Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Эрдоганыг доромжилсон хэргээр Туркийн нэрт сэтгүүлч баривчлагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Туркийн нэр хүндтэй сэтгүүлч эмэгтэйг тус улсын ерөнхийлөгч Эрдоганыг доромжилсон хэрэгт буруутган баривчилжээ. Сэтгүүлч Сэдэф Кабашийг Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 2:00 цагт цагдаа нар гэрээс нь баривчилсан байна.

Кабаш твиттер хуудсандаа туркчүүдийн дунд яригддаг нэгэн хэлц үгийг бичсэнээс гадна сөрөг хүчний телевизийн сувгаар ярихдаа ашигласан гэнэ.

Энэхүү хэлц үгийг утгачилж орчуулбал “Үхэр ордонд ороод хаан болдоггүй. Харин ордон малын хашаа болдог”.

“Ерөнхийлөгчийн нэр хүнд бол улс орны нэр хүнд юм. Манай ерөнхийлөгч болон түүний засаг захиргааны эсрэг бүдүүлэг доромж үг хэрэглэсэнд би харамсаж байна” гэж Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Фахреттин Алтун мэдэгджээ.

Туркийн хуулиар ерөнхийлөгчийг доромжилсон хүнд нэгээс дөрвөн жилийн хорих шийтгэл оноодог байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард Европын хүний эрхийн дээд байгууллага үг хэлэх эрх чөлөөг боомилсон уг хуулиа өөрчлөхийг Туркийн талд уриалж байжээ.

Эрдоганыг ерөнхийлөгч болсон долоон жилийн хугацаанд олон мянган иргэн энэхүү хуулиар шийтгүүлээд байна.

Кабашийн нэвтрүүлгийг цацсан Tele 1 сувгийн захирал Мердан Янардаг “Хэлц үгээс болоод түүнийг шөнийн 2:00 цаг баривчилсан нь байж боломгүй үйлдэл. Үүгээрээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг айлгах зорилготой нь тодорхой байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian