай” /2021 оны 80 дугаар/, “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” /2021 оны 90 дүгээр/, “Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилох тухай” /2021 оны 92 дугаар/, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” /2021 оны 95 дугаар/, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” /2021 оны 96 дугаар/, “Хуулийн төсөл буцаах тухай” /2022 оны 03 дугаар/ Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан болохыг мэдээллээ.

Харин ирэх Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас Архидан согтуурахтай тэмцэх хуулийг онцоллоо. Энэ талаар ХЗБХ-ны дарга С.Бямбацогт "Энэ бол маш том, чухал хууль. Өнөөдрийн нийгэмд архидалд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх асуудлыг шинэ шатанд гаргах шаардлага бий болоод байгаа" гэв.