Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинд алдаршсан Зэн Буддизмын санваартан 95 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Бясалгалын урлагийг өрнө дахинд түгээн дэлгэрүүлсэн гэгддэг Зэн Буддизмын санваартан 95 насандаа таалал төгссөн тухай Бямба гарагт шавь нар нь мэдээлжээ.

1926 онд Вьетнамд төрсөн Тик Нат Хан 16 насандаа сахил хүртсэн цагаас хойш бүх амьдралаа даян дэлхийн энх тайвны төлөө үйлсэд зориулсан юм.

Ингэхдээ тэр бясалгалын тусламжтай дотоод амар амгаланд хүрэх арга замыг түгээн дэлгэрүүлж байжээ. Бясалгалыг тэр өрнө дахины сэтгэл судлалтай хослуулсан нь амжилтад хүрч, олон сая хүнийг дагуулах болсон байна.

1961 онд АНУ-д суралцаж, Принстон, Колумбын их сургуулиудад хичээл зааж байсан ламтныг дайны эсрэг үзлийнх нь улмаас Умард, Өмнөд Вьетнамын засаг захиргаа 1966 онд эх орондоо буцаж ирэхийг нь хориглож байв.

Сүүлд 2005 онд Тик Нат Хан коммунист Вьетнамд анх удаа хөл тавьж байжээ.

Гадаадад цагаачилсан ихэнх хугацаагаа тэр Францын өмнөд хэсэгт өөрийн байгуулсан бясалгалын сүмд өнгөрөөсөн юм.

1966 онд тэр АНУ-ын иргэний эрхийн хөдөлгөөний тэмцэгч Мартин Лютер Кингтэй уулзаж байжээ. Тик Нат Хан тухайн үед нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч Кингийг “гэгээрсэн хүн” буюу Бодьсадва хэмээн өргөмжилж байсан юм.

 

Өмнөд, Умард Вьетнамыг эвлэрүүлэхийн төлөө Тик Нат Ханы хийж буй тэмцэл Кингийг бишрүүлж, жилийн дараа Нобелийн энх тайвны шагналд нэрийг нь дэвшүүлж байжээ.

Тик Нат Ханы нэр хүнд нэг үе Төвдийн шашны тэргүүн Далай Ламтай эн зэрэгцдэг байв.

Вьетнам ламтан жанч халсныг сонссон Далай Лам өчигдөр твиттер хуудсандаа “Эрхэм хүндэт Тик Нат Хан бол жинхэнэ утга учиртай амьдарсан хүн юм. Түүний дурсгалыг хүндэтгэх хамгийн сайн арга бол даян дэлхийд энх тайвныг тогтоохын төлөө тэмцлийг нь үргэлжлүүлэх явдал гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж бичжээ.

2014 онд цус харвасныхаа дараа ярих чадваргүй болсон Тик Нат Хан 2018 онд Францаас Вьетнамд ирж, 80 жилийн өмнө сахил хүртэж байсан хийдэд амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсөн юм.

 

Эх сурвалж: Associated Press