Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нислэгийн үеэр амны хаалт зүүхээс татгалзаж, танхайрсан Ирландын иргэнд АНУ-ын шүүх 20 хүртэл жилийн хорих ял төлөвлөжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын 7-ны өдөр Ирландын нийслэл Дублин хотоос АНУ-ын Нью-Йорк хотын чиглэлд ниссэн Дельта Айрлайнз компанийн онгоцонд танхайрсан этгээдэд шүүх хатуу шийтгэл оноохоор төлөвлөснийг Баасан гарагт хэвлэлүүд олж мэдээлжээ.

“Найман цаг орчим үргэлжилсэн нислэгийн үеэр холбогдогч этгээд амны хаалт зүүх нисэх багийн ажилтнуудын олон удаагийн шаардлагыг хүлээж авахаас татгалзсан юм” гэж шүүхийн бичиг баримтад өгүүлсэн байна.

29 настай Ирландын иргэн эрэгтэй Шэйн Макинерни бас нислэгийн аюулгүй байдалд хор хохирол учруулах ноцтой үйлдэл гаргасан тул 20 хүртэл жил шоронд хорих ял оноож магадгүй болжээ.

Макинернигийн шүүх хурлын эхний сонсгол өнгөрсөн долоо хоногт болж, дараа нь барьцаагаар суллагдсан юм байна.

Амны хаалт зүүгээгүйгээс гадна тэр хоолны талаар гомдол мэдүүлэхдээ өмдөө шувталж, нисэх багийн ажилтнуудад нүцгэн бөгсөө харуулж танхайрсан тухай шүүхийн баримтад бичжээ.

Мөн ундааны лаазаар нэг зорчигчийн толгойг цохиж, нисгэгчийн толгойд өөрийн малгайг өмсүүлэхийг оролдсон байна. Онгоц газардах үеэр Макинерни суудалдаа суухаас татгалзаж байжээ.

Цар тахлын үеийн хорио цээрийн дүрэм журамтай холбоотойгоор нислэгийн үеэр зорчигчид зохисгүй ааш авир гаргах, нисэх багийн шаардлагыг хүлээж авахгүй байх явдал сүүлийн жил гаруй хугацаанд огцом нэмэгдсэн байна.

Өнгөрсөн онд АНУ-ын агаарын тээврийн салбарт ийм 5,000 гаруй зөрчил гарсныг албаны тоо баримт харуулжээ. Үүнээс 3,600 гаруй нь амны хаалт зүүхийг эсэргүүцсэн зөрчил юм байна.

 

Эх сурвалж: Associated Press