Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Их Британийн хооронд өрнөсөн дипломат маргаанд Монголын түүх хөндөгдөв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Их Британийн гадаад хэргийн сайд Элизабет Трасс өнгөрсөн Баасан гарагт Австралийн Лоуи Хүрээлэнд уригдаж, илтгэл тавьсан юм.

Тэрбээр илтгэлдээ ардчилал, эрх чөлөө, дэлхий нийтийн дэг журамд ямар аюул занал тулгарч байгаа, уг аюулын эсрэг Их Британи, Австрали улсууд хамтран тэмцэх шаардлагатай тухай ярьжээ.

Ингэхдээ тэр Орос ба Өрнөдийн сөргөлдөөн, Украины хямралыг хөндсөн байна.

“Украин бол урт түүхтэй, гайхамшигтай орон. Өмнө нь монголчуудаас эхлээд татарууд хүртэл тэднийг эзлэн түрэмгийлж байсан. Тэд төрөөс санаачилсан зохиомол өлсгөлөнд нэрвэгдэж байсан. Тэдний зовлонг тэсвэрлэх чадвар маш өндөр. Хэрвээ шаардлагатай бол Украинчууд улс орноо хамгаалахын төлөө тэмцэх чадвартай” гэж Трасс илтгэлдээ өгүүлжээ.

Харин ОХУ-ын гадаад хэргийн яам Ням гарагт Элизабет Трассын хэлсэн үгийн талаар эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан байна.

“Британийн гадаад хэргийн яамны тарааж буй худал мэдээлэл нь Англо-Саксончуудын тэргүүлсэн NATO-гийн орнууд Украины нөхцөл байдлыг хурцатгаж байгаагийн нэг баталгаа боллоо. Бид Британийн гадаад хэргийн яамнаас утгагүй мэдээлэл тараах, өдөөн хатгахаа зогсоож, оронд нь Татар-Монголын дарлалын үеийн түүхийг судлахыг уриалж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Өчигдөр Их Британийн гадаад хэргийн яамнаас Оросын эрх баригчид Украинд төрийн эргэлт хийж, өөрийн талыг баримтлагч Евгений Мураевыг ерөнхий сайд болгохоор төлөвлөж буй тухай мэдэгдэл гаргасан юм.

Уг мэдэгдлийг ОХУ-ын гадаад хэргийн яам бас няцаажээ.

 

Эх сурвалж: ТАСС