Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Киев хот дахь АНУ-ын дипломатчидын гэр бүлийн гишүүдийг татах шийдвэр гарчээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Киев хот дахь элчин сайдын яамныхаа ажилтнуудын гэр бүлийнхнийг татах захирамжийг АНУ-ын төрийн департамент Ням гарагт гаргажээ.

Үүнээс гадна дипломат ажилтнуудад хэрэв өөрсдөө хүсвэл Украинаас явахыг нь зөвшөөрсөн байна.

“Оросын зүгээс хэзээ ч цэргийн ажиллагаа явуулах өндөр магадлалтай боллоо” гэж Киев дэх АНУ-ын элчин сайдын яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Мөн Украин дахь АНУ-ын иргэдэд тус улсаас гарч явахыг зөвлөсөн байна.

ОХУ-ын эрх баригчид Украин улс руу халдах ямар ч төлөвлөгөөгүй гэдгээ дахин дахин илэрхийлж байгаа. Гэхдээ Украины хил дээр Оросын цэрэг, зэвсэг техник ихээр хуримтлагдаад байна.

ОХУ найман жилийн өмнө Украины газар нутгаас Крымийн хойгийг тастаж авсан бол дорнод мужуудад нь дайн эхлүүлсэн салан тусгаарлагчдыг дэмжиж байгаа.

Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхүүдтэйгээ Кэмп Дэвид дэх баазад уулзахдаа Украин болон дорнод Европт цэргийн хүчээ нэмэгдүүлэх талаар ярилцсан тухай мэдээ ирж байна.

Одоогоор Байдены засаг захиргаа Украинд зэвсэг, техник илгээсэн ч АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнийг илгээгээгүй байгаа.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр Европын Холбооны гадаад бодлогын хорооны гишүүдтэй виртуал горимд уулзах төлөвлөгөөтэй байна.

Энэ уулзалтаар Украинд халдсан тохиолдолд ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний талаар ярилцах гэнэ.

 

Эх сурвалж: Reuters